Авлигын хэргээр шалгагдаж байгаа шүүгчдээс хоёр нь гадаад руу “зугтжээ”

Twitter Print
2019 оны 11-р сар 19-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 1,3 сая доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгийг АТГ-ынхан хурааж авсан. Уг мөнгө нь Монголын шүүх, цагдаа тэргүүтэй хууль хяналтын байгууллагынханыг авлигадахаар Салхитын ордыг булаалдсан Хятадуудын мөнгө байсан гэдэг. Авлигын зориулалттай энэ мөнгө анхных нь байгаагүй. Түүний өмнө ч яг ийм хэмжээний мөнгийг Салхитыг булаалдсан Хятадууд Монголд оруулж ирсэн. Тэд мөнгөө Салхитын ордын маргааныг шүүхээр шийдэгдэх явцад нэр бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынханд өгсөн байдаг.

Иймээс Монгол улсын Ерөнхиийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019.06.26-ны өдөр түдгэлзүүлсэн. АТГ-аас мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий 6 шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Энэ 6 шүүгч бол:

1.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

2.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож

3.Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр

5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Эдгээр шүүгчдэд авлигын мөнгийг зуучилсан хүн нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр урьдчилан хорих төвд хоригдох үеэрээ амиа егүүтгэсэн билээ. Салхитын мөнгөний ордоос гадна өөр хэрэг шийдвэрлэхдээ авлигал авсан хэргээр талийгаач Л. Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар шалгагдаж байна. Эдгээр 8 шүүгчээс өнөөдрийн байдлаар хоёр нь гадаад руу "зугтаад" байна. 

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарахтай өрсөөд /уг өдрийн орой/ шүүгч С. Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарч өнөөдөр АНУ-д амьдарч байна. Түүнийг Монголд албадан авчрах хугацаа дор хаяж нэг жил үргэлжилнэ. Уг нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэнд ч хилийн хорио тогтоох ёстой ч мөрдөн байцаах газарт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шийдвэр очихоос өмнө тэрээр хилээр гарчээ.

Түүнээс гадна Салхитын мөнгөний ордын хэрэгт авлигал авсан хэргээр шалгагдаж байгаа 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон ч өнөөдрийг хүртэл ирсэнгүй. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үзвэл гэмт хэргийн улмаас шалгагдаж буй жирийн иргэн Солонгост эмчлүүлэх боллоо гэхэд дүүргийн шүүхээр ийм шийдвэр гаргуулж чадахгүй нь ойлгомжтой.

Эндээс авлигачин шүүгчдээ адилхан авлигачин шүүгчид нь өмгөөлөөд гарах дүр зураг харагдаж байна. Ц.Амарсайханыг БНСУ-д явуулснаас болж авлига авсан нь тогтоогдчихоод байгаа 6 шүүгчийн асуудал прокурор дээр гацжээ. Одоо Ц.Амарсайханы хэргийг тусад нь салгаж,үлдсэн 5 шүүгчийн хэргийг шийдэх үү эсвэл түүнийг БНСУ-аас ирэхийг хүлээх үү гэдэг нь тодорхойгүй байна. Шүүгчдийн авлигалын хэрэг илэрснээс мафи болтлоо цус ойртсон шүүгчид хөл толгойгоо олохгүй бужигнаж эхэлжээ.

Хамгийн аймшигтай нь авлигын хэргийг нь мөрдөн шалгаж тогтоож, прокурор яллах дүгнэлтээ гаргалаа гэхэд тэдний хань хамсаатан шүүгчид нь энэ хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж алх цохино. Шүүгч хээл хахуульд холбогдсон тохиолдолд 2-5 жилийн хорих ялтай. Үүнээс цааш шүүхэд “авлига үгүй” гэж хэлэхийн тулд шүүгчдийн авлигын хэргийг ил тод нээлттэйгээр шүүхийг шаардаж байна. Авлигал авахаасаа ичээгүй тэдэнд одоо ард түмнээсээ ичих нүүр байхгүй ээ. Авлигын хэргээр шалгагдаж байх явцдаа гадаад улсыг зорьсон хоёр шүүгчийг танилцуулж байна.

Баасанжавын Отгон-н зураг.

Баасанжавын Отгон-н зураг.

 

Авлигач шүүгчид өөрсдийгөө хамгаалж эхэлсэн учраас ард түмний өмнө шүүхийг шаардацгаая. Шүүгч ийм байхад шударга ёс яриад ч хэрэггүй.

Сэтгүүлч Б.Отгон 

2019.11.19

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.