Богд уулнаас баавгайн мөр илэрчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 21-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас тодруулахад “Өчигдөр Хандгайт орчимд шинэхэн цасан дээр баавгайн мөр олдсон. Хоёр өдрийн өмнө Улиастайн Шарын аманд мөр илэрсэн. Богд уул орчимд Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн баавгайн мөр, баас илрүүлсэн талаар мэдээлэл бий. Үүнийг Богд уулын хамгаалалтын захиргаа хариуцан мэдээллийг хүлээн авсан” гэсэн юм. Өнгөрсөн жил баавгай суурьшлын бүс уруу орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар гурван удаагийн мөр олдоод байгаа юм байна. Нийслэлийн Засаг дарга энэ сарын 16-ны өдөр А/1059 тоот захирамж гарган зэрлэг амьтан ялангуяа баавгайтай холбоотой асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх зэрлэг амьтадтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийслэлийн шуурхай багийг байгуулсан байна.

Ингэхдээ унтуулгын буу, амьд баригч зэргийг авах зардлыг шийдвэрлэж өгсөн бөгөөд 24 цагийн шуурхай багийг НБОГ орлогч дарга ахлах бөгөөд бүрэлдэхүүнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн анчдын холбоо, Агнуур судлалын нийгэмлэгийн төлөөллийг оролцуулж байгаа юм.

Зэрлэг амьтдын учруулж болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх зөвлөмжтэй танилцаж, зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдолд Шуурхай баг (99995899), Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв (11310005)-д цаг алдалгүй мэдэгдэхийг НБОГ-аас зөвлөж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.