Халхын голд дөрвөн сар дээлээ тайлалгүй тулалдаж явсан Монгол улсын баатар П.Шагдарсүрэн

Twitter Print
2019 оны 08-р сар 20-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Халхын гол, Хайлааст манханы тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн. БНМАУ-ын маршал, ерөнхий сайд асан Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, туслах, ГЯЯ-ны сайд асан, Халхын голын байлдаанд оролцож явсан, Штабын дарга, ахмад дайчин П.Шагдарсүрэн 80 жилийн өмнө Дорнодын талд болсон тулалдааны амьд гэрч нь билээ. П.Шагдарсүрэнд Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуудан 2014 онд Монгол улсын баатар цол хүртээсэн юм. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн, эх орон тусгаар тогтнолыг алтан амиараа хамгаалан байж бидэнд үлдээсэн түүхт хүн П.Шагдарсүрэн гуайн тухай уншигч танд хүргэж байна.

"Энэ биеэ Монгол төрийн сэлэмний ир, жадны үзүүр хэмээн сэтгэж гагцхүү Монгол төрийн төлөө үрэгдэхэд харамсах гарзгүй" Ардын Хатанбаатар ван Магсаржав…

1939 онд болсон Халхын  голын дайнд оролцсон  ахмад дайчин одоо Монгол Улсад 30 гаруйхан амьд мэнд байгаа гэж дайнд оролцогсдын Монголын хороонд бүртгэгджээ. Тэр дайнд дивиз, хороо, суман зэрэг цэргийн ангийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан дарга /офицер/ эдүгээ өдрийн од болжээ.

Сайн эрж шүүвээс Дорнод аймгийн Тамсагбулагт Д.Сүхбаатарын нэрэмжит морьт 01 дивизийн 17 дугаар моры хорооны штабын даргаар дайн эхлэхээс дуустал ажиллаж байсан ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэн эдүгээ 101 гаран настай Улаанбаатар хотноо Чингэлтэй дүүргийн IV хороонд эрүүл мэнд, энх амгалан аж төрж сууна. П.Шагдарсүрэн бол Төв аймгийн Баянбараат сумын нутагт 1918 онд морин жил малчны гэр бүлд төрсөн, багаасаа мал маллаж байгаад нийслэл хотноо бага, дунд сургууль төгсч, 18 нас хүрээд 1937 онд сайн дураараа цэргийн ерөнхий сургуульд оржээ.

Уг сургууль нь 1921 онд Д.Сүхбаатар жанжны санаачилгаар анх байгуулсан манай улсын ууган сургуулийн нэг. Цэргийн бага, дунд тушаалын дарга нарыг бэлтгэдэг тус сургуульд П.Шагдарсүрэн суралцсанаараа морин цэргийн дарга болох гэсэн хүүхэд ахуйн хүсэл мөрөөдөлдөө хүрчээ. Тэрбээр үеийн нөхдийн хамт идэвхтэй суралцдаг байв. 1938 оны сүүлчээс манай орны Дорнод хилээр Японы түрэмгийлэгчид халдан довтолсоор байв. Иймээс Бүх цэргийн жанжны тушаалаар төгсөх ангийнхныг хугацаанаас нь өмнө 1939 оны гуравдугаар сарын эхээр төгсгөв. Тэдгээр төгсөгчдөөс хэсэг нөхөд цэргийн анги нэгтгэлүүдэд дээд ахлах тушаалын даргаар шууд томилогджээ.

Пунцагийн Шагдарсүрэн Тамсагбулагийн морьт VI дивизийн моры 17 дугаар хороонд штабын даргаар 21 насандаа ахмад цолтой томилогдон очжээ. Түүнтэй хамт төгсөгчдөөс мөн штабын туслах, байлдааны ангийн даргаар Н.Дугаржав, тагнуул ангийн даргаар Н.Баатар нар томилогдон очсон аж. Шинэ томилогдож очсон тэднийг 1939 оны гуравдугаар сарын 10-нд VI дивизийн дарга Ч.Шаарийбуу, комиссар Д.Пэлжээ, 17 дугаар хорооны дарга Л.Дандар нар сургагч, бусад дарга нартайгаа угтаж анги, нэгтгэлээ болон цаг үеийн байдлыг танилцуулж, жинхэнэ ажилд нь оруулжээ.

Морьт 17 дугаар хороо бол Ардын хувьсгалт цэргийн анхны ангийн нэг. Харийн дайсны халдлага дайралтанд хатуу цохилт өгч байсан дайчин түүхтэй. Бид богино хугацаанд хорооныхоо ажил, цэргүүдийн аж байдалтай танилцаж, танхимд сурч мэдсэнээ амьдрал дээр нүдээрээ үзэж биеэрээ хийж эхлэв. Хорооны дарга, комиссар, сургагч нарын зөвлөмж дэмжлэг, өөрийн туслахууд болон хуучин дунд, бага дарга нарын туслалцаа, хамтын чармайлтаар ажил үүргээ амжилттай биелүүлж байдаг гэж П.Шагдарсүрэн гуай дурсан ярьдаг.

Японы түрэмгийлэгчид халдан довтлох нь улам нэмэгдэж дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр Япон-Манжийн цэргүүд Сүмбэрийн заставын чиглэлээр хэдэнтээ халдлага хийв. Тавдугаар сарын 11-нд дайсны хоёр томоохон анги зүүн хилд гэнэт довтлон ширүүн тулалдаан болж манай хилчдээс амь эрсдэж шархадсан билээ. Тавдугаар сарын 16-ны өглөө дайсны хоёр нисэх онгоц Тамсагбулагт байгаа VI дивизийн дээгүүр нисч тагнан туршив. Тавдугаар сарын 17-нд тус дивизь ангиуд Хамар давааны чиглэлээр хурдавчилсан марш /аялал/-аар довтлон явсаар Халхын голд хүрчээ.

Манай цэрэг дайчид байлдааны бүх бэлтгэлээ хангаад дайран ирэх дайсанд үхлийн цохилт өгөхөд бэлхэн зориг төгөлдөр байсан гэж П.Шагдарсүрэн гуай дурдсан байдаг. Л.Дандарын хорооныхон дайсантай байлдахад тэргүүн шугамд гарахаар байрладаг байв. Тэднийг Хамар давааны нэг хавцалд түр байрлахад Японы гурван нисэх онгоц гэнэт дайран бөмбөгдөж сандаргасан ч хохирол үзсэнгүй.  Харин их өвсөнд түймэр гарч түүнийг унтраажээ. Тавдугаар сарын 25-нд VI дивиз Халхын голыг гаталж улсын хилд байрлах газраа эзлэв.

Дивизийн дарга Ч.Шаарийбуугаас П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёрыг дуудаж, дивизийн штабын орон тоо дутуу учир дивизийн штабын байлдааны ангийн даргаар П.Шагдарсүрэнг, тагнуул ангийн даргад Н.Дугаржавыг түр томилжээ. Тэp хоёр шинэ албан тушаал гүйцэтгэх болов. VI дивизийнхэн улсын хилийн дагуу өргөөшөө 15 км, фронтоор тавдугаар сарын 26-ны өдөр байлдааны үүрэг гүйцэтгэн байраа эзэлжээ.

Дайсан ажиглан тагнаж байдал хүндэрч байлдааны гал нээхэд бэлхэн болжээ. Тавдугаар сарын 28-ны үүрээр дайсны хүч нэмэгдүүлсэн явган цэргийн болон моторчилсон ангиуд VI дивизийн чиглэлээр довтлон давшиж ирснээр Халхын голын дайн эхлэв. Өглөөний 7:30 цагт ангиудтай барих утсан холбоо тасрав. Энэ мөчид дивизийн дарга Ч.Шаарийбуугаас П.Шагдарсүрэнг 17дугаар хороо руу, Н.Дугаржавыг 15 дугаар хороо руу явуулж байлдааны явцтай танилцаад түргэн буцаж ирэхийг тушаажээ. Моры 17 дугаар хорооныхон довтлон ирсэн 800 шахам дайсныг бут цохиж шархдаж бууж өгсөн 20 шахам япон, олон зэр зэвсэг олзолжээ.

Тэд анхны ялалтдаа. баяр хөөртэй байсанд нь штабын дарга байсан П.Шагдарсүрэн талархал хүргээд дараагийн тулалдаанд сайн бэлтгэж сонор соргог байхыг үүрэг болгожээ. Дивизийн штабын байлдааны ангийн дарга түр болсон П.Шагдарсүрэн дивиз рүүгээ буцаж явтал хорооны штабын араас Японы дөрвөн машин цэрэг буугаад давшиж байгаа харагдав. Их бууны дивизион дээр П.Шагдарсүрэн давхин очиж нөгөө машинаас буусан дайсан руу гал нээх боломжтой байрлал түргэн эзлэх үүрэг өгөөд дивиз рүүгээ явтал дивизийн штабын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Осор тосон ирж, "Дивизийн штаб дайсанд бүслэгдсэн, дарга Шаарийбуу сургуулийн суман руу яваад ирээгүй, сургагч шархадсан учир комиссар Пэлжээ хуягаар ар тал руу аваад явсан. Холбооны цэргээс амьд үлдсэн нь ар тийш гарсан" гэжээ.

Тэр хоёр дарга /П.Шагдарсүрэн, Ж.Осор/ тэндээс их бууны дивизион дээр эргэн очиж арваад цэрэг аваад Халх гол руу гарах зам хайхаар Хайлстын голын эхэнд очтол Японы цэргүүд хэсэг хэсгээр хойшоо сандран гүйцгээж байв. Тэднийг буудав. Өөдөөс буудалцах сөхөөгүй байсан тэд хойт элст манхан тийш зугтан арилав.

"Ингэж атаат дайсныг би анх буудаж билээ. Бид энэ өдөр Японы арав гаруй цэргийг винтовоор онь холбон буудаж устгаад ар талд үлдсэн өөрийн ангиудыг Халх гол руу орох замыг нээсэн" гэж П.Шагдарсүрэн гуай хэлдэг. Манай Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлтийн улаан армийн төрөл бүрийн цэргээс бүрдсэн нэмэгдэл их хүч дөнгөж ирээд байв. Тавдугаар сарын 28-ны үүрээр хил дээр болсон тулалдааны мэдээг сонсонгуут Тамсагбулагт байсан Зөвлөлтийн цэргийн ангийн түрүүч нь Халх голд ирж, японууд Халхын голын гармыг яг эзлэх гэж байхад нь эсрэг тулалдаж дайсны гол хүчийг тавдугаар сарын 29-30-нд бут цохиж, үлдсэн хэсгийг улсын хилээс хөөн гаргав.

Энэ өдрүүдийн байлдаанд япон манжийн 3000 гаруй дарга, цэрэг алагдаж шархдан олон тооны зэвсэг техникээ орхин ухарчээ. Тавдугаар сарын сүүлчийн өдрүүдийн тулалдаанд VI дивиз дайсны бүслэлтэд орж, сургуулийн суман болон холбооны 50 гаруй цэрэг, дарга амь үрэгдэж шархадсан, дивизийн дарга Ч.Шаарийбуу алтан амиа өргөж гүн эмгэнэл хохирол үзэв. Харин энэ тулалдаанд тус дивизийн ангиудаас Л.Дандарын захирсан 17 дугаар моры хороо гарамгай байлджээ. Дээд командлалаас хороогоо онц гарамгай удирдсан Л.Дандарыг VI дивизийн даргаар дэвшүүлж, П.Шагдарсүрэнг 17 дугаар хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Хэрэв П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёр Ч.Шаарийбуу даргын үүрэг томилолтоор өөр хороо руу яваагүй бол мөн тэнд дайсны суманд өртсөн ч байж болох.

Ч.Шаарийбуу бол мартагдаж үл болох дайчин дарга ажээ. Тавдугаар сарын тулалдааны дараа VI дивиз фронтын зүүн жигүүрт Баянцагааны Хөх өндрийн нуруунд хориглон Халхын голын цаана буй дайсны хүч хөдөлгөөнийг хянан тагнах үүрэг гүйцэтгэж байв. Халхын голын байлдааны эхний үед Японы сөнөөгч онгоцууд агаараас бөмбөгдөж аюул занал багагүй учруулж байжээ. Зургадугаар сарын дундуур Зөвлөлтийн алдарт нисэгчид очиж Халх голын тэнгэрт Японы онгоцуудыг хиар цохиж эхлэв. Зарим өдөр хоёр талаас 100-гаад онгоц оролцсон аймшигт тулалдаан болдог байж. Зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 90-ээд онгоц, Японы 120-иод онгоцтой халз дайтаж агаарын аймшигтай, гайхмаар дайн анх удаа Халхын голын тэнгэрт болсныг тэр дайнд оролцож явсан ахмад дайчид дурсан ярьдаг.

Японы эзлэн түрэмгийлэгчид тавдугаар сарын байлдаанд бут цохигдоод хилийн ойролцоо хүчээ нэмэгдүүлэн дахин довтлох бэлтгэл хийж байв. Долдугаар сарын 2-ны орой Японы тал 30000-аад цэрэг, олон арван их буу, танк,