Монгол улсын эзэн Богд Жавзандамба хутагтаас Япон улсын Цог жавхлант Эзэн хаанд илгээсэн захидал

Twitter Print
2022 оны 02-р сар 24-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН ХААН БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТААС ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭРХЭМСЭГ ЭЗЭН ХААНД ИЛГЭЭСЭН ЗАХИДАЛ

1913 оны сүүл 1914 оны эхээр Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орост айлчилсан билээ. Тэр үеэр нилээд хэдэн зорилготой явсаны дотор Монгол улсын хаан эзэн Богд Жавзандамбаас Англи, Франц, Япон зэрэг таван улсын Эзэн хаанд өргөн барьсан захидлыг уламжлах үүрэг орсон байна. Тухайн үед Ерөнхий сайд Намнансүрэнгээс эдгээр үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ихэд чармайн зүтгэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин Намнансүрэнгийн уламжилсан Монгол улсын хаан эзэн Богдоос тухайлбал Японы эзэн хаанд өргөн барьсан захидлын мөрөөр жаахан мөшгиж үзэх аваас нилээд сонин түүх олдох авай. 1913 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн Токио ничиничи шимбун сонинд хэвлэгдсэн Танака хэмээх хүний бичсэн нэгэн өгүүлэлд Японы хамгаалалд орохын тулд Монголын эзэн хаан Богдоос Японы элчинд бичиг илгээсэн болон Гадаад Монгол, Өвөр Монголын байдалын талаар тодорхой өгүүлж, Монголд Японы талыг баримтлах болсон талаар бичсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН ХААН ХИЧЭЭНГҮЙЛЭН

ИХ ЖИБИН УЛСЫН ЭЗЭН ХААН ТАНЫ АМГАЛАНГ ЭРМҮЙ.

Мөнөөхөн уржнан өвөл Монголчууд бид нийт бүхнээр эртнээс тогтносоор ирсэн өөрийн газар орон ба шажин суртаал ёс журмыг алдагдах үгүйгээр сахих учир Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөө эзэрхэх улс төр байгуулсан тухай дор мөхөс улсын Засгийн хэрэг шийтгэх газраас (миний Засгийн газар гэж буй – Япон орчуулгад) гэрээ байгуулан, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгахыг эрж, эрхэм улсын Засгийн хэрэг шийтгэх газар мэдэгдэн явуулсан нь, зөвшөөрөн хүлээсэн хариу бичгийг хараахан хүлээн аваагүй бас ноднин өвөл цаг тусгайлан (япон эхэд миний – О.Б) Дотоод яамны эрхэлсэн сайд чин ван лам Цэ (Да лам Цэрэнчимэдийг хэлж буй –О.Б) нарыг томилон улсыг бичгийг хичээн өргөж, хичээнгүйлэн их хаан таны амагаланг эрхээр илгээсэн боловч зам үл нэвтрэх учир зуураас эгж иржээ.

(Эдүгээ бас Бүгд ерөнхийлэн захирах сайд номун эзэн Сайн ноён хан На нарыг томилон- эдгээр үгс япон орчуулга болон орос орчуулгад байхгүй байна - О.Б) улсын бичгийг хичээн өргөж хичээнгүйлэн их хаан таны амгаланг эрж, хоёр улсын үүрд сайнаар найрамдаллан ард хүмүнээр урт даган энх түвшнээр жаргахыг хариу илтгэхийг хүсэж илгээвэй.

Олдвоос хүргэсэн цагт зөвшөөрөн хүлээн авах ажаам уу.

Жич хичээнгүйлэн айлтгах нь

Мөхөс улсын өөртөө тогтнох өөрөө эзэрхэхийг Орос улс зах нийлэн он удсан айлын (энэ хүртэлх үгс Монгол улсын Үндэсний төв архивт буй ажээ. Харин үүнээс хойш архивт бүтэн үлдээгүй хэсгийг япон болон орос орчуулгыг харьцуулан үзэж монгол хэл дээр зохиосон уг эхийг сэргээхийг хичээлээ –О.Б) ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улс манай улсын хооронд гэрээ ба худалдааны гэрээг байгуулсан болохыг Танд хичээнгүйлэн айлтгамуй.

Манай Өвөр Монгол болбоос Хятадтай хил залгаа орших бөгөөд маш их хохирол амссаар буй. Эдүгээ Хятадын цэрэг Өвөр Монголын нутагт түрэмгийлэн орж, (япон орчуулгад - эх оронд буцах замд) сүм хийдийг түймэрдэн устгаж хөгшин нялхас, эр эмийг ялгалгүй алан хядаж эд хөрөнгө малыг тонон дээрэмдэж буй. Учир иймд Монголчуудын ихэнх нь (орос эхэд - хүчинд автан) нүүрэн дээрээ Дундад улсад даган орохыг зөвшөөрөвч далдуур тасралтгүй бидэнд сахин хамгаалахыг хүсч баймой. Үүнд мөхөс манай засгийн газар өшөөт дайсныг сөнөөхийн төлөө олон замаар цэргээ хөдөлгөжээ. Харин хурц зэвсэг хараахан үлэмж үгүй дор зах хязгаарыг бүрэн бүтэн батлан хамгаалж чадаагүй байна.

Мөнөөхөн эрхэм улсын түшмэл Кодама Хүрээнд ирэхэд манай (япон эхэд – миний) засгийн газраас тус түшмэлд Япон, Монгол хоёр улсын хооронд найрсаг харилцааг тогтоон, эрхэм улс бээр Өвөр Монголд төмөр зам тавих эрхээ олж үүгээр Хятадын цэрэг Өвөр Монголын нутагт цөмрөн орох замыг хаах хүслийг дурьдсан билээ. Үүнд тус түшмэлээс бидний хүслийг өөрийн засгийн газарт уламжлахыг амлажээ. Тиймийн тул энд би Эрхэм хаан танд шударга журмын төлөө тусламж олгохоос татгалзахгүй, соёрхвоос Хятадын засгийн газарт хүчлэн ухуулж, Өвөр Монголын нутгийн дотор тэдний цэргийг оруулахыг зогсоож, бидний Ар, Өвөр Монгол овогтон эртнээс бүгдээр нийлэлдэн үндсийг (орос эхэд - үндэс, шашин гэж буй О.Б) бүрэн бүтэн болгох хэмээсэн бидний эрмэлзлэлд туслахыг гуймой.

Уг нь манай мөхөс улсаас урьдаар бүрэн эрхт элчийг томилон илгээх нь зүй боловч замдаа саатан зорьсондоо хүрч чадаагүй бөгөөд шударга журмын үйлийг завсардуулахыг үл хүсэх тул би Эрхэм хаан танд хүсэх нь олдвоос байцаан толилж, таны засгийн газарт зарлиг буулгаж бүрэн эрхт элчийг манай улсад томилон илгээж тус элчээр манай улс байгуулах ажилд туслуулан хоёр улсын хоорондын үүрдийн найрсаг харилцааг бататгах ажаам уу. Буурай улсын эзэн би олон түшмэл, сайд, шар, хар бүгдээр сүслэн биширч үүнийг угтан хоорондын найрамдлыг улам зузаатгахаар чармайн зүтгэвэл зохимой.

Үүний тул би бээр Эрхэм хаан таныг хүндэтгэн миний гуйсан (орос эхэд -хүсэлтийг) (япон эхэд – явдлыг) соёрхолдоо багтаан авч хариу шагнахыг хүсмүй. Үүний тул Монгол улсын хаан Жавзандамба ёслов. Олноо өргөгдсөний гутгаар он Өвлийн эхэн сарын арван еснөө Нийслэл Хүрээнээ бичив” хэмээжээ.

Эх сурвалж: О.Батсайхан Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог номоос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.