Махгүй баншны 15 жор

Twitter Print
2019 оны 02-р сар 06-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Баншны эх орон нь  Ази тив, түүний дотор Хятад гэж олонх судлаачид үздэг. Харин зарим ном, эх сурвалжид бичсэнээр  энэхүү түгээмэл хоол  Сибирь нутгаас, тодруулбал  Уралын чанад, Коми муж, Удмурт, эртний Пермь орчмын нутгаас гаралтай бөгөөд 14-р зууны сүүлч, 15-р зууны эхээр Оросын Европын хэсэгт нэвтэрсэн гэж үздэг. 

Нэгэн зэрэг олон тоогоор бэлтгэж, Сибирийн тэсхим хүйтэн агаарт хөлдөөж дараа нь уутанд савлан хадгалж гэр орондоо, аян зам, ан гөрөө хийж явахдаа ч чанаад идчихдэг энэ хоол магадгүй хүйтэн сэрүүн бүсээс гаралтайг үгүйсгэх аргагүй юм. Баншийг оросоор пельмени гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Коми, пермь хэлээр “пель-нянь” буюу монголчилбол “гурилан чих” гэсэн утгатай  үг аж.

Монголчуудын түгээмэл хоол болох боов, боорцгийн зүйлд мушгиа боовыг “морин чих” гэж нэрлэдэгтэй төстэй байгаа биз. Өөрөөр хэлбэл тухайн хоолны  хэлбэр дүрсээс энэ нэр үүсчээ. Европчуудын хувьд 13-р зуун хүртэл энэ хоолыг мэддэггүй байжээ.

Алдарт жуулчин Марко Поло хятад баншны анхны жорыг Сычуань мужаас Европт авчирснаар энэхүү хоол “хөгшин”  тивд нэвтэрч хожим түгээмэл болжээ. Сычаньд баншийг “хүтүн” гэж нэрлэдэг аж. Энд банш хийх арга ихээхэн өвөрмөц, бас хүндэтгэлтэй байдаг тухай эх сурвалжид өгүүлсэн буй. Азийн бусад улс үндэстнүүдийн хувьд ч банш, түүнтэй төстэй хоол ихээхэн түгээмэл байдаг. Зарим эх сурвалжид баншийг Хятадын зэрэгцээ  Дундад Азиас гаралтай хэмээн тэмдэглэсэн байдаг.  

Европын орнуудын хувьд банш, түүнтэй төстэй хоолны олон төрлийг үндэсний онцлогтоо тохируулан бий болгожээ.  Тухайлбал, Чех, Словакт “кнедлики”, Польшид “Кнели”, Франц, Италид “равиоли” зэрэг олон зүйл баншийг хийдэг байна. Эдгээр орнуудад баншийг төмс, гурил, тахианы мах, бяслаг, мөөг, бууцай зэргийг оруулан жижгэвтэр хэмжээтэй бэлтгэдэг байна.

Дундад Азийн орнууд, Узбек, Тажикт “чучвара” нэртэй жижиг банш хийдэг бөгөөд том хэмжээтэй, ууранд чанаж болгосныг “манты” гэж нэрлэнэ. Орос үндэстэн дээр үеэс  бүдүүн ширхэгтэй гурилаар томхон хэмжээтэй банш бэлтгэж үүнийгээ “колдун” гэж нэрлэдэг байжээ. Харамсалтай нь одоо колдун оросуудын хоолны цэснээс хасагдах хүртлээ мартагджээ. Түүнчлэн оросууд  “кундюмы” нэртэй банш хийдэг бөгөөд эдгээр нь шанз, хэмжээгээрээ ялгаатай ч үндсэндээ адил байдаг ажээ. Кавказад азербайжанчууд “дюшбара”, арменууд “бораки” нэртэй банш хийдэг. Монголчуудын хувьд малын мах, дотор мах, сүүл, ногооны зүйл, будаа, пүнтүүзээр шанзалсан баншийг нэлээд дээр үеэс битүү хоол, хүндэтгэлийн хоол идээний төрөл болгон хэрэглэж иржээ. 

Баншийг гол төлөв малын мах, гахай, шувуу, загасны мах, малын дотор махан шанзтай хийдэг ч махгүй баншны өч төчнөөн жор бий. Үүнээс заримыг нь хоол сонихогчид, гэрийн эзэгтэй нартаа толилуулж байна.

Хулуутай банш

Хулуу 500, булцуут сонгино 3-4 ш, дотор өөх 150-200, мах 150-200, гоньд, нунтаг улаан, хар повоор, ногоон сонгино, давс

Хальсалсан хулууг үрүүлээр жижиглэж татсан мах, дотор өөхтэй нийлүүлэн шанз бэлтгэнэ. Энэ баншийг махны шөлөнд чанаж болгох ба шөлтэй нь аягалж жижиг хярсан ногоон сонгино цацаж өгнө.

Төмстэй банш

Төмс 500, сонгино 400, шар тос 150, давс, нунтаг улаан, хар повоор

Төмсийг хальстай нь чанаж болгосны хальсыг хуулж нухаж бяцлаад тос, татсан сонгинотой хольж шанз бэлтгэнэ. Усанд 8-10 минут чанаж болгоно.

Мөөг, манжинтай банш

Жижиглэж хэрчсэн шинэ буюу давсалсан мөөг нэг аяга, дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг манжин, хоолны 2 халбага хэрчсэн сонгино, давс

Мөөгөө тосонд хуурна. Манжинг махны машинаар татна. Мөөг, манжин, сонгиноо нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ. 

Байцаа, төмстэй банш

Төмс 500, байцаа 250, булцуут сонгино 125, ургамлын тос, давс

Чанаж болгоод жижиглэсэн төмс, буцламгай усанд шалзалсан дарсан байцаа, түүхий сонгиныг нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ. Энэ баншийг зөөхийтэй хольж хэрэглэнэ.

Байцаа, үзэмтэй банш

Байцаа 400, хоолны 2 халбага хатаасан үзэм, цөцгийн тос, сүү

Байцааг гараар татаж жижиглээд цөцгийн тосонд бага зэрэг хуурна. Үүн дээрээ угаасан үзэм, цөцгийн тос, сүү нэмж 8-10 минут жигнэсний дараа хөргөөж шанз бэлтгэнэ. Баншийг усанд чанаж болгоно.

Цагаан луувантай банш

Дунд зэргийн хэмжээтэй цагаан лууван 2 ш, булцуут сонгино 1 ш, зөөхий 1/2  аяга, давс

Хальсалж цэвэрлэсэн цагаан лууванг үрүүлээр хярж хэрчсэн сонгино, зөөхийтэй нийлүүлэн амт тохируулж шанз бэлтгэнэ. Баншаа буцламгай усанд 15-аас доошгүй минут чанаж болгоно. Мөн цагаан лууванг үрүүлээр жижиглэж халуун усанд базаж гаргаад цөцгийн тос, түүхий өндөгтэй нийлүүлж шанз бэлтгэж болно.  

Ногоон сонгинотой банш

Ногоон сонгино 500-600 г, өндөг 5-6 ш, хоолны 2 халбага цөцгийн тос, давс

Арилгаж цэвэрлэсэн ногоон сонгиныг хэрчээд цөцгийн тосонд зөөлөн хуурсны дараа чанаад жижиглэсэн өндөгтэй нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ. Энэ баншийг усанд 5-6 минут чанаж болгоод зөөхийтэй хольж хэрэглэнэ.

Хурган чихтэй банш

Хурган чих 150, тос 20, саахар 20

Хурган чихийг гараар татаж цөцгийн тосонд бага зэрэг хуурч саахраар амт тохируулан шанз бэлтгэнэ. Баншийг 8-10 минут чанаж болгоод зөөхийтэй хольж хэрэглэнэ. 

Сонгино, өндөгтэй банш

Жижиглэж хэрчээд хуурсан сонгиныг болгож хэрчсэн  өндөгтэй нийлүүлж шанз бэлтгэнэ. Шанзанд орох сонгино, өндөгний харьцаа 2:1 байна. Энэ баншийг зөөхийтэй хольж хэрэглэнэ.

Шинэ мөөгтэй банш

1-р хувилбар: Шинэ мөөгний таташ 2 аяга, булцуут сонгино 1 ш, хайлуулсан цөцгийн тос, давс, повоор

2-р хувилбар: шинэ мөөг 125, эсвэл хатаасан мөөг 30, сонгино 35, давс повоор

Цэвэрлээд жижиглэж хэрчсэн мөөгийг буцламгай халуун усанд дүрж шалзалсны дараа сонгино, амт оруулагч, хайлуулсан тос нэмж шанз бэлтгэнэ. Баншийг 15 минутаас илүүгүй чанаж болгон зөөхий дусааж өгнө. Жорын 2-р хувилбараар банш хийхдээ мөөгөө урьдчилан чанаж болгоно. Хатаасан мөөгөөр банш хийхдээ хүйтэн усанд 3-4 цаг дэвтээсний дараа тэр усанд нь чанаж болгоод жижиглэж хэрчинэ.

Өндөг, мөөгтэй банш

Өндөг 10 ш, хатаасан мөөг 40, сонгино 50, давс, повоор

Дэвтээсэн мөөгийг шүүснээс нь базаж гаргаад жижиглэн хэрчиж сонгинотой хамт хуурна. Гүйцэд чанаж болгосон өндгийг жижиглэж хэрчээд мөөг, сонгинотой нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ. 

Аарцтай банш

Аарц 500, элсэн чихэр 100, үзэм 100, цөцгий 100, зөөхий юмуу шар тос 100

Аарцанд элсэн чихэр, дэвтээсэн үзэм, цөцгий хольж найруулан шанз бэлтгэнэ.

Интоортой банш 

75 грамм зуурмагт ясгүй интоор 100, элсэн чихэр 20, зөөхий 50

Нэг баншинд 2-3 ширхэг томхон хэмжээтэй интоор байхаар бодно. Усанд чанаж болгоно. Баншаа гаргаж таваглаад элсэн чихэр цацаж зөөхий цутгаж олгоно.

Хасарвааньтай банш

хасарвааний жимс 400

Хасарвааний жимсийг ялгаж угаагаад усанд зөөлөртөл чанаж болгосны дараа хальсалж ууранд нүдэж нунтаглана. Дараа нь элдсэн гурилд боож чимхээд буузны жигнүүрт өрж ууранд чанаж болгоно.

Хатаасан жимстэй банш

Чангаанз 150, хатаасан, ясгүй интоор 100, хатаасан амтат гуа 100, үзэм 100, шар тос 150, давс, шөл

Угаасан жимсний зүйлээ машиндаж шар тос нэмж хутган шанз бэлтгэнэ. Бэлтгэсэн шанзаар хийсэн баншаа махны шөлөнд чанаж болгоно.

Ж.Октябрь 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.