З.Зидан: Би Францын шигшээ багийг удирдахад бэлэн болсон

Twitter Print
2015 оны 04-р сар 01-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

1996-2006 оны хооронд дэлхийн бүх шагналыг авсан Францын хөлбөмбөгчин З.Зидан өдгөө “Реал Мадрид”-ын залуучуудын багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Харин З.Зидан улсынхаа шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Энэ тухай өөрөө хэлэхдээ “Миний гол зорилго Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болох. Дасгалжуулагчийн ур чадвараа батлан харуулах цаг хугацаа надад хангалттай байна. Тийм болохоор хэзээ нэгэн цагт “Гурван өнгөтнүүд”-ийн дасгалжуулагч болно” гэсэн юм.

З.Зидан 1972 оны зургаадугаар сарын 23-нд Францын Марель хотод төржээ. Эцэг, эх нь Бербер үндэстэн бөгөөд Алжирийн Агуемоно тосгонд амьдарч байгаад Франц улсад цагаачлан ирсэн байна. Мэргэжлийн хөлбөмбөгчний карьер дахь анхны гоолоо 1991 онд хийж, “Канн” клубын ерөнхийлөгч автомашин бэлэглэж байлаа. Тэр цагаас хойш мэргэжлийн лигт 500 гаруй тоглолт хийж, дэлхийн бүх шагналыг авсан юм. Тухайлбал Испанийн “Реал Мадрид”-ын хамтаар 2002 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2003 онд “Ла лиг”-ийн аварга, 2001, 2003 онд Испанийн “Супер цом”-ын аварга, 2002 онд “УЕФА”-гийн супер цомын эзэн болсон. Мөн Италийн “Ювентус” клубт байхдаа 1997, 1998 онд “Сери А”-гийн аварга, 1997, 1998 онд “Аваргуудын лиг”-ийн дэд аварга, 1996 онд “УЕФА”-гийн “Супер цом”-д түрүүлсэн.

Харин Францын шигшээд 1994 оноос хойш тоглохдоо дэлрийг аваргаас 1998 онд алт, 2006 онд мөнгө, Европын аваргаас 2000 онд алтан медаль хүртсэн. Мөн тоглогчийн хувиар 1998, 2000, 2003 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, 2006 оны дэлхийн аваргын “Шилдэг тоглогч”, 1998, 2006 оны дэлхийн аваргын билэгдлийн шигшээ багт нэрлэгдэж, 2004 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны 100 жилийн ойд зориулан дэлхийн шилдэг 100 хөлбөмбөгчинг шалгаруулахад түүнд багтсан аж.

З.Зидан хөлбөмбөгт өөрийн нэрийг хэзээ ч мартагдашгүйгээр үлдээсэн. Үүний тод илрэл нь 2001 онд Италийн “Ювентус” клубээс Испанийн “Реал Мадрид” багт ирэхдээ 65 сая ам.доллараар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болсон. Энэ рекордыг 2009 он хүртэл найман жил буюу хамгийн удаан эзэмшиж байгаа. Түүний рекордыг Португал хөлбөмбөгчин К.Роналду эвдсэн. К.Роналду Английн “Манчестер Юнайтед”-аас Испанийн “Реал Мадрид” клубт ирэхдээ 80 сая ам.доллараар худалдагдаж байлаа.

З.Зидан 1993 онд Испани гаралтай бүжигчин Вероникатай гэр бүл болж, дөрвөн хүүхдийн аав болсон. Өдгөө түүний том хүү нь "Реал Мадрид"-ын хүүхдийн академид суралцаж байна. Зизу хөлбөмбөгөөс гадна өөр олон салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд "Кристион Диор" фирмийн анхны эрэгтэй нүүр царай, Лего эвлүүлдэг тоглоомд дүрслэгдсэн цөөхөн хөлбөмбөгчдийн нэг болсон түүхтэй.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.