Дараагийн ёкозүна хаалга тогшсон башёд Хакухо 34 дэх эзэн хааны цомоо хүртлээ

2015 оны 03-р сар 22-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ оны гуравдугаар сарын тэмцээн амжилттай боллоо. Хару башёд залуу бөхчүүд маш хүчтэй өрсөлдөж, шинэ сэкиваки Тэрүнофүжи олны анхаарлын төвд орсон. Гэхдээ домогт их аварга Хакухо буурь зааж, эзэн хааны цомыг 34 дэх удаагаа хүртсэн юм. Өнөөдөр сүүлийн өдрийн барилдаанд хоёр ёкозүна оноолт таарахад Хакухо давсан аж. Мөн озэки Кисэносато озэки Котошёогикүг, сэкиваки Тэрүнофүжи озэки Гоэйдог өвдөг шороодууллаа.

Монголын бөхчүүдээс анх 68 дахь ёкозүна Асашёорюү 2002 оны арваннэгдүгээр сарын башёд түрүүлж байсан. Түүнээс хойш талын хүчтэнгүүдийн ноёрхол эхэлж, өдгөө гурван ёкозүна тэмцээн бүрийг манлайлан барилдаж байна. Харин тэдний залгамж халаа буюу дараагийн ёкозүнад яригдаж байгаа бөхчүүд нь мөн л Монголынх болж байгаа аж. Өнгөрсөн тэмцээнүүдэд “үлэмж биет” Ичиножёо Ичинноров өөрийн чадварлаг барилдаанаараа дараагийн том цолтон гэдгээ батлан харуулсан бол Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ сард 13 даваа, 2 унаатай тэмцээний сүүлийн барилдаан хүртэл түрүүлэх боломжоо хадгалсаар байсан.

Тэрээр энэ сарын тэмцээнд озэки Кисэносато, маэгашира Кайсэй нарт л унасан. Дээрх хоёр бөхөөс бусдыг нь буюу ёкозүна Хакухо, Харумафүжи, озэки Гоэйдо, Котошёогикү зэрэг томчуудыг давсан юм. Энэ бүх амжилтуудыг нь хараад Японы мэргэжлийн сумогийн зодог тайлсан аварга, арслангууд болон тайлбарлагчид Тэрүнофүжиг энэ жилд багтаад озэки, ирэх жил ёкозүна болсон байхад гайхах зүйлгүй боллоо гэж ярьж байна.

Эзэн хааны цомыг 34 дэх удаагаа хүртсэн Хакухо өөрийн дээд амжилтуудыг ахиулсаар байгаа. Түүнээс өөр 33-аас илүү түрүүлсэн бөх 800 жилийн түүхтэй мэргэжлийн сумод байхгүй аж. 69 дэх ёкозүнагийн тогтоосон дээд амжилт маш олон байдаг. Тэдгээрээс хоёр удаа зургаа дараалан түрүүлсэн нь өнөөдөр тохиолоо. Дээд зиндаанд нэг жилийн зургаан башёд бүгдэд нь түрүүлсэн ганцхан их аварга нь Асашёорюү бол Хакухо он дамжиж зургаа дараалан түрүүлсэн амжилтыг хоёр удаа үзүүлээд байна.

Монголын бусад бөхчүүдийн хувьд Ичиножёо Ичинноров (9-6), Араваши Дөлгөөн (8-7) нар тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж, ирэх сард чансаа өгсөн барилдах нь тодорхой болов. Харин Кёкүшюүхо Эрдэнэбаатар (7-8), Кёкүтэнхо Цэвэгням (6-9), Тамаваши Мөнх-Оргил (4-11), Токитэнкү Хүчитбаатар (3-12) хару башёд амжилт муутай барилдлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.