Ц.Элбэгдорж: Бид гуравхан юмыг Газрын хуулийнхаа өмнө биччих. Монгол Улсын иргэнд л газраа өгнө

Twitter Print
2015 оны 04-р сар 03-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

“Монголын эдийн засгийн чуулган-2015” хоёр дахь өдрөө төрийн ордноо үргэлжилж байна. Чуулганы эхний өдрийн хуралдаанд,  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өдгөө хамгийн ихээр үгүйлэгдэн байгаа итгэлцлийн тухайд хөндсөн. Тэрбээр иргэд нь төрдөө итгэл алдарсан, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг ч аль хэдийнээ алдчихсан тухайд хөндсөн юм. Харин нийтлэлч Баабарын хувьд эдийн засгийн хөгжил дээд цэгтээ тулсан өнгөрсөн он жилүүдэд бид “...хэдэн жил сансарт нисч найрлаж байгаад эргээд хуучин байрандаа эгэн ирж буй эвдэрхий тэвштэй алтан загасны эмгэн шиг” байсныг хатуухан сануулсан.

Тэгвэл хоёр дахь өдрийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг эрхгүй анхаарал татаж буй юм. Түүний хөндөн тавьсан асуудлыг үндсэн таван бүлэгт хуваан үзэж болохоор байгаа юм. Монголын эдийн засагт тойрсон олон чухал асуудал дундаас Ерөнхийлөгч үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл, агаарын тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, газар өмчлөл, газрын харилцаа, төрийн худалдан авалтын тухайд анхаарлаа хандуулах болсныг анхаарууллаа хэмээн ойлгож болохоор байна. Ерөнхийлөгч үгийнхээ оршилд ойлголцол, хамтын ажиллагааг чухалчлав. “Ойлголцоё, хамтарч ажиллая гэдэг үгийг хэлж чадахгүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсон, эв нэгдэл маань хагарч бутарчээ” гэдгийг дурдсан нь энэ удаагийн эдийн засгийн чуулганы “Итгэлцэл” гэсэн уриатай  яв цав нийцэж байлаа. “Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголынхоо төлөө юм хийж бүтээж байгаа баялаг бүтээгчдийг дэмжие, тэднийг өмөөрөхөөс ичихгүй байя” гэсэн Ерөнхийлөгчийн үг энэ удаагийн хэлсэн үгний гол цөм байсан гэж хэлж болно. Баялаг бүтээгчдийг гутаадаг,  тэдний зүрх сэтгэлийг мохоодог хүмүүс бол Монголыг хөгжлийг чөдөрлөж байна гэдгийг ухаарах цаг болсныг ч тэрбээр онцоллоо.

“Сүүлийн 25 жил монголчууд бидний олсон ололт, сүйтгэл, хийрхэл тэмцэл хоёр яг тэнцэж байна” гэсэн үг. Энэ бол 2015 он Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  чиглүүлэх эхлэл цэг болж байгааг тодотгосон үг байлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлүүлсэн сан үйл бүхэн Монголын нэр сүрд эерэг, нэмэх оноо авчрах бол хойш чангаасан бүхэн сөрөг тал руу татна гэдгийг тодорхойлсон хэрэг юм.

IPO хийсэн компаниудаа өөд тат

Монгол Улс хөрөнгийн зах зээлээ идэвхжүүлэх цаг болсон гэдгийг Ерөнхийлөгч эдийн засгийн чуулганы индэр дээрээс Ерөнхий сайдад хаяглан санууллаа. Өнөөдөр Монголын бизнес гэр бүлийн өмч шиг, улс төр нь намуудын өмч шиг, намууд нь фракцуудын өмч шиг, төр нь албан тушаалтнуудын өмч болон хувирсан гаж тогтолцоог задлах ганц гарц нь хувьцаа эзэмшигч бүрт хамаатай хөрөнгийн зах зээл юм. Олон нийтийн өмч хаана байна аа. Олон нийтээсээ хүнийрхэх тусмаа төр, засаг нь тэдэнд хамааралгүй болж хувираад байна гэдгийг Ерөнхийлөгч тодотгож байна. Амжилттай хөгжье гэвэл бизнесээ гэр бүл, ах дүү, найз нөхдийн хүрээнээс тэлж өргөжихөд анхаарахыг бизнес эрхлэгчдэд хаяглан хэллээ. Зөвхөн нэг компанийн хувьд төдийгүй бүх баялаг ийм байх боломжтойг мөн санууллаа. Төр нь ч ялгаагүй IPO хийсэн компаниудаа өөд татахад анхаарлаа хандуулаач дээ гэлээ.

Агаарын тээврийг хөгжүүлэхгүйгээр аялагчид ирэхгүй

Монгол дэлхийгээс хол, зайдуу байгаагийн нэг том шалтгаан агаарын тээврийн үйлчилгээ. Үүнийг л хувьчилж болохгүй хэмээн элгээрээ дарж хэвтсээр манай улс хамгийн өндөр өртөгтэй, хамгийн үнэтэй шатахуунаар нисдэг ганц тээвэрлэгчтэйгээр 20 жилийг үдэж байна. Гэтэл Монголыг үзэхсэн гэсэн хүмүүс дэлхийгээр нэг байна. Саяхан Германд болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох үеэр Монгол руу аялах хүсэлтэй германчуудын тоо саяд хүрснийг сайд нь хэлж байна. Тэдний 150 мянга нь энэ жилдээ ирэх боломжтой гэж байна. Гэтэл манайд хамгийн гол дутагдаж байгаа нь агаарын тээврийн үйлчилгээ. Агаарын тээврийн үйлчилгээгээ төгс шийдээгүйгээс  болоод бид газрын мухарт хаягдаж болохгүйг ч сануулав.

Газраа эргэлтэд оруулъя

Өнөөдөр манай улсад газар шиг том баялаг алга. Газраа эргэлтэд оруулъя. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ бид дэлхийд тэргүүлж байна. Хойшдоо ч энэ байр сууриа алдахгүй байх. Гэтэл бид тэр их баялгаа сонгууль бүрийн өмнө намуудын ярианы сэдэв болгох төдийгөөр цаашид явсаар байх уу. Газраа эргэлтэд оруулж, баялаг бүтээе. Улаанбаатар зарим газрыг дуудлагаар худалдах болсон нь сайн эхлэл. Газрын хуулиндаа гуравхан зүйлийг л оруулчихмаар байгаа юм. Нэгд, зөвхөн Монгол Улсын иргэнд л газар өмчилнө. Хоёрт, газраа авсан иргэн гадныханд газраа худалдсан бол газрыг буцааж авна. Гуравдугаарт, гадаадын иргэд газрын харилцаанд ороход тусдаа хуулиар шийддэг байх.

Энэ асуудлыг л хуульчлаад газрын харилцааг хөгжүүлээд өгөөч ээ. Ингэсэн байхад таны авсан газрын дээр ургасан ногоо, хатгасан гадас хүртэл өөрийн чинь өмч болно. Энэ асуудлыг 2015 ондоо шийдчихээч, 2016 оны эдийн засгийн чуулган дээр энэ асуудлыг яриад зогсож баймааргүй байна. Дахин хэлье, газрын өмчлөлийг зөвхөн Монгол Улсын иргэнд хамаатуулж ярья.

Төрийн худалдан авалт эдийн засгийн хөшүүрэг

Дараагийн нэг Засгийн газрын хийчихээсэй гэсэн асуудал бол худалдан авалт. Үнэхээр бид үйлдвэрлэгчдээ дэмжье гэж байгаа бол Монголд үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжье. Төр, засгийнхан дотоодод үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гадаадаас худалдан авахаа больё. Ингэхдээ ганц жилийн гэрээ хийж нэр хэмээх биш, дарга солигдмогц цуцлагддаг гэрээ хийх биш, гурван жил, цаашлаад таван жилийн худалдан авалтын батлагаатай гэрээ хийгээч гэдэг саналыг үйлдвэрлэгчдийн зүгээс санал болгож байна. Үндэсний аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ дэмжих хамгийн гол гарц нь энэ юм. Би тун удахгүй “Үйлдвэрлэлийг дэмжих зарлиг” гаргана. Энэ жил анх удаа манай улс үйлдвэрлэлийг дэмжих яамтай боллоо. Урьд нь үйлдвэрлэлд чиглэсэн тусдаа яам байгаагүй. Тэгэхээр яам байгуулж байгаа нь гэдэг нэг дэвшил шүү. Гэхдээ энэ хүү яам нь үйлдвэрлэгчдэд чөдөр битгий болоосой. Заримдаа төрийн яам агентлаг байгаа нь байгаагүйгээсээ дорддог тал бий. Битгий тийм байгаасай.

Шинэ бизнесийг дэмжье

Эдийн засгийн хямрал бол эмчилгээгүй өвчин биш. Энэ бол ээлжит сорил учир бид давж чадна. Дэлхийн олон улс орон бидэнтэй адил сорилтттой тулгарч байгаа. Бид сорилтыг давахын тулд сүүдрээ нуулгүй ярьж чадаж байгаа маань давуу тал. Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон шилдэг удирдагчдын хийж хэрэгжүүлсэн ажилд ижил төстэй зүйлс байдаг. Тэдний хамгийн түрүүн хийсэн зүйл бол шинэ бизнесийг дэмждэг. Байгаа хуучин том бизнесээ нөхцөл тавиад хөгжүүлдэг. Тэгэхээр эхэлж үүсч байгаа бизнесийг дэмжье. Шинэ технологийн ачаар боломж болоод баялаг хязгааргүй болсон. Япончууд  л гэхэд устөрөгчөөр явдаг автомашин нэвтрүүлж байна. Заавал газрын тосоор л машин хөдлөхөө больчихоод байна шүү дээ. Ийм байтал бид л нүүрстэй, бид л баялагтай гэж харамлаад суух уу гэдгийг бодох цаг болжээ.

Тэрбумтан болохын тулд тэрбум хүнтэй ч уулзах шаардлагагүй болж байна. Ганцхан минутын дотор тэрбум хүнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ танилцуулж амжиж байна. Энэ бүх боломжийг л дотооддоо бүрэлдүүлье.

Ерөнхийлөгч ийн өгүүлж байна. Түүний хэлсэн олон олон санаанаас гол гэж үзсэн таван санааг тоймлон хүргэхэд ийм байна. Улсын тэргүүний үгийг бүхэлд нь дүгнэвээс баялаг бүтээгчдээ дэмжих, тэднийг ажиллах боломжоор хангахыг л чухалчилж байлаа. Улсынхаа эдийн засгийг,  хүн амын тодорхой хэсгийн амьдралыг нуруундаа үүрч яваа баялаг бүтээгчдэд толгой бөхийн хүндэтгэхийг Ерөнхийлөгч урьд нь  хэлж  байсан. Энэ удаа ч дахин санууллаа.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.