Канадад гарсан ой хээрийн 1000 гаруй түймрийн улмаас замууд түгжирчээ

Twitter Print
2023 оны 08-р сар 20-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Ой хээрийн түймрээс дүрвэж буй Канадын хойд зүгийн томоохон хотуудын нэг Еллоунайф хотын мянга мянган оршин суугчид ой хээрийн түймрээс дайжин хотоос гарах замыг дүүргэжээ.

Түүнчлэн олон зуун иргэд ой хээрийн түймрийн бүсээс гарахаар нисэх онгоц хүлээж байгаа аж. Орон нутгийн удирдлагууд Баруун Хойд Нутаг Дэвсгэрийн Еллоунайф хотын оршин суугчдад баасан гарагийн үдээс өмнө хотоос гарсан байх шаардлага тавьсан байна.

Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар түймэр Еллоунайф хотоос 16 км зайд асаж байсан байна.

Канадын Баруун Хойд Нутаг Дэвсгэрт ой хээрийн 240 орчим түймэр асаж байгаатай холбоотойгоор тус бүс нутаг өнгөрсөн мягмар гарагт онц байдал зарлажээ. Еллоунайф хотын болон хотын гадна байрлах шатахуун түгээх станцуудад автомашинуудын урт дараалал үүссэн байна. 

Хотын ойролцоо байрлах газаргүй иргэд Еллоунайф хотоос өмнөд зүгт 1100 км зайд байгаа түр байранд байрлах боломжтой аж.

Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд Канадын зэвсэгт хүчний онгоцнуудыг дайчлаад байгаа ба хөрш Альберта мужийн Калгари хот руу 5 нислэг хийгдэх аж.

Түүнчлэн Канадын Тээврийн сайд Канадын Air Canada агаарын тээврийн компани Еллоунайф хотоос хийх нислэгүүддээ хямдруулж байгааг онцолжээ. Баруун Хойд Нутаг Дэвсгэрийн Байгаль орчны сайд Шэйн Томпсон ой хээрийн түймрийн нөхцөл байдал дордож, Еллоунайф хотын оршин суугчдад "бодитой аюул" учрах эрсдэлтэй байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгджээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ой хээрийн түймрийн асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт шуурхай хурал зарлажээ. Баруун Хойд Нутаг Дэвсгэрийн Хэй Ривер хотын дарга Кэндис Жеймсон хотод үлдсэн иргэдийг даруй хотоос гарахыг зөвлөжээ.

Хүчтэй салхины улмаас түймэр хэдхэн цагийн дотор 30 км урагшилж, хотоос 10 км зайд ойртсон байна. Түймрийн улмаас хотоос гарах хурдны зам хаагдахад хүржээ.

Баруун Хойд Нутаг Дэвсгэрт ойролцоогоор 46 мянган хүн оршин суудаг ба Канадын зэвсэгт хүчний хжвьд тус бүс нутагт агаараар хамгийн том нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна.

Лхагва гарагийн байдлаар Канадын нутаг дэвсгэр дээр ой хээрийн 1100 орчим түймэр асаж байна.

Мэргэжилтнүүд ой хээрийн түймэр ихээр гарах болсон нь харьцангуй дулаан мөн хуурай хавар болсонтой холбож байна.

Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж цаг агаар халуун, хуурай болж байгаа, энэ нь цаашлаад түймэр гарах шалтгаан болж байгааг онцолж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.