Ичинноров: Бидний охидууд ийм тамлал амсахгүйн төлөө тэмцэнэ

Twitter Print
2013 оны 12-р сар 16-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Найз залуугийнхаа гарт амь насаа алдсан 20 настай хохирогчийн хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров өмгөөлөл үзүүлэх болсон тухайгаа мэдэгдээд буй. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 -Хохирогчийн ар гэрийнхэнтэй та холбогдож амжсан уу?

-Талийгаач охины ээж уйлаад ярихад хэцүү байна лээ. Хохирогчийн хувьд Баянхонгор аймгийн харьяат. 20 настай. Гадаадын хөрөнгө оруулалтай компанид  ажиллаж байсан юм билээ. Япон хэлтэй. Өндөр боловсролтой. Даруу төлөв охин байсан гэдгийг ойр дотны хүмүүс нь хэлж байна лээ. Хохирогч эмэгтэйн ээжийнх нь төрсөн эгч хотод амьдардаг. Талийгаач эмэгтэй найз залуу болох Н.Алтанхүүдээ хэд хэдэн удаа зодуулж зугтаж ирж байсан гэдгийг гэрчилж байгаа. Зодуулаад зугтаж ирэхдээ хавирга нь хугарсан, хэвлийн тус газраа хүнд бэртэл авсан  нь эмнэлгийн үзлэгээр нотлогдсон.

-Сэжигтнээр татагдаад байгаа Н.Алтанхүүгийн хавтаст хэрэгтэй нь танилцав уу?

-Танилцаж амжаагүй байна. Анх хэрэг үүсгэхэд нь туршлагатай ахмад цолтой мөрдөн байцаагч шалгаж байсныг солиод залуухан байцаагч энэ хэрэгт ажиллаж эхэлсэн юм билээ. Тэр байцаагч нь ар гэрийнхэнтэй нь гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг ааш аяг гаргасан гэж эгч нь гомдол гаргаад байгаа. Саяхнаас сэтгүүлчид энэ хэргийн талаар бичиж эхэлснээс хойш эргээд нөгөө ахмад хэргийг нь шалгах болсон юм байна.

-Яагаад энэ хэргийг сонгож өмгөөлөх болов. Ямар шалтгаан нөхцөл нөлөөлөв?

-Олон нийтийн сүлжээгээр хүмүүс надад хандан энэ хэрэгт анхаарлаа хандуулаач гэж хүссэн. Энэ бол нэг хүний асуудал. Гэхдээ нийгмийн, соёлын гээд цогц асуудлыг үүгээр дамжуулан хөндөх учиртай. Миний энэ хэргийг кейс болгож авсан үндэслэл нь үүгээр дамжуулан Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг шинэчлэх, хэрэгжүүлдэг механизмтай болгох, Гэр бүлийн хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг бий болгоход нөлөөлөхийг оролдоно. Түүнчлэн хүчирхийллийг үл тэвчих, хүчирхийлэлгүй зан суртахуунтай нийгэм, соёл, боловсролын тогтолцоог бий болгоход нөлөөлөхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл, энэ хэргээр дамжуулан нийгэмд эерэг нөлөөллийг бий болгохыг зорьж байгаа юм. Цаашид олон арван Б.Цэдэн-Ишийг хүчирхийллээс хамгаалахад стратегийн өмгөөлөл гол зорилго оршино. Бидний охидууд ийм тамлал амсахгүйн төлөө тэмцэнэ.

-Стратегийн  өмгөөлөл үзүүлэхэд гол нөлөө үзүүлэгчид нь хэн байх бол?

-Стратегийн өмгөөлөл нь хаалттай шүүхийн хаалганы цаана явагддаггүй олон нийт, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байдгаараа онцлог. Шулуухан хэлэхэд, стратегийн өмгөөллийн гол оролцогчид нь хуульчдаас гадна сэтгүүлчид юм. Иргэд, сэтгүүлчид, хуульчдын хамтын оролцоотой багийн ажил гэсэн үг. Зөвхөн манайд ч биш олон орон тэр тусмаа Зүүн Европын хуучин социалист орнуудад нийгмийн шинэчлэлийн энэ аргыг хүний эрх, байгаль орчин, үндэсний цөөнхийн гээд олон зүйлд амжилттай хэрэгжүүлж байна.

-Таныг стратегийн өмгөөлөлийг Монгол Улсад анх нэвтрүүлсэн гэдэг. Үүгээрээ дэлхийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйн нэгээр хүртэл нэрлэгдсэн нь бий. Стратегийн өмгөөлөл гэж юу вэ?

-Стратегийн өмгөөлөл ба нөлөөллийн үйл ажиллагаа нь өөрөө нэг буюу хэсэг бүлэг хүнд тохиолдсон үйл явдлаар дамжуулан өмнөө зорилго тавин ажилладаг бүлэг хуульч юм. Энэ нь нийгэм төдийгүй хууль эрх зүйн орчин, хүний сэтгэлгээг өөрчлөх зорилго агуулдаг. Стратегийн өмгөөлөл хэд, хэдэн онцлогтой. Нэг буюу хэсэг хүний эрх ашгийг хөндөж буй боловч цаанаа нийтийн эрх ашиг, нийгмийн эрх ашгийг хөндөж байдгаараа онцлогтой бөгөөд олон нийт болон хэвлэл мэдээллийн оролцоо, дэмжлэг, нөлөөллөөр амжилтад хүрдэг. Зөвхөн тухайн хүнийхээ эрх ашгийг хамгаалаад зогсохгүй нийгмийн шинэчлэлд үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог. Нөгөө талаас хууль тогтоомж, шүүх засаглалын шинэчлэлд эерэг нөлөө авчирдаг. Тухайн асуудлаар хууль шүүхийн шийдвэрлэх жишиг боддог. Шинэ хуулийн заалт эсвэл шинээр хууль тогтоомж хүртэл батлуулахад нөлөөлж чаддаг.Стратегийн өмгөөлөл бол заавал амжилтад хүрдэг. Хэдийг шүүхээс хохирогчтой холбоотой асуудалд эерэг үр дүн авчрахгүй тохиолдол гарсан ч нийгэмд маш олон эерэг зүйлийг бий болгодог онцлогтой.


-Манайд хэсэг бүлгээр стратегийн өмгөөлөл үзүүлэх нь ховор. Хэрхэн дэлгэрүүлэх ёстой юм бол?

-Миний хувьд анхдагч болж гарч ирсэн нь үнэн байх. Гэхдээ үүнийг байгаль орчны чиглэлд орон нутагт удаа дараа хэрэгжүүлсэн туршлага манайд байдаг юм билээ.


-Арван мянган төгрөг хулгайлсныхаа төлөө 10 жилийн ял явсан н.Ариунцэцэгийн хэрэгт та өмгөөлөл үзүүлж байсан. Стратегийн өмгөөллийн хэргүүдийн талаар яриач?

-Бидний хамгийн анхны стратегийн өмгөөлөл гэвэл 2002 онд цаазын ялаар шийтгүүлээд байсан Завханы н.Эрдэнэ-Очирын гэх хэрэг юм. Дөрвөн удаа цаазын ял сонсож байсан н.Эрдэнэ-Очирын хэрэгт нотлох баримтгүйгээр хүнд гэмт хэрэгт цаазын ял ногдуулсан байсан. Энэ хэргээр дамжуулан хууль шүүхийн байгууллагын яллах сэтгэлгээг өөрчлөх, мэтгэлцэх зарчимд үндэслэсэн, баталгаатай нотлохбаримтын хүрээнд хэргийг шийддэг байх жишиг тогтоох зорилго тавьсан. Мөн өнөөдөр цаазаар авах ялыг халахад энэ хэргийг манайхан жишиг болгон ашигладаг. 2003 онд Тев аймгийн цагдаа, прокуроруудын буруугаас болж хорих төвд нас барсан Ганбат гэх залуугийн хэрэг байна. Түүний амь насны төлбөрт анх удаагаа иргэний нэхэмжлэл үүсгэсэн бөгөөд энэ хэрэг нь урьдчилан хорих төв, шоронгийн шийнэчлэлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж боддог. 
Мөн арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн н. Ариунцэцэгийн хэргээр дамжуулан нийгмийн шударга ёсны үнэлэмжийг ил тод болгож чадсан гэж үздэг. Үүний дараа 2008 оны Эрүүгийн хуулийн ялын бодлогод өөрчлөлт орсон шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн ярьж буй асуудлын цаана ямар том зорилго агуулагдаж байгааг олон нийт, төр, засагт ойлгуулахад хэвлэл мэдээллийн үүрэг өндөр байна.

Б.Урин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.16) 2013-12-13 09:11
      • 0
      • 0

      Minii setgeld tod uldsen ni Darhany miss busgui nohortoo zoduulj nas barsan yavdal daa. Ene hunii nas barsan gol shaltgaany neg ni setguulch Handsurengiin bichsen niitleld Darhany miss ohinyg biee unelegch , DOX tussan gej bichsenees shaltgaalan nohor ni zodoj alsan yum. Harin Handsuren shorond suusan sanagdaj baina. Nohor ni gem zemgui yavj baisnyg Ichinnorov hergiig sergeej, zohih yalyg ni edluulj chadsan yum dag. Ichinnorov mundag shuu. Zorisondoo zaaval hureerei. Mongol ohiduud, emegteichuudiinhee toloo zorig gargaj baigaad uneheer talarhaj baina. Amjilt!

      Хариулах