Ж.Амарсанаа: Транс тос Монголчуудын эрүүл мэндэд занал хийж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 29-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Транс тос бол үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тухайлбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин зэрэг бүтээгдэхүүн болгосныг транс тос гэдэг. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.

Баруун Европ болон Өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл тэнд хориглосон транс тос манайд хямд үнээр орж ирж байна. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон. Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол манай улсын хүн амын дундах нас баралтын дийлэнх хувийг эзэлж буй өвчлөлүүдийн гол суурь болж байгаа юм.

Жишээ нь, Монголчуудын эрүүл мэндэд хамгийн ноцтой хор уршиг үзүүлж байгаа зүрх судасны өвчин байна. Нас баралтын шалтгаанаар нь ангилж жагсаавал нэгдүгээрт, зүрх судасны өвчин ордог. Хоёрдугаарт, хорт хавдар орж байна. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа шалтгаан нь яагаад ийм их байна вэ гэдгийг судалж үзэхэд буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байна.

Хооллолтын буруу дэглэмд өөх тосны хэрэглээ зүй ёсоор орно.

Өөх тосны буруу хэрэглээнд транс тосыг эмх замбараагүй хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Иймд транс тосны хэрэглээг бууруулах уриалга гаргасан ч иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаан байна.

Транс өөх хүний биед орсон бол гарахдаа амаргүй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Үүнээс үүдэж судас нарийсч, даралт ихсэх, харвалт өгөх, цусан хангамжийн дутагдал, шигдээс өвчин их тохиолддог. Өвчний гол суурь нь судас бөглөрөх өвчин юм.

Гэтэл транс тос судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлдэг. Транс өөх барагтай юманд задардаггүй. Судсанд очиж наалдахдаа амархан. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг. Шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг. Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд өртөмтгий болно.Энэ том аюул. Мөн сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэцэд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулдаг гээд сөрөг нөлөө олон бий.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.