Зөв сууж, хэвтэж, зогсч байхын зэрэгцээ зөв гутал сонгон өмсөх нь хамгийн чухал

Twitter Print
2022 оны 02-р сар 18-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Зогсож ч, явж ч ажилладаг байсан нь хамаагүй хөл дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг бол гутлын өсгий их чухал. Хөнгөн зөөлөн, хөлд эвтэйхэн гутал сонгож өмсөж байх чухал. Хатуу ултай гуталтай удаан явах байтугай удаан зогсоход ч нурууны булчин чангардаг. Эмэгтэйчүүдийн гутлын өсгийн өндөр 5 см-ээс ихгүй байх нь нурууны булчинд хэт ачаалал өгөхгүй байх сайн талтай. Эмэгтэйчүүдийн гутлын өсгийний хамгийн тохиромжтой өндрийг 3-4 см гэж үздэг. Хэт өндөр өсгийтэй гутал өмссөн үед биеийн босоо тэнхлэг урагш хазайдаг учир бие тэнцвэр муутай болдог тул биеийн тэнцвэрийг хадгалах, нөгөө талаас багана нурууг арагш татаж цэх байлгах гэж нурууны болон хөлийн булчингууд хэт ачаалалтай ажиллах шаардлагатай болдог.

Бас хэт намхан гутал ч хөлийн улны нумыг тэгшхэн болгодог сөрөг нөлөөтэй.

Маш олон хүн хоёр хөл дээрээ ачааллаа тэгш хуваарилж зогсох нь чухал гэдгийг огт мэддэггүй. Хэдийгээр их ноцтой биш, харин ч хөлөө ээлжилж амраах боломжтой тул эрүүл мэндэд хортой бус, ашигтай мэт санагдмаар эдгээр байрлалд зогсож хэвшсэн хүмүүс хоёр хөл дээрээ ээлжилж зогсдоггүй, голдуу нэг хөл дээрээ жингээ төвлөрүүлж зогсоод сурчихсан байдаг. Тиймээс ч ийм дадал зуршилтай хүмүүсийн аарцгийн ясны нэг тал байнга дээш өргөгдсөөр, яваандаа хөл урт богино болсон байх нь элбэг.

Хэдийгээр бараг ихэнх хүн өөрийгөө биеийн ачааллаа тэнцүүхэн хуваарилж, сандал дээрээ тэгшхэн сууж байна гэж бодоцгоодог ч үнэндээ хоёр хонгон дээрээ жигд бус, харин нэг хонгон дээрээ биеийнхээ жинг төвлөрүүлж буруу сууж хэвшсэн байдаг. Нурууны хазайлттай олон хүний сууж байгаа дадал зуршлыг зориуд шалгахад ингэж суудаг хүмүүс ачааллаа тэнцүүлэхгүй нэг хонгон дээрээ суудаг хэвшилтэйгээ огтхон анзаараагүй байдаг бөгөөд тэгшхэн суухыг сануулахад суудлаа засдаг ч өөрөө ч мэдэлгүй дахиад л нөгөө бруу байрлалдаа биеэ байрлуулдаг. Энэ буруу хэвшлээ анхаарах, улмаар зөв аргаар засах шаардлагатай.

Тэгш бус, аль нэг тийшээ налуу гадаргуу дээр суух үед хүн биеийн жингээ өөрийн мэдэлгүй хонгоныхоо нам түвшинд байрлаж байгаа тал дээрээ илүү төвлөрүүлж, ингэснээр тэр нам тал уруугаа биеийн бүх тэнхлэгээрээ хазайж суудаг. Энэ үед аарцаг ясны жин төвлөрөөгүй, дээд талын ташаа бага зэрэг дээш өргөгдөж байрлах болдог. Тиймээс налуу сандал дээр байнга сууж ажилладаг хүмүүс, өөрөө ч анзаарахгүйгээр нэг хонгон дээрээ биеийн жингээ төвлөрүүлж суудаг дадал хэвшилтэй хүмүүс, мөн түрийвчээ байнга нэг талын арын хармаандаа хийж зуршсан эрчүүдэд аарцгийн нэг тал өндөр болсон өөрчлөлт анзаарагддаг.

Зарим хүн орон дээрээ эсвэл газар дээр хөлөө жийж суух дуртай байдаг. Хөлийн булчингуудад сунгалт болдог байрлал ч гэлээ яг энэ байрлалд нуруугаа цэхэлж удаан суух нь төвөгтэй. Ингэж суудаг хүмүүсийн сээрний доод хэсгийн, мөн бэлхүүсний нугалмууд арагш гулсан, бэлхүүсний хэвийн хотгор буюу лордоз нь тэгширсэн, настайчуудад бол нурууны суулт үүссэн байх нь элбэг.

Завилж суух нь бага аарцгийн булчингуудын агшилтыг сайжруулдаг сайн байрлал гэж тооцогддог ч энэ байрлалд удаан хугацаагаар бөхийж суух төдийлөн таатай бус. Учир нь сээр, бүсэлхийн хэсгээрээ бөгтөр болох эрсдэлтэй.

Сандал буйдан дээр нэг мөрөөрөө арагш тулж, тохойгоо арагш нь унжуулаад, нөгөө гараа хөл дээрээ тавьж, эсвэл үүнтэй ижил төстэй байрлалаар суудаг хүн байж болох юм. Гэртээ зөөлөн буйдан дээрээ тухлан амарч байгаа хүмүүс ихэвчлэн л ийм байрлалаар сууж харагддаг. Та ийм зуршилтай бол сууж байхдаа хоёр хөлийнхөө урд ирмэгийг нэг чацуулаад хараарай. Баруун гараа арагш унжуулдаг бол зүүн өвдөг тань, зүүн гараа унжуулж суудаг бол баруун өвдөг тань нөгөө өвдөгнөөсөө урт байхыг харж болно. Аарцаг ясны хоёр тал өндрөөрөө биш харин хөндлөн тэнхлэгээрээ урд хойно байрлаж байгаа юмаа. Байнга ингэж сууж хэвшсэн бол мөн аарцагны гажилт үүсгэх эрсдэлтэй.

Ахмадууд шанаагаа битгий тулж суу, шанаагаа тулж бүү хэвт гэж хэлдэг байсан нь учиртай. Хоёр гараараа шанаагаа байнга тулж суудаг бол хүзүүний дээд нугалмууд арагшаа байнга түлхэгдсэнээс нугалмуудын арагшаа гулссан гажилт, харин нэг гараараа шанаагаа байнга тулж суудаг, хэвтдэг бол хүзүүний дээд нугалмууд хажуу тийшээ байнга түлхэгдсэнээс хажуу тийш гулсаж мурийсан гажилтууд үүсэх аюултай.

Хэдийгээр бүсгүйчүүдийн суух дуртай эдгээр байрлалууд ихэмсэг дэгжин харагдуулдаг боловч хазайж суухад хүргэдэг болохоор нурууны булчинд жигд биш ачаалал өгч, улмаар аарцаг гажих, нурууны мурийлт үүсэхэд тийм ч хурдан биш боловч аажимдаа нөлөөлдөг таатай бус байрлалууд юм.

Ширээн дээр эсвэл зоогийн газрын текний урд талд байдаг шиг нэлээн өндөр сандал дээр нэг талын хонго, өгзгөөрөө таллаж суух дуртай хүмүүст нэг талын аарцаг ясны дэлбээ байн байн өргөгдөж байгаагаас шалтгаалан хөл урт богино болсон нь ажиглагддаг ч ихэнх хүн аарцгийн гажилттай болсон тухайгаа огтхон ч таамагладаггүй.

Өрөөсөн хөлөө ачиж суусан үед хүний аарцаг ясны ачиж суусан тал нь дээш хөшигдөж, өргөгдөж байдаг. Маш олон эмэгтэйчүүд хөлөө ачиж суудаг дадалтай байдаг.

Эмэгтэйчүүдийг эрхэмсэг, эрчүүдийг ихэмсэг харагдуулдаг ч, ялангуяа эмэгтэйчүүдийн хамгийн их суух дуртай энэ байрлал маань яваандаа аарцагт тогтвортой гажилт үүсгэдэг болохоор нуруу мурийх, түнхний үенд өөрчлөлт үүсэх, бага аарцгийн хөндийд цусны зогсонгишил үүсгэх, судасны бүдүүрэлтэй болох шалтгаан болдог нь тун харамсалтай.

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.