Дунсианы цагаан малгай өмссөн залуучууд тамхи зуугаад явах нь этгээд харагдаж байсан

Twitter Print
2015 оны 03-р сар 28-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа. Тэрээр алдарт Торгоны Зам дагуух хотуудаар ажиллаж байгаа аж. Яг одоогоор Киргизстанаас бидэнтэй холбогдож аян замынхаа сониноос дуулгалаа.

-Та сүүлийн үеийн аян замын сонин сайхнаасаа хуваалцаач?

-Сүүлийн үед Иран, Энэтхэг, Түркмен, Киргиз, Казахстан, Хятад зэрэг улсаар буюу алдарт Торгоны зам дагуу голлон ажиллаж байна. Монголын эзэнт гүрний Ил хант улс, Цагаадайн улс, хожим Темөрийн улс, Их Могулын түүхийн мерөөр дээрх улс орон бүс нутгаар явж архив, музей, номын сангуудад сурвалж судалгааны ажил хийж байгаа.

-Хамгийн сүүлд очсон элэг нэгтнүүдийнхээ талаар яриач. Тэд нэлээд сонин хувь тавилантай хүмүүс шүү дээ?

-Энэ улиралд Дунсианы монголчууддээрээочсон.1227 онд Чингэс хааны сүүлчийн байлдан дагууллын үеэр Гансугийн цөлд Торгоны замын Линшиа өртөөний зүүн хэсгээр тархан суурьшсан монголчуудын хойчис бол эдүгээ БНХАУ-ын 56 үндэстний нэг, үе үеийн Торгоны замын томоохон түшиц нутаг Гансу мужид төвлерөн суурьшсан Дунсианчууд юм. Тэд цөен бүлээрээ Чинхай, Нинсиа, Шинжаан буюу Шинэ хязгаарт аж төрдөг. Эзэнт гүрнээс улбаалсан хэд хэдэн эд өлгийн зүйлсийн талаар сураг чимээ аваад очиж баримтжуулсан юм л даа.

-Ахуй орчин нь ямархуу вэ. Одоогийн болон судалгааны тань эхэн үетэй харьцуулбал ахуй орчин нь хэр их зөрүүтэй бол. Ямар соёлтой улс вэ?

-Дунсианд би анх арваад жилийн өмнө очиж байсан. Түүнээс хойш мөн л олон удаа очлоо. Тэдний тухай “Үндэс язгуураа бүү марттугай!” хэмээн Чингэс хаан айлдсан зарлигаар баримтат ангит кино хийж нийтийн хүртээл болгож байсан. Нэлээд их цаг зориулан судалж байгаа киноны маань нэг. Газар зүйн байрлалын хувьд Шар мөрний сав газарт, Гансугийн цөлд аж төрдөг. Найман зууны тэртээ нүүдлийн соёлтой, мал аж ахуй эрхэлдэг, тэнгэр шүтлэгэй байсан тэд он цагийн эрхэнд суурин соёлтой, газар тариалан эрхэлдэг, Исламын шүтлэгтэй болсон байна. Сумын төвийн газар нутгийг бүхэлд нь дахин төлөвлөж намхан шавар байшингуудын оронд Арабын улсууд шиг цогчин дугана хэлбэртэй барилга байшин барьж, зам талбай барих болжээ. Урьд нь Дундын Дунсианы хөдөө тосгонд бүү хэл сумын төвд нэг ч хан үндэстэн амьдардаггүй байлаа шүү дээ.  Архи тамхи гэдэг зүйл арваад жилийн өмнө огт харагддаггүй, сонсогддоггүй, яригддаггүй байлаа. Харин хамгийн сүүлд очиход шашин шүтлэгээ илэрхийлдэг цагаан малхай буюу малгай өмссөн залуучууд тамхи зуугаад явах нь бас этгээд харагдаж байсан. Дунсианчууд алтай язгуурын дундад эртний Монгол хэлээр ярьдаг.

Миний хувьд тархан суурьшсан монголчуудынхаа хэл бичгээс хамгийн түрүүнд бас хамгийн гайгүй сурсан гэж боддог хэлний нэг бол дунсиан хэл. Харин сүүлд очиход хүүхэд залуучууд нь бас тэр бүр дунсиан хэлээр ярьдаггүй байсан. Уг нь бол наад захын хүнтэй дунсианаар мэндлээд Монголоос ирсэн судлаач гэдгээ хэлээд түүхийн тухай хууч яриа өрнөдөг байсан юм. Одоо бол өндөр настай буурлууд л гэхээс тэр бүр чөлөөтэй ярих боломж ховор болсонд их эмзэглэсэн.

-Таныг 2002 оноос хойш эзэнт гүрний үеийн монголчууд, түүх, соёлын дурсгалуудыг судалж түлхүү ажилласан гэсэн. Хичнээн орноор аялав. Тэр дундаа хамгийн сонирхолтой баримт олдсон газар хаана вэ?

-Ойролцоогоор дэлхийн дөч тавиад улсад очсон. Сүүлийн зургаа долоон жилийн хугацаанд Дундад Ази, Ойрхи Дорнод буюу Монголын эзэнт гүрний баруун хязгаар Ил хант улсын бүс нутгийг онцгойлон зорьж ажиллаж байгаа. Ерөнхийдөе Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс, хот, суурингууд болоод Чингэс хаан түүний залгамжлагчдын очиж байсан бүх газар нутагт очлоо. Залуу насныхаа 15 жилийг зарцуулж байгаа энэ олон жилүүд, энэ л замын уртад уулзсан монголчууд, үзсэн монгол соёлын дурсгалууд, баримтжуулж байгаа гэрэл зураг дүрс бичлэг, судалж байгаа   сурвалжууд   бол бүхэлдээ баялаг өв сан, бахархал шүү дээ. Монгол хаадын байгуулсан шинжлэх ухааны төвүүд, одон орны оргилууруудаас их дурсгалуудыг нэрлэж болно оо.

-Соёлын дурсгал дээр голлон ажиллаж байгаа гэсэн. Гайхалтай дурсгал буюу "шинэхэн" олдвор олдсон уу. Судалгааны ажлаа хэрхэн явуулж байна?

-Сүүлийн гурван жилд гэхэд бид өмнөх арваад жилийнхээ ажлаа хэд нугалах хэмжээний судалгааны материал дээр ажиллаж, илүү урт замыг туулж, олон чухал соёлын дурсгалуудыгзорьжбайна. Энэ хугацаанд Ил хаадын бүтээн байгуулалтаас уран барилга, хот байгуулалт, шинжлэх ухаан, одон орон, чимэглэлийн урлагийн олон дурсгалыг олж очиж баримтжууллаа. Сонирхуулахад, Иран Иракийн хилийн мужид Ираны Курдуудын нутагт Аргун хааны зуны ордны туурь бий. Энэ арав гаруй жилд олон чухал дурсгалыг зорьж, түүхийн олон нандин баримтыг өгүүлсэн буурь туурь дээр очиж байсан ч энэ газар зураг авахад хөл алдам тийм онцгой дурсгал байлаа. Абага хаан бол Чингэс хааны хүү Тулуйн удмын Ил хаан байсан. 1284-1291 онд Монголын эзэнт гүрний баруун хязгаарт Монголын Ил хант улсыг захирч байсан түүхтэй. Энд бүр өмнөх Сассанидийн үеийн дурсгалаас эхлээд ил хаадын үеийн чулуу арав гаруй байгууламжийн туурь бий.

Аргун хааны ордны судалгаа, зураг авалт дээр манай экспедицид ажилласан Ираны археологич Аргун хааныг хаан ширээнд залсан чуулган болсон байгууламжийн туурийг одоо ч гэсэн "Куралдай", "Гуралдай" зэргээр нэрлэдэг тухай тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл,"Хуралдай" гэсэн Монгол үг дуудлага нь бага зэрэг өерчлегдсен ч мөнөех дурсгалын түүхийг батлан өгүүлсээр байна.

-Одоо бүтээж байгаа "Эзэнт гүрний нэвтэрхий толь"-ийнхоо талаар дэлгэрүүлээч?

-Манай судалгаа, зураг авалтын экспедици 2002 оноос Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Турк, Энэтхэг зэрэг 40 орчим улсад ажиллаж дээрх сэдвээр олон нийтэд танилцуулсан ажлуудыг хийсээр ирсэн.

Энэ удаа бид "Эзэнт гүрний нэвтэрхий толь" бүтээж байна. Монголын эзэнт гүрний бахархалт үнэн түүх, Монгол соёлын үнэт дурсгалууд, хилийн чанадад монгол соёлын галыг залгамжилж яваа монголчуудынхаа арвин баялаг өв уламжлалын тухай олон чухал баримтыг монгол судлаачид бие даан 15 жилийн хугацаанд буюу 2002 оноос 2016 он хүртэл дэлхийн 40 улс тухайлбал, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орон, бүс нутгуудад хээрийн судалгаа зураг авалтаар ажиллаж, Монголын эзэнт гүрний баримтат сурвалж бүхий архив, музей, номын санд ажиллаж үндсэн ажлын 95 хувь нь хилийн чанадад хийгдэж байгаагаараа онцлогтой.

-Замдаа явж байхдаа ч юм уу, судалгаа хийхэд тохиолддог бэрхшээл их бий байх?

-Манай байгууллагын судалгаа, зураг авалтын зорилтот бүс нутаг бол Монголын эзэнт гүрний түүхийн төдийлөн судлагдаагүй газар нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын шүтлэгтэй, хаалттай хоригтой газар нутгууд юм. Эдгээр газарт устах аюулд байгаа монгол соёлын дурсгалууд, мөхөх аюулд байгаа монгол элэг нэгтнүүдээ судалж, сурвалжилж, баримтжуулж байгаа энэ арав гаруй жил бүхэлдээ бэрхшээлтэй бүс нутаг, ялангуяа нийгмийн бухимдал ихтэй учраас бас амар биш л дээ. Мэдээж энэ олон жилийн хугацаанд туршлагажиж байна. Энэ сэдвийн дагуу ажиллах үед хамгийн хэцүү зүйл бол санхүүгийн бэрхшээл. Хувь судлаач хийгээд явна гэдэг харьцангуй амар байх харин бүхэл бүтэн байгууллага удирдаж, аж ахуйн нэгжийн хувьд нийгмийн өмнө үүрэг хүлээж, төсөл хөтөлбөрүүд санаачилж тэр бүгдийн төсөв зардлыг олж зохицуулж, хамгийн гол нь хийсэн ажлаа олон нийтийн хүртээл болгоно гэдэг өндөр хариуцлагатай ажил.

Суурин байх үедээ арьсан эдлэлийн урландаа Монгол загварын бэлэг дурсгалын зүйлс хийгээд гадагш явуулж нэг хоёр хүний судалгааны ажлын зардалд нэмэрлэдэг, бас ном хэвлэлийн бүтээлүүдийн борлуулалтаасаа судалгааны ажлаа дэмждэг. Харин одоо валютын ханш, эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гээд олон зүйл багахан урланд маань ч нелеелж байна. Үндсэн сэдвээ үзэгч, уншигчдад хүргэх үүднээс бид баримтат цувралдаа, нийтлэл ярилцлагууддаа бэрхшээлээ дурьддаггүй ч одоо бүтээж байгаа "Эзэнт гүрний нэвтэрхий толь"-оо үндэсний бүтээн байгуулалттай дүйцэхүйц түүх бичлэгийн дорвитой бүтээл болгохын тулд санхүүгийн бэрхшээл дээр нэрэлхүү зангаа орхиж олон нийтэд бодит байдлыг илэрхийлэх шаардлагатай болж байгаа.

-Гэр бүлээ танилцуулаач. Хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна?

-Энэ нүсэр сэдэв рүү ороод нэг л мэдэхэд 15 жил болсон байна. Цаг хугацаа харвасан сум мэт енгерч байгаа болохоор гэрлэж амжаагүй. Энэ хугацаанд хувийн амьдралаа тэргүүнд тавьсангүй, эрдмийн зэрэг цол хөөцөлдсөнгүй. Харин мэдээллийн, соёлын энэ эрин зуунд туулсан түүхийнхээ бодит үнэнийг бахархалт баримтыг олон нийтэд хүргэнэ гэдэг ямар ч эрдмийн зэрэг, цол гавъяа шагналаас илүү үнэ цэнэтэй, ирээдүйд энэ нэрээр үлдэх тустай гэсэн үзэлтэй учраас одоогоор ажлаа л тэргүүнд тавьсаар явна.

-Аян замд явах бүрдээ аав, ээжийн захиасыг санадаг байх. Юу гэж захидаг байв?

-Тэгэлгүй яахав, аав ээжийн захиас сургаал гэдэг алтнаас илүү үнэтэй зүйл шүү дээ. Аав минь армийн хүн байсан болохоор эх оронч үзэл, үнэнч тууштай зан чанар нь бидэнд өвлегдсен. Арай л эрт аав ээжийгээ алдсан даа. Ээж минь хамгийн сүүлд "Ирак дахиж битгий яваарай" гэж захисан. И рак дахиж явахгүй ээ, одоо тэр бүс нутгийн нехцөл байдал ч бүр хүнд болсон. Өмне нь очиж байсан газрууд дайн самууны хелдулам сүйдэжбайна. Олон чухал баримт гэрэл зураг, дүрс бичлэгийн хальсанд минь л үлдсэн. Хаалттай хоригтой бүс нутагт хэцүү бэрхшээл дунд амжилттай ажилласан энэ арав гаруй жил ээжийн минь сэтгэлээсээ залбирсан ерөөлийн хүч байлаа. Рашид ад Дины сурвалж бичигт нэг ийм утгатай үг байдаг "Үр хүүхдэд эцгийн нэр нь хэзээд амьд байдаг, Үр хүүхдэд эцгийн мөреөдөл нь ямагт үлдсэн байдаг" гэж, үнэхээр аав ээжийн минь захиас сургаал, амьд сэрүүлдээ харж бахархаж байсан тэр бүхэн одоо ч урам зориг, ухаарал нэмдэг дээ.

-Байнга аян замд явж түүх, соёлын дурсгал судлах амаргүй ажил. Сонин баримт, дурсгалын зүйл олохоороо л урамшдаг байх даа. Шинэхэн олдвор олох үед ямар байдаг вэ.  Тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Ажил маань бүхэлдээ эрэл хайгуул. Түүхийн ном сурвалжид төдийлөн тэмдэглэгдээгүй, мөнөөх түүхээс хойш Монгол хүн очиж байгаагүй тийм л эрлийн үзүүрээр туулж яваа аян замын ганзага үргэлж дүүрэн байдаг. Онцлох дурсгал олон байна сүүлийн үеийн сонин гэвэл Дундад Азиас Монголын эзэнт гүрний цаг үед хамаарах монгол  бичигтэй, алтан ургийнхны тамга дардастай 200 гаруй алт, мөнгө, хрэл зоос олсон. Үүнийг судалгааны эргэлтэд оруулахаар ажиллаж байна. Гүйцэтгэлийн шатны зардал мөнгө олдвол “Хосгүй үнэт Монгол зооснууд" нэг сэдэвт бүтээл эрхлэн хэвлүүлж олон улсад  гаргах төлөвлөгөөтэй байгаа.

-Одоо хийж буй ажлаа дуусгаад юу хийх төлөвлөгөөтэй байна. Монголдоо хэзээ ирэх вэ. Хэзээ нь амардаг вэ?

-Эзэнт гүрэн өргөн уудам. Тэр хэмжээгээр тайлагдаагүй түүх, танигдаагүй улс, сонсогдоогүй соёлын дурсгалууд асар олон бий. Энэ өргөн судалгааны талбарыг оломгүй далайгаас сувд шүүрдэхтэй зүйрлэж болно. Сүүлийн үед хоёр гурван жилд хээрийн судалгааны ажлуудаар нааш цааш ойр ойрхон явж байна.

Яг одоо Монгол руугаа аяны жолоо эргүүлж байна. "Эзэнт гүрний нэвтэрхий толь" бүтээх төслийнхөө энэ улирлын ажлыг нэгтгээд, төслийн уулзалт хурал, ярилцлагуудаа хийгээд, гүйцэтгэлийн шатны санхүүжилтийн ажлаа хөөцөлдөөд дөрөвдүгээр сарын дундуур эргээд замдаа гарах төлавлөгөөтэй байгаа.» Тийм болохоор цаг хугацаатай уралдаад л явж байна. Аав минь их ажилсаг, аливаа ажил төрөл эхэлсэн бол заавал ард нь гарч амжилтаар дуусгадаг, цаг наргүй хөдөлмөрлөдөг хүн байсан юм. Энэ зан чанарыг ааваасаа өвлөжээ, амралт гэдгийг мартаад 14 жил болж байна даа. Соёлын зуун, мэдээллийн зуун хэмээгддэг энэ цаг үед бид эх түүхээрээ, түүхэн үнэнээрээ, баримтат бахархлаараа, зуу зуун жил Монголоо зүрх сэтгэлдээ тээж дэлхийд тархан суурьшсан элэг нэгтнүүдийнхээ тухай олон сайхан монгол агуулгатай ном судрыг, кино нэвтрүүлгийг хийж Монголоо дэлхийд дахин мэдрүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд унших, судлах, суралцах гээд цаг хугацаатай уралдаж хийх зүйл асар их байна.

С.Ариунжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • gal

      (210.218.145.167) 2015-03-30 16:07
      • 0
      • 0

      ulam ih amjilt husie! busgui mini

      Хариулах

    • tulga

      (103.9.89.66) 2015-03-27 20:38
      • 0
      • 0

      amjilt husie uneheer tuushtai

      Хариулах

    • Нарантуяа Н

      (122.201.21.77) 2015-03-27 10:03
      • 0
      • 0

      Ирээдуй хойчдоо их туух улдээж байгаа дайчин мундаг эмэгтэй шуу 90 оноос хойших цол хэргэм , одон медиал шагналууд дийлэнх нь монгоор хийгдэж байгаа хуурамч урамшууллууд оорийн чинь хийж , бутээж бгаа ажиллууд цаг хугацаа нь ирэхээр чамд огох шагнал нь тодорхой бугдэд харагдаж чамаар бахархах болно . Ажилд чинь ондор амжилт хусье

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2015-03-26 15:14
      • 0
      • 0

      Мундаг эмэгтэй шүү. 15 жил судалгааны ажилд өөрийгөө зориулжээ.

      Хариулах