Убаши хааны хөрөг олджээ

Twitter Print
2015 оны 10-р сар 16-нд 08:53 цагт
Мэдээний зураг,

Халимаг улсын Пальмовын нэрэмжит Үндэсний түүхийн музей Убаши хунтайжийн амьд сэрүүндээ зуруулсан хөргийг үзмэртээ залсан байна. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит бүсийн парламент өнгөрсөн жил Германы нэгэн музейгээс олдсон хөрөг зургийн хуулбарыг хүлээлгэн өгсөн аж. 

Убаши хунтайжийн амьд сэрүүндээ үлдээсэн хөрөг зураг хадгалагдаж үлдээгүй байдаг бөгөөд 18-р зууны үед нэр нь үл мэдэгдэх зураачийн бүтээсэн уг хөрөг түүний дүр төрхийг үнэн зөв буулгасан цорын ганц баталгаатай зураг гэж үзэх үндэслэл байгаа юм байна. Германд очсон уг зураг Хятадын Чин эзэнт гүрний үед буюу XIX зуунд Европт гарч байсан "хар тамхины дайны” үед Хятадаас аваачсан архивын баримт дунд байсан болов уу гэж таамаглаж байгаа аж. 

Убаши хунтайжийг Халимагийн сүүлчийн хаан гэж үздэг бөгөөд 1771 онд тэрээр Ижил мөрний зүүн эргийн Халимагуудыг толгойлон эх нутаг Зүүн гарын говьдоо очих гэж гараад Оросын цэргүүдтэй тулгаран их зовлон зүдгүүр амссан түүхтэй. Түүх сөхвөл Монголын Их Даян хаан Батмөнхөөс хойш монголчууд дахин бутар, зүүн, баруун хоёр хэсэг болоод удтал хямралдан дайтаж байсан билээ. Зүүн гар аймаг, Хошоод аймаг, Торгууд аймаг, Дөрвөд аймаг нэгдэж Ойрд хэмээн нэрийдэж Халх Монголтой дайтаж байв. Ойрдууд Халхаас салж тусгаарласнаас болж Ойрдыг дахин эзэлж нэгтгэхийг Даян хааны ач Лайхар хан, Убаши нар оролдож байсан байна. 

XVIII зууны дунд үед Зүүн гарын хаант улс Манж Чин улсад эзлэгджээ. XVIII зууны сүүлчээр оросууд Халимагийн хаант улсын эрх мэдлийг зүйл бүрээр хязгаарлах болсноор Халимагийн хаант улс Оросын хараат болсон байдаг. Эл нөхцөл байдлын улмаас Убаши хаан Ижил мөрний зүүн эрэгт сууж байсан Халимагуудыг аван Зүүн гарын зүг нүүжээ. Ижил мөрний баруун эрэгт сууж байсан Халимагууд мөрний мөс цөмөрснөөс болж нүүж чадаагүй байна. Есөн сарын турш үргэлжилсэн хүнд хэцүү нүүдлийн эцэст Манж Чин улсын мэдэлд орсон Зүүн гарын нутагт хүрч иржээ.

Их нүүдлийн замд их хохирол амссан Убаши хаан арга буюу Манж Чин улсад дагаар орсон байдаг. Манжууд тэднийг Шинжаан мужийн нутгаар тараан суулгаж, таван чуулган бүхий хошуудаар хувааж тараасан түүхтэй.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.