Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 2- Эгшиг зохицох ёс, ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм/

Twitter Print
2018 оны 05-р сар 22-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн соёлт нийгэмд аль ч үндэстний утга зохиолын хэл нь хэлзүйн хэм хэмжээ, үгийн сангийн хэм хэмжээ, зөв дуудахуйн хэм хэмжээ, зөв бичихүйн хэм хэмжээ, найруулахуйн хэм хэмжээ гэсэн хэлний дүрэм журмыг даган биелүүлж байдаг. Үүнийг хэлний сахилга бат, хэлний засаг ч гэж ойлгож болно. Хэрэв тийм бус бол бид аман болон бичгийн хэлний хувьд харилцаж чадахгүйд хүрч, улмаар соёл, боловсролын хувьд доройтох аюулд хүрнэ.

Тэгэхээр зөв бичих дүрэм гэдэг нь нийтээрээ даган биелүүлж байдаг замын хөдөлгөөний дүрэм шиг бичгийн хэлний хэрэглээ гэж ойлгож болох юм. Иймд www.mongolcom.mn сайт нийт уншигчиддаа зориулж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг цувралаар хүргэж байна.

Та энэхүү цувралыг алдахгүй хэвлэж авсанаар Монгол хэлний дүрмийн иж бүрэн гарын авлагатай болж, хүссэн үедээ ашиглаж болох юм. Мөн үр хүүхэддээ эх сайхан хэлээрээ зөв бичиж, ярихад нь энэхүү цуврал танд туслах юм. 

Өсөхөөс сурсан үндэсний хэл

Мартаж болшгүй соёл... /Д.Нацагдорж/

Эгшиг зохицох ёс

Дүрэм №8.

Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ёсыг эгшиг зохицох ёс гэнэ. Эгшиг хэлний ба уруулын талаар зохицно.

Монгол хэлний нэг үгэнд эр, эм эгшиг хамтран орохгүй. Эр эгшиг эр эгшигтэйгээ, эм эгшиг эм эгшигтэйгээ зохицож орно. Саармаг эгшиг эр, эм ямар ч эгшигтэй зохицон орно. Энэ бол эгшиг хэлний талаар зохицох ёс юм.

Гажилт:

1. Хоёр үгнээс бүтсэн нэг үгэнд эр, эм эгшиг орж болно. Жишээлбэл: горьгүй, болохгүй, Батгэрэл гэх мэт.
2. Хааяа үгийн эцсийн урт эгшиг энэ дүрмийг зөрчинө. Жишээлбэл: байжээ, болжээ, гарчээ гэх мэт.

Дүрэм №9.

Эгшиг уруулын талаар зохицохдоо:

1. Үгийн эхний үед а, у байвал хойшид а дагана. Жишээлбэл: авдартай, уламжлахад, хамгаалахаараа, уулзвар гэх мэт.

2. Үгийн эхний үед э, ү, и байвал хойшид э дагана. Жишээлбэл: эрдэм, үзэгдэхэд, жинхэнэ гэх мэт.

3. Үгийн эхний үед о байвал хойшид о дагана. Жишээлбэл: онгоцоор, оролцоход гэх мэт.

4. Үгийн эхний үед ө байвал хойшид ө дагана. Жишээлбэл: мөнгө, өргөдөл, өндөглөхөд гэх мэт.

5. Энэ зохицолд урт, хос, туслах эгшиг хамаарна. Жишээлбэл: Ёндон, олъё, уралдаантайгаар, үзье, үдэшлэгтэй, инээдэм, уяатай гэх мэт.

Энэ дүрмийг хүснэгтээр үзүүлбэл:

Үгийн эхний үед ийм эгшиг байвал Хойшид тохиолдох эгшиг нь

а, у -> а
э, ү, и -> э
о -> о
ө -> ө

Гажилт:

1. уу, үү, юу, юү, яу, ёу, еү, иу эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох бөгөөд хойшид дагах эгшгийг өөрийн зохицолд авна.

Жишээлбэл: орчуулагч, өрнүүлсэн, оёулахдаа, үеүдэд, хориулан гэх мэт.

2. и, ий, ы, эй эгшгүүд эгшиг зохицох ёсыг зөрчиж орох боловч хойшид дагах эгшиг нь өмнөх эгшгийн зохицолд хамаарагдана. Жишээлбэл: ажиллах, хөгжилдөнө, онийсон, нөхөдтэйгөө, өвстэйхөн, доёийсон гэх мэт.

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм

Дүрэм №10.

ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм:

1. Урт ы үсгийг эр үгэнд бичнэ. Эм үгэнд ердөө бичихгүй. Жишээлбэл: ардын, нарны, хотыг, уулыг гэх мэт.

2. Эм үгэнд ий үсгийг бичнэ. Жишээлбэл: хүний, эрдмийг, өвлийн, шүлгийг гэх мэт.

3. ий үсгийг эр үгэнд хааяа бичнэ. Үүнд: ж, ч, ш, ь, и хэлний г үсгээр төгссөн эр үгэнд бичнэ.

Жишээлбэл: туужийг, ачийн, багшийн, айргийг, ааргийн, харь-харийн, анги-ангийн гэх мэт.

www.mongolcom.mn

Холбоотой мэдээлэл:

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 1- Эгшиг үсгийн тухай/ - http://mongolcom.mn/read/21446

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 2- Эгшиг зохицох ёс, ы, ий хоёрыг ялгаж бичих дүрэм/http://mongolcom.mn/read/21448

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 3 - Гээгдэх эгшгийн дүрэм/http://mongolcom.mn/read/21541

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 4 - Эгшигт гийгүүлэгчийн тухай/ - http://mongolcom.mn/read/21664

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 5 - Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай/http://mongolcom.mn/read/21702

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 6 - Тусгаарлагч ъ, ь-ийн тухай/http://mongolcom.mn/read/21735

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 7 - Цэгийг хэрэглэх тухай - (.)/ http://mongolcom.mn/read/21806

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 7 - Хашилтыг хэрэглэх тухай - (< > “ “)/http://mongolcom.mn/read/21901

-Монгол хэлний зөв бичгийн дүрэм /Цуврал 8 - Гадаад үгийг бичих тухай/http://mongolcom.mn/read/21946

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.