Уильям Шекспирийн үхэл амьдралын торгон шугам

Twitter Print
2016 оны 04-р сар 23-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Английн алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч Уильям Шекспир 1564 оны дөрөвдүгээр сарын 23-нд төржээ. Тэрбээр гарамгай жүжгийн зохиолч хэмээн алдаршсан бөгөөд Английн үндэсний яруу найрагч юм. Шекспир 38 жүжиг, 154 сонет, 14 мөрт найраглал, хоёр үргэлжилсэн үгийн зохиол болон олон шүлэг, найраг туурвижээ. Уран бүтээлүүд нь гадаад хэлнээ хөрвүүлэгдэн, олон тайзан дээр амилсаар ирсэн түүхтэй. Шекспир нь Английн Стратфорд-апон-Авон гэдэгт газарт, тус хотын зөвлөлийн гишүүн Жон Шекспир болон чинээлэг фермерийн охин Мари Арден нарын хүү болон мэндэлжээ. Түүний төрсөн өдрийг яг тодорхой биш боловч 23-нд болов уу гэж түүхч, намтарчид үздэг аж. Ихэнх түүхч, намтарч түүнийг Стратфордын “King’s New School” сургуульд боловсрол эзэмшсэн байх гэж таамагладаг. Арван найман насандаа 26 настай Анн Хадавэй гэгч бүсгүйтэй гэрлэж, улмаар гурван хүүхэдтэй болжээ.

1585-1592 онд Лондонд жүжигчин, жүжгийн зохиолч, “Lord Chamberlain’s Men” гэдэг жүжгийн компанийг эзэмшигчдийн нэг болж, ажлын гараагаа амжилттай эхэлжээ. 1613 онд 49 настайдаа тэтгэвэртээ гарсан бөгөөд үүнээс хойш гурван жилийн дараа 1616 оны дөрөвдүгээр сарын 23-нд нас барсан аж.

Тэрбээр хамгийн алдартай уран бүтээлүүдээ 1589-1613 онд туурвисан юм. Анхандаа инээдмийн болон түүхийн сэдвээр голчлон жүжиг тавьдаг байсан бөгөөд уран бүтээлийнх нь оргил үе ХVI зууны сүүлч байв. Харин 1608 онд хүртэл эмгэнэлт жүжиг бичсэн бөгөөд үүнд та бидний сайн мэдэх “Гамлет”, “Ромео Жулет хоёр”, “Кинг Лиэр”, “Макбэт” зэрэг багтана. Улмаар эмгэнэлт, инээдмийн хосолсон бөгөөд хайр дурлалын жүжиг бичиж, бусад жүжгийн зохиолчтой хамтран ажиллах болжээ.

Шекспир тухайн цаг үеийнхээ нэр хүндтэй яруу найрагч, жүжгийн зохиолч байсан боловч харамсалтай нь ХIX зуун хүртэл түүний нэр хүнд төдийлэн сайн алдаршиж чадаагүй аж. Харин ХХ зуунд түүний туурвисан уран бүтээлүүд маш алдартай болсон бөгөөд тайзан дээр дахин тавигдах болжээ. Харин өдгөө үед түүний уран бүтээлийг нь мэдэхгүй хүн ховор бөгөөд олон орны судлаачид байнга судалж, жүжгийн зохиолчид тайзнаа амилуулж, дэлхий дахинд олон төрлийн соёлын болоод улс төрийн хүрээнд янз бүрээр тайлбарлах болсон юм. 

У.Шекспирийн жүжгүүд Монголын театрын тайзнаа

Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. УДЭТ хөгжлийнхөө тодорхой үе шатыг туулж, уран бүтээлчдийн багаа бүрдүүлэн, бүтээж туурвих арга туршлага хуримтлуулсан тэр цаг үе буюу 1955 онд У.Шекспирийн “Отелло” жүжгийг тайзнаа амилуулсан юм. “350 гаруй жилийн турш дэлхийн театрын хүчийг сорьсоор ирсэн “Отелло”-той театрын уран бүтээлчид хүчээ үзэхэд хэдийнэ бэлтгэгдсэн байсан” гэж найруулагч С.Гэндэн “Вангантай танилцсан минь” номдоо тэмдэглэжээ. Төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн орчуулсан уг жүжгийн найруулагчаар С.Гэндэн, зураачаар Л.Гаваа ажиллаж, авьяас чадвар нь ид жигдэрч явсан Г.Гомбосүрэнг Отеллод тоглуулжээ. Дездемонд Ч.Долгор сүрэн, Ягод Е.Гомбодорж, Брабанциод Б.Пүрэв, бусад дүрүүдэд театрын жүжигчид тоглосон аж.

Найруулагч С.Гэндэн “Отелло”-г тавихдаа бусад орны туршлагыг хуулбарлалгүй, Монгол үндэсний театрын түүхэн онцлогт тохируулан, бие даасан бүтээлч шинж байдлыг хадгалах зарчим баримтлан ажилласан байна. Дайчин, зориг тэвчээртэй, зовлонд хатуужсан, хайр сэтгэлдээ үнэнч, үүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэгч, баясах, гомдох, уурлах, инээх, хөдлөх, аашлах нь ямагт хувиран өөрчлөгдөж байдаг эр хүний сайхан шинж цогцолсон Отеллог жүжигчин Г.Гомбосүрэн бүтээснээр театрын түүхэнд домог болон үлдсэн юм. Тэрбээр 45 жилийн турш энэхүү дүрд тоглон, МҮОНТ-ийн алтан фондод бичүүлж, хойч үедээ өвлүүлсэн гавьяатан билээ. У.Шекспирийн “Отелло” жүжгийг тавьснаас хойш Монголын театрын уран бүтээлчдийн ур чадвар өсөн хөгжсөөр байсан юм. 

Зах зээлийн нийгэмд хөл тавьсан 1990 оноос хойш өдрөөс өдөрт театрын амьдралд нийгмийн нөлөө тод тусаж, гэрэлтэй, сүүдэртэй он жилүүд урсан одсоор 1996 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт жүжгийг найруулагч Ч.Найдандорж дэглэн, зураачаар Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан юм. Энэ жүжиг нь театраас холдсон үзэгчдийг урлагийн ариун сүмд эргүүлэн авчирч, ХХ зууны сүүлч XXI зууны эхэн үеийн Монголын театрын жүжигчдийн багийг бүрдүүлж, тэдний ур чадварт нөлөөлж чадсан билээ. Энэ удаа 20 жилийн өмнөх тавилтаас өөр орчин, цаг үеийн үзэгчдийг сонгодог зуунд аваачиж, залуусын мөрөөдөл, ариун гэгээн хайр орчлон ертөнцөд байдаг юм гэсэн сонгодог жүжгийн дуурсахуй дуулал болгон баримталж тавьснаараа онцлогтой байлаа. Ромеод О.Гэрэлсүх, Д.Алтанбагана хоёр харилцан адилгүй дүр бүтээсэн билээ.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.