“Реал Мадрид” бүх цаг үеийн шилдэг клуб

Twitter Print
2015 оны 03-р сар 23-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг” үргэлжилж байна. Энэ улирлын шилдэг найман багт Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, Францын “Монако”, “ПСЖ”, Германы “Бавари Мюнхен”, Италийн “Ювентус”, Португалын “Порту” үлдсэн. Харин шөвгийн наймын сугалаа явагдахад “Реал Мадрид”-“Атлетико Мадрид”, “Бавари Мюнхен”-“Порту”, “Ювентус”-“Монако”, “Барселона”-“ПСЖ” багууд оноолт таарсан юм.

 Анх 1955-1956 оны улиралд “Европын цом” нэртэй зохиогдож байсан энэ тэмцээн 1992-1993 оны улирлаас нэрээ өөрчлөн шинэ сиситемээр явагдах болсон. Өмнө нь “Реал Мадрид” зургаан удаа түрүүлж хамгийн шилдэг амжилт үзүүлсэн. Харин 1993 оноос хойш ч гэсэн дөрөв түрүүлж, рекорд амжилт тогтоосон. “Аваргуудын лиг”-ийн 2014-2015 оны улирлын шөвгийн наймд үлдсэн багуудын тухай цувралаар танилцуулж байна.

Энэ удаа Эзэн хааны багийг онцолж байна. “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд үе үеийн шилдэг хөлбөмбөгчид тоглож байсан. Францын З.Зидан, Португалын Л.Фигу, Бразилийн Роналдо, Роберто Карлос, Английн Д.Бекхэм, М.Оуэн, Голландын Р.Ван Нистелроой нар 1998-2008 оны хооронд тоглож байсан. Харин 2009 оноос хойш Португалын К.Роналду, Бразилийн Кака, Уэльсийн Г.Бэйл, Францын К.Бензема, Испанийн Х.Алосно тоглож байгаа.

“Аваргуудын лиг”-ийн түүхэнд (1993 оноос хойш) “Реал Мадрид” ганцаараа дөрөв түрүүлсэн бөгөөд хэсгийн шатнаас хасагдаж үзээгүй цорын ганц баг билээ. Тэд 1998, 2000, 2002, 2014 онд түрүүлж, 2001, 2003, 2011, 2012, 2013 онд шөвгийн дөрөв, 1996, 1999, 2004 онд шөвгийн найм, 2005-2010 оны хооронд шөвгийн 16-д үлдсэн амжилт үзүүлжээ.

Харин энэ улирлын хэсгийн шатанд Английн “Ливерпуль”-ийг 3:0, 1:0, Швейцарийн “Базель”-ийг 5:1, 1:0, Болгарын “Лундогорец”-ыг 2:1, 4:0-ээр буулган авсан. Харин шөвгийн 16-д Германы “Шальке 04”-ыг талбай дээр нь 2:0-ээр хожиж, гэртээ 4:3-аар ялагдсан. Улмаар гоолын зөрүү нь нэгээр илүү байсан учир дараагийн шатанд шалгараад байна. Харин шөвгийн наймд нутгийн баг “Атлетико Мадрид”-тай оноол таарлаа. Мадридын хоёр баг өнгөрсөн улирлын шигшээд үлдсэн гэдгийг бүгд мэдэж байгаа.

“Реал Мадрид”-ын 1993 оноос хойш тогтоосон дээд амжилтууд нь дөрвөн удаа түрүүлсэн, есөн тоглолт дараалан хожсон, хоёр улирал хэсгийн бүх тоглолтонд зургаан хожил авсан, 2000 онд Испанийн хоёр баг анх удаа финалд шалгарахад “Валенси”-г 3:0-ээр хожсон, 2014 оны нэг улсын хоёр баг хоёр дахь удаагаа финалдсан, мөн нэг хоёр баг анх удаа шигшээд үлдсэн тоглолтын ялагч болсон зэрэг олон рекордыг нь дурдаж болох юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.