"Marco Polo"-ийн хүндэт зочид ам сайтай байна

2015 оны 03-р сар 27-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт Broadway дэх “АМC Loews” театрт болсон юм. Нээлтээ хийсэн цагаас хойш дэлхийн сая, сая үзэгчдийг байлдан дагуулаад буй тус киноны Монгол дахь албан ёсны нээлт өчигдөр орой “Хүннү” кино театрт болж өнгөрлөө. 

Киноны нээлтэд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки нар хүрэлцэн ирсэн байна. Мөн киноны улаан хивсний ёслолд Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй эрхмүүд уригдан оролцож, улаан хивсэн дээгүүр алхсан юм.  

Киноны зохиогчийн болон өргөн нэвтрүүлгээр цацах эрхийг нь эзэмшдэг “Netflix” компани нь тус киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д эрхийг олгож, жүжигчин Б.Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Дашрамд дурдахад, Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн Netflix компанийн бүтээсэн 10 ангит кино нийтдээ 90 сая ам.долларын өртөгтэй боссон ч төлөвлөж байснаас хамаагүй том амжилт олсон тул цувралын дараагийн бүлгүүдийг бүтээхээр шийдээд байгаа билээ. Энэ цувралд 60 гаруй монголчууд туслах болон олны хэсэгт тоглох болсон бөгөөд үүний дотор Хубилай хааны ээж Сорхагтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж зэрэг түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос сонгон шалгаруулах ажээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.