А.Венгер сургамж авдаггүй дасгалжуулагч гэдгээ дахин харууллаа

Twitter Print
2015 оны 03-р сар 18-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Урд шөнө хоёр тоглолт болж, Францын “Монако”, Испанийн “Атлетико Мадрид” шөвгийн наймд шалгарлаа.

Өмнөх долоо хоногт Испанийн “Реал Мадрид”, Германы “Бавари Мюнхен”, Португалын “Порту”, Францын “ПСЖ” багууд дунд шөвөгт шалгараад байсан. Харин маргааш шөнө  Испанийн “Барселона”-Английн “Ман.Сити”, Италийн “Ювентус”-Германы “Боруссия Дортмунд” багуудын тоглолт болно.

“Арсенал”-“Монако” 2014-2015 оны улирлын хасагдах шатанд оноолт таарсан багуудаас хамгийн ойролцоо хоёр нь байлаа. Өөрөөр хэлбэл хэн нь ч дараагийн шатанд үлдэх боломжтой юм. “Монако” 2004 онд гайхалтай тоглолт үзүүлж, дэд байрт шалгарснаас хойш 2005 онд шөвгийн 16-д үлдсэн. Түүнээс хойш есөн улирал “Аваргуудын лиг”-ийг өнжсөн. Тэдний өрсөлдөгч “Арсенал” 1999 оноос хойш энэ тэмцээний хасагдах шатанд үлдэж байгаа Европын шилдэг клубын нэг аж.

Гэхдээ талбай дээр өмнө нь ямар амжилт гаргаж байсан нь тийм чухал биш. Хоёр багийн эхний тоглолт Лондон хотын “Эмиратес” цэнгэлдэх хүрээлэнд болоход “Их буучид” тун хангалтгүй тоглосон. А.Венгерын шавь нар үргэлж хүчтэй өрсөлдөгч байдаг ч тэдэнд цом авах ямар ч хүсэл эрмэлзэл байдаггүй нь сүүлийн таван улирлаас харагдаж байна. “Монкао”-той тоглоход л 90+1 дэх минут буюу төгсгөлийн мөчид А.О.Чемберлен нэр төрийн нэг гоолыг оруулсан. Харин Францын багаас Кондогба, Д.Вербатов, Феррейра-Карраско нар гоол оруулж, хүчтэй өрсөлдөгчөө гэрт нь 3:1-ээр буулган авсан.

Хариу тоглолтонд тэнцхэд л “Монако” шөвгийн шалгарах байсан урд шөнийн тулаан сонирхолтой боллоо. Талбайн эзэн эхнээсээ хамгаалан тоглосон нь алдаа болж “Арсенал”-ын О.Жиру 36 дахь минутанд эхний гоолы оруулсан. Улмаар хоёр дугаар хагасын 79 дэх хоромд А.Рэмси хоёр дахь гоолыг хийжээ. Одоо нэг л гоол оруулахад “Их буучид” бүтэшгүй даалгаварыг бүтээх байлаа. Харин үүнээс хойш Францын хамгаалагчид учраа олж, дахин гоол алдсангүй. Улмаар “Монако” айлын талбайд илүү гоол оруулсан гэсэн үзүүлэлтээр дараагийн шатанд шалгарлаа.

Тэдний өрсөлдөгч “Арсенал” 2011 оноос хойш сүүлийн таван улиралд шөвгийн 16-гаас цааш явсангүй. 2010-2011 онд Испанийн “Барселона”-д 3:1, 1:2, 2012 онд Италийн “Милан”-д 4:0, 0:3, 2013 онд Германы “Бавари Мюнхен”-д 1:3, 2:0, 2014 онд мөн “Бавари”-т 1:1, 2:0-ээр хожигдон, тэмцээнээ дуусгаж байв.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.