Өнөөдөр Дэлхийн усны өдөр

Twitter Print
2017 оны 03-р сар 22-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэх саналыг анх 1992 онд Бразилийн Рио-де Жанейро хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр хэлэлцэж улмаар 1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууддаа эл өдрийг тэмдэглэх уриаг гаргажээ.

Уг тэмдэглэлт өдрийн гол зорилго нь усны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулахын сацуу усны үнэ цэнийг өргөн олон нийтэд ойлгуулах, усны зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулахад оршдог.

2013 оныг НҮБ-ын Ерөнхий чуулганаас “Олон улсын хамтын ажиллагааны жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн жилийн Дэлхийн усны өдрийг “Олон улсын хамтын ажиллагааны жил” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жилийн Дэлхийн усны өдөр “Ус ба эрчим хүч” уриан дор болж байна. Тус өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова гишүүн орнууддаа илгээлт ирүүлжээ. Тэрээр илгээлтдээ ус болон эрчим хүч нь хоорондоо нарийн уялдаа холбоотой болохыг дурдахын зэрэгцээ хөдөө орон нутагт амьдарч буй ядуу, эмзэг бүлгийн хүмүүсийн ус болон эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд бодлого боловсруулагчид , эрдэмтэн судлаачид, олон нийт болон хувийн хэвшлийнхнийг хамтран ажиллахыг уриалжээ.

Ус, эрчим хүч хоёр нь хоорондоо салшгүй холбоотой, харилцан хамааралтай байдаг. Эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулахад усан цахилгаан станцийг түлхүү хэрэглэдэг. Мөн цөмийн болон дулааны эрчим хүчний үйлдвэрлэлд усны нөөцийг ашиглаж байна. Нөгөө талаас, дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 8% орчим нь ус шахах, цэвэрлэх болон ус түгээхэд зарцуулагдаж байна. Түүнчлэн Дэлхийн усны хөгжлийн тайланд эрчим хүчний гачигдалтай иргэд мөн усны гачигдалтай амьдардаг болохыг дурджээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.