Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар, санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэлээ

Twitter Print
2022 оны 02-р сар 18-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ..

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг, даалгавар санхүүжилтээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл тогтоогдсон. Иймд 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба, байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байжээ. Түүнийг өчигдөр үйлдэл дээр нь баривчилсан.

Тус баривчилгаа үзлэг, нэгжлэгийн ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын зөвшөөрлийн дагуу, хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн гэдгийг хэлье. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Тагнуулын ерөнхий газар нь тагнуул хийх, гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоох ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдалтай холбоотойгоор хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагаас тайлбар өгөх шаардлагыг удаа дараа тавьсан тул прокурорын байгууллагад уламжилж хэргийн талаар мэдээлэл хийх зөвшөөрөл авлаа. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийдэг хуулийн зохицуулалттай" гэлээ.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр мөн тагнуул хийж мөнгөн урамшуулал авсан Монгол Улсын иргэнд найман жилийн хорих ял оноосон талаар мэдээллээ. Тэрбээр "Монгол Улсын иргэн Л гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариунд мөнгөн урамшуулал удаа дараа авсан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч этгээдийг гэм буруутайд тооцон найман жилийн хорих ял оноожээ.

Мөн иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 19.4, 19.10 дугаар зүйлд зааснаар 2021 оны наймдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Улмаар прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна" гэлээ.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
19.10 дугаар зүйл.Тагнуул хийх
1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: "Тагнуул хийх" гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.