Наурызын баяраар 40 айлаар орж көжэ амсах уламжлалтай

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Казах түмний үндэсний Наурызын баяр болж байна.

Наурыз гэдэг Перси гаралтай vг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу шинэ өдөр гэсэн утгатай юм. Энэ утгаараа Цагаан сартай ижил төстэй гэж ойлгож болно. Тус баярыг Казах, Киргиз, Туркмен зэрэг 40 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Наурызын баярын өдөр айл болгон хоол унд элбэг дэлбэг бэлтгэн, эрчvvд нь “Көкпар” буюу тулам булаалдана. Энэ баярыг нарны баяр, хаврын баяр гэх мэтээр орон бүрт өөр өөрөөр нэрлэнэ. Эрчүүд хоёр гараа барилцан бие биедээ цээжээрээ хүрэн золгодог бол эмэгтэйчүүд хоорондоо тэврэлддэг байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо зөвхөн гар барих аль эсвэл хоёр гараараа мэндчилэн, цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь тvшиг-цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсэн бэлэгдэл аж.

Мөн казах түмэн “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” хэмээн үзэж жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, 21-ний шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш болон булгийн тунгалаг усаар дvvргэж тавьдаг байна.

Энэхүү баяраар архи, пиво зэрэг согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэнэ. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, Наурыз көжег буюу шөл уух ёстой. Уг шөлийг Наурызын баяраар 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Энэ нь казахууд 40 тоог эрхэмлэдэгтэй холбоотой. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.

Дашрамд дурьдахад Монгол Улсад 110 мянга гаруй казах иргэн оршин суудаг аж. 

Ч.Ариунболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.