
Бид олон жил сургуульд суралцаж тѳгссѳн дипломыг боловсрол гэж тооцож үнэлсээр ирсэн. Диплом нь тухайн сургуульд юу үзэж судалсаныг гэрчлэх баримт бичиг болохоос уг хүний мѳн чанарын илэрхийлэл биш.
*Дэлхийн түвшиний сайн сургуулиудыг суралцаж тѳгссѳн залуус олон бий. Зарим нь эрдэм мэдлэгээ батжуулж улс орондоо болон хүмүүстэй хуваалцдаг. Харин зарим нь бусадтай мэдлэгээ хуваалцаж туслахыг тэгтлээ хүсдэггүй. “Би зѳндѳѳ их мѳнгѳ цаг хугацаа болон хѳдѳлмѳрѳѳ зарцуулж байж ѳѳрийгѳѳ хѳгжүүлсэн. Тэгээд би яагаад бусдад туслах ёстой гэж? Тэр хүмүүс над шиг л хичээж зүтгэх ёстой шүү дээ” гэж хэлэхийг би сонсож байсан. Эргэцүүлээд бодохоор буруутгах эсвэл зѳвтгѳх аргагүй.
*Нэг их мундаг сургуульд суралцаж тѳгсѳѳгүй хэдий ч амьдралаа сайн авч явж, боломж олдох бүрдээ бусдад туслахыг хичээдэг олон залуусыг мэднэ. Тэд бол “Энэ дэлхийд бид хамтдаа аж тѳрж байгаа нь завшаан, амьдралд нэг их шунах хэрэггүй дээ, байгаадаа сэтгэл хангалуун байхад болно доо, амьдрал богинохон шүү дээ” хэмээн ойлгож ярьдаг хүмүүс. Тэд андашгүй дээ, дандаа инээмсэглэж царай нь гэрэлтэн юухнаар ч болов бусдад дэм болохыг хичээнэ. Бодсон нь бүтэхгүй байсан ч гутрахгүй, болно доо болно гээд л…
*Зѳндѳѳ сайхан залуустай сайн дурын ажил хамтдаа хийж явахдаа би нэг зүйлийг анзаарсан юм. Амьдралд нь тохиолдсон хүнд бэрх бүхнийг тэвчээр гарган тэсч давж амжилтад хүрсэн хүмүүс бусдад тус болох хүсэлтэй болдог юм билээ. Ѳвдѳж зовж, доромжлуулан гутарч, хамаг бүхнээ алдсан хэрнээ тэсвэрлэн боссон туршлагаа бусад хүмүүст бүү тохиолдоосой гэж бодсондоо бусадтай хуваалцаж, бас ѳѳрийн боломжоороо туслахыг хичээнэ.
*Гаднаасаа гоё, соёлтой тѳрхтэй залуус татсан тамхины ишээ газарт хаяж, араас нь шүлсээ нулимахыг зѳндѳѳ харсан. Хайрламаар дурламаар сайхан бүсгүй тамхины утаа баагиулангаа элдэв хараал зүхэл урсгахыг сонсоод шууд л ой гутна. Дарга нарыг дагаж далдаганан худлаа тас тас хѳхрѳн, дал мѳр алгадан элдэв заль мэх ярин, алив нэгэн асуудлыг мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг чалчин бусдад ѳѳрийгѳѳ гайхуулан явах цѳѳн биш залуусыг харж л байна.
*Ямар нэгэн баяр ёслолоор тогос шиг гоёж гараад азарган тахиа шиг сэгсийж ирдэг, далд нуусан мѳн чанараа архинд согтуурахаараа эрээ цээргүй гаргадаг, ѳѳрийгѳѳ дѳвийлгэхийн тулд бусдыг муучлан дооглодог зѳндѳѳ хүмүүстэй таарч л байна. Хичнээн олон диплом хүний мѳн чанарыг халхалж чаддаггүй аж. Бусдад гоё харагдах амархан хэдий ч бусдын ѳмнѳ үргэлж сайхнаараа байх гэдэг амаргүй аж. Танхимд сурсан мэдлэг амьдрал дээр баталгаажина. Тэгэхээр амьдрал ѳѳрѳѳ том сургууль аж.
ХҮҮХДЭЭ БАГААС НЬ ЗѲВ ТѲЛѲВШҮҮЛ
Социализмын үед бид хүүхдүүдээ гаргуунд нь хаяж улсын ажлыг тэргүүнд бодож ажилладаг байсан цаг ард хоцорчээ. Одоо эргээд харахад харамсмаар ч, аз болж хүүхдүүд минь сайн хүмүүс болон тѳлѳвшижээ.
Хүүхдээ элгэндээ тэврэн байнга үнсэн энхрийлж, ѳхѳѳрдѳн ярилцдаг байхад тэр л энгэр цээжээр хайр урсан үрд тань мэдрэгддэг аж. Боломж олдох бүрд гадуур дагуулан явж “Яагаад?” гэх элдэв асуултуудад нь тѳвѳгшѳѳлгүй хариулж, хамтдаа хѳгжилдѳн тоглож, яг л найз нь юм шиг бяцхан зовлон жаргалыг нь хуваалцаж байх нь ямар их хэрэгтэй гээч. Гэрт тань ном тоглоом дүүрэн байж хүүхэд тань амтархан ном уншиж, тоглох тоглоомондоо мѳрѳѳдлѳѳ шингээн баясч байхдаа ѳѳрийнхѳѳ ирээдүйг бүтээж байдаг юм билээ. Том болоод зѳрүүдэлж гомдоход нь аль болохоор аргадан ойлголцож, учирлан ухааруулж байх хэрэгтэй юм билээ. Хүүхдээ яг ѳѳрийн хязгаараар бус улам ѳргѳн дэлгэр хѳгжихѳд нь туслах гэж ѳѳрѳѳ ч хамтдаа хѳгжих хэрэгтэй болдог. Ѳѳр шигээ болгох гэж үр хүүхдээ дарамтлах бус ѳѳрѳѳсѳѳ илүү хүн болгох гэж тэднийг анхаарч сонсох бас ойлгох хэрэгтэй болдог. Цаг хугацааны эрхээр бид тэднээс хоцрогдож буйгаа тэдний хѳгжлѳѳс харж хүлээн зѳвшѳѳрѳх шаардлагатай болдог.
Хүүхдээ бага байхад нь дараах хэдэн чанарыг заавал тѳлѳвшүүлбэл хэн хэндээ амар байх болно.
1. Ямар ч хүнтэй зѳв сайхан мэндэлж сурга
2. Ам шүдээ сайтар угааж элдэв үнэргүй байлгаж сурга
3. Тоглосон тоглоом, уншсан номоо заавал хурааж байранд нь тавьж сурга
4. Элдэв хараалын үг хэрэглэлгүйгээр зѳв цэгцтэй ярьж сурга
5. Нус шүлсээ хэзээ ч газарт хаяхгүй байж сурга
6. Бусдын яриаг анхааралтай сонсож сурга
7. Эхэлсэн ажлаа дуустал хийж сурга
8. Бусад хэнийг ч болов хүндэлж хайрлаж сурга
9. Аль болохоор бусдад туслах сэтгэлтэй болж сурга
Яг үнэндээ бид ѳѳрсдѳѳ анзаардаггүй болохоор бидний бүх оролдлогууд энэ бүхэнд багтдаг л даа. Харин бид залхүү анзааргагүй байх аваас энэ бүхэн тѳдий л үр дүнд хүрэхгүй болов уу? Бас сургуульд юу сурч, биеэ яаж авч байгаа, ѳѳрийгѳѳ хэрхэн илэрхийлж чадаж байгаад анхаарлаа хандуулж багш нартай хамтран ажиллавал бүр сайн.
БОЛОВСРОЛ БОЛ…
Ямар ч сургуульд яаж ч суралцаж тѳгссѳн эцсийн үр дүн нь амьдрал дээр хэрэгждэг юм шүү дээ. Онц сурахдаа гол нь биш ѳѳрийгѳѳ хѳгжүүлж, ѳѳрийгѳѳ хэрхэн тѳлѳвшүүлж чадсанаар боловсролыг хэмждэг. Амьдрал дээр ѳѳрийгѳѳ олж, ѳѳрийн орон зайгаа бий болгож, бусдыг сэтгэлгээ болон амьдралаа ѳѳрчлѳхѳд нь туслах боломжийг олоход нь бид тэдэнд туслах хэрэгтэй байнаа. Тэгж л байж бид хамтдаа хѳгжинѳ. Яг үнэндээ чиний эргэн тойронд ямар хүмүүс байхаас амар амгалан, эсвэл бухимдалтай байх тань шалтгаалдаг. Тэр бас таны сонголт, бас таны үүрэг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.