Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс хоёр захирагчтай болжээ

Twitter Print
2015 оны 03-р сар 19-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Улс төрийн намуудын ил далд тэмцэл, хууль бус томилгооны асуудал хэрээс хэтэрч төрийн ажлыг цалгардуулах болсоор удаж буй. Хэн нэг даргын цаадах намын эрх ашиг, халаа сэлгээнээс болоод төрийн албан хаагчид хэдэн арваараа гудамжинд гарч эхэлсэн нь нууц биш. Энэхүү албан тушаалын хууль бус томилгоо Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийг ч тойрсонгүй.

Тухайлбал, байгуулагдсан цагаасаа хойш даруй арван жилийн нүүрийг үзэж байгаа Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс энэ хугацаанд ямар нэг өөрчлөгдсөн зүйлгүй өдийг хүрсэн гэдэг. Харин өнгөрсөн оны зургадугаар сард томилогдсон захирагчийн хувьд тус бүсийн хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдааны үйл ажиллагааг сайжруулан, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хэлэлцээр байгуулах маягаар багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ.

Төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргуулахгүйгээр үйл ажиллагаагаа жигдрүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлсэн тус бүсийнхэн өөрийн гэсэн хуулиа батлуулан өнөөдрийг хүртэл олон зүйлийг өөрчилсөн аж. Гэтэл өдгөө ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийхээр явсан Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн захирагчийг ажлаас нь халах тушаал гэнэтхэн гараад ирж. Ажлаа хүлээж аваад жил ч болоогүй байгаа уг захирагчийг эзгүйд гарсан шийдвэрийн дагуу шинэхэн захирагч хүртэл “томилогдож” очжээ.

Ёстой л өнөө “Чоно борооноор” гэдэг шиг, өмнөх захирагчийг ажлын шаардлагаар гадаадад явах хойгуур ажлыг нь булааж авсан эрх мэдэлтнүүд ажилгүй суугаа намын нөхдөө ийнхүү хууль бус томилгооны дор энд тэнд шургуулж эхэлсэн бололтой.

Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийн захирагчийг мөн л хагалгаа хийлгэж, эмнэлэгт хэвтсэн хойгуур ажлаас нь халах тушаал гарган шинэ хүн томилсон баттай мэдээл ирээд байгаа. Энэ мэт байдлаар төрийн ажлыг цалгардуулан, албан хаагчдыг дур мэдэн халж солих болсноос хойш өдгөө 2000 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Төрийн албаны зөвлөл ч иймэрхүү ёс бус халаа сэлгээний талаархи өргөдөл гомдолд дарагдах дөхөж, “золиос”-ны хүмүүсээ дийлэхээ болиод байгаа гэнэ шүү.     

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.