Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 3 - Гээгдэх эгшгийн дүрэм/

Twitter Print
2018 оны 05-р сар 23-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн соёлт нийгэмд аль ч үндэстний утга зохиолын хэл нь хэлзүйн хэм хэмжээ, үгийн сангийн хэм хэмжээ, зөв дуудахуйн хэм хэмжээ, зөв бичихүйн хэм хэмжээ, найруулахуйн хэм хэмжээ гэсэн хэлний дүрэм журмыг даган биелүүлж байдаг. Үүнийг хэлний сахилга бат, хэлний засаг ч гэж ойлгож болно. Хэрэв тийм бус бол бид аман болон бичгийн хэлний хувьд харилцаж чадахгүйд хүрч, улмаар соёл, боловсролын хувьд доройтох аюулд хүрнэ.

Тэгэхээр зөв бичих дүрэм гэдэг нь нийтээрээ даган биелүүлж байдаг замын хөдөлгөөний дүрэм шиг бичгийн хэлний хэрэглээ гэж ойлгож болох юм. Иймд www.mongolcom.mn сайт нийт уншигчиддаа зориулж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг цувралаар хүргэж байна.

Та энэхүү цувралыг алдахгүй хэвлэж авсанаар Монгол хэлний дүрмийн иж бүрэн гарын авлагатай болж, хүссэн үедээ ашиглаж болох юм. Мөн үр хүүхэддээ эх сайхан хэлээрээ зөв бичиж, ярихад нь энэхүү цуврал танд туслах юм. 

Өсөхөөс сурсан үндэсний хэл

Мартаж болшгүй соёл... /Д.Нацагдорж/

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай

Дүрэм №11.

я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)

я-iа
е-iэ, iө
ё-iо
ю-iу, iү
энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.

Дүрэм №12.

Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.

Дүрэм №13.

Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:

Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.

Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.

Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.

Дүрэм №14.

Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.

Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

Балархай эгшиг үгийн эцэст орохдоо

Дүрэм №19.

Эгшигт гийгүүлэгчийн дараа үгийн эцэст ямар ч балархай эгшиг бичиж болно. Жишээлбэл: ямба, толбо, алба, Пагма, хурга, хөрөнгө, мөнгө, анги, тогло, ажигла, муна, ирнэ, урва, харва, цэлмэ гэх мэт.

Заримдаг гийгүүлэгчийн дараа үгийн эцэст и-ээс өөр балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: салхи, банди, гархи гэх мэт.

Энэ дүрмийн 16, 18 дугаар зүйлд дурдсан балархай эгшгийн дүрмийг мартахгүй тогтооход зориулж томъёогоор үзүүлбэл:

7 + э
7 + 9 – э
9 + 9 + э

Эгшигт гийгүүлэгчийг 7-гийн тоогоор, заримдаг гийгүүлэгчийг 9-ийн тоогоор, эгшиг үсгийг э-ээр тэмдэглэв.

Ялгах эгшгийн тухай

Дүрэм №24.

Хэлний үзүүрийн н-ийг хэлний угийн н-ээс, хоолойн г үсгийг хэлний г-ээс ялгахын тул хэлний үзүүрийн н, хоолойн г үсгийн ард бичсэн балархай эгшгийг ялгах эгшиг гэнэ. Жишээлбэл: хана, бага, оно, торго, үнэ, онгоц, өнөр, торни гэх мэт.
 

Тайлбарлах нь:

Өргөлттэй эр, үндсэн эгшиг, мөн урт хос эгшиг ба ы эгшгийн өмнө орсон г бол их төлөв хоолойн г байна. Жишээлбэл: газар, гуйх, гоожих, тогоо, агуу, даргын, агаар гэх мэт.

Балархай эгшгээс бусад эдгээр дурдсан эгшгийг ялгах эгшиг гэж нэрлэхгүй.

Гээгдэх эгшгийн дүрэм

Дүрэм №28.

Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.

Үүнд:

1.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

2.И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.

3.Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.

Гажилт:

1.Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.

2.Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.

3.Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.

Дүрэм №29.

Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.

Дүрэм №30.

Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

www.mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 1- Эгшиг үсгийн тухай/ - http://mongolcom.mn/read/21446

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 2- Эгшиг зохицох ёс, ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм/ - http://mongolcom.mn/read/21448

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 3 - Гээгдэх эгшгийн дүрэм/ - http://mongolcom.mn/read/21541

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 4 - Эгшигт гийгүүлэгчийн тухай/ - http://mongolcom.mn/read/21664

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 5 - Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай/ - http://mongolcom.mn/read/21702

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 6 - Тусгаарлагч ъ, ь-ийн тухай/ - http://mongolcom.mn/read/21735

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 7 - Цэгийг хэрэглэх тухай - (.)/ http://mongolcom.mn/read/21806

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 7 - Хашилтыг хэрэглэх тухай - (< > “ “)/ - http://mongolcom.mn/read/21901

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 8 - Гадаад үгийг бичих тухай/ - http://mongolcom.mn/read/21946

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.