
Б.Сэр-Од марафоны дэлхийн аваргын 26-р байрт орлоо
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орегон мужийн Южин хотод үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн өчигдөр болоход Монголын тамирчин Б.Сэр-Од 26-р байрт орлоо.
Нийт 63 тамирчин оролцсон марафоны тэргүүн байрт Этиопын Тамират Тола 2 цаг 05 минут 36 секундэд барианд орж түрүүлсэн бол Б.Сэр-Од 2 цаг 11 минут 39 секундээр 26-р байрыг эзэлсэн.
Өдгөө 40 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш нэг ч олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алгасалгүй орсон амжилтаараа түүх бүтээж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------
Энэ оны 5-р сард Дэлхийн Хөнгөн Атлетикийн холбооны албан ёсны сайтад Монголын марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Одыг онцолсон юм. Тус нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Магадгүй та түүнийг анзаарч байгаагүй байх, гэхдээ та түүнийг марафон гүйлтийн дэлхийн шилдэг тамирчдын дунд гүйж явааг гарцаагүй харсан байх.
Монгол улсын марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од Олимпын наадамд нэг ч удаа түрүүлж байгаагүй. Марафоны дэлхийн рекорд болох 2:08 хугацааг ч эвдэж, дэлхийн аваргын тэмцээнд эхний 15-д ч багтаж байгаагүй.
Гэхдээ 40 настай Сэр-Одын гаргаж амжаагүй амжилтуудаас илүү өнгөрсөн хугацаанд түүний туулсан зам, үл шантрах зан чанарыг онцлохгүй байхын аргагүй юм.
2003 оны Дэлхийн Хөнгөн Атлетикийн ДАШТ-ээс хойш Б. Сэр-Од дэлхийн аваргын 14 тэмцээнд оролцжээ. Тэрээр Парисын марафонд 63, Афинд 74, Хэльсинкид 61, Осакад 55, Бээжинд 52, Берлинд 29, Дэгүд 19, Лондонд 51, Москвад 35, Бээжинд 38, Риод 92, Лондонд 48, Дохад 54-р байранд тус тус орж байсан бол Токиод уралдаанаа дуусгаж чадаагүй аж.
Токиогийн марафоны үр дүнгээс болж хоёр сарын турш үргэлжилсэн сэтгэл гутралаас Б. Сэр-Од өөртөө шинэ зорилго тавьснаар гарч чаджээ. 2024 оны Парисын Олимпын наадамд оролцох эрхээ авч чадвал тэрээр Олимпын наадмын марафоны төрөлд 6 удаа оролцсон анхны тамирчин болох юм.
Б. Сэр-Одын хэлж байгаагаар өнөөдрийг хүртэл тэрээр марафон гүйлтийн нийт 74 тэмцээнд оролцжээ. Тэрээр Бостоны марафон гүйлтийн аварга Дезирэ Линдэний, "оролцсоор л бай" гэсэн алдартай ишлэлийн бодит жишээ гэж хэлж болох юм.
АНУ-ын Орегон мужид ирэх 7-р сард зохион байгуулагдах Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах Орегон22 тэмцээн нь Б. Сэр-Одын оролцсон дэлхийн аваргын 10 дахь тэмцээн болох ба өөр ямар ч гүйлтийн тамирчин ийм амжилтанд хүрч чадаагүй билээ.
Спортын төрлүүдээс марафон гүйлтийн төрөл хамгийн их хэцүү нь гэж болох бх тамирчид хэсэг хугацааны дараа уг спортоо орхидог бол 20 жилийн турш уг спортоор тууштай хичээллэж, тэмцээн уралдаан алгасдаггүй Б. Сэр-Одын нууц юунд байна вэ?
Тэрээр, "Хоёр зүйл л байгаа. Нэг нь би гүйх дуртай, гүйж байхдаа би хамгийн аз жаргалтай байдаг. Нөгөө нь үргэлж дэргэд минь байдаг гэргий маань юм. Гэргий минь миний дасгалжуулагчаар 17 жил ажиллаж байна. Гүйж байхыг маань хараад, хажууд түшиг тулгуур болж байгаа нь бүгдийг үнэ цэнэтэй болгодог." гэв.
Монгол улсаас дэлхийд танигдсан марафон гүйлтийн тамирчин олон төрөх боломжгүй нь ч учиртай аж. Өвөл өдөртөө - 15 хэм, шөнөдөө - 40 хэм хүрнэ. Ийм нөхцөлд марафон гүйлтийн тамирчинд тогтмол бэлтгэл хийх боломж үгүй юм. Өвөл гарч гүйхдээ Б. Сэр-Од 4-5 хувцас давхарлан өмсөнө. Төд удалгүй 1-2 цагийн дараа урьдчилж халаасан машиндаа орж сууж дулаацна.
Тэрэр далайн төвшнөөс дээш 2000 м өндөрт байрлах Говь-Алтай аймагт өсч торнисон ба 12 настайдаа нийслэл Улаанбаатарт гэрийнхэнтэйгээ нүүж иржээ.
Б. Сэр-Од бага ангидаа анх спортын өдөрлөгөөр гүйлтийн тэмцээнд 1-р байрт орсоноосоо хойш гүйлтийн спортод сонирхолтой болжээ.
14 настайдаа гүйлтийн спортоор албан ёсоор хичээллэж эхэлжээ.
Тэрээр, "Би тийм ч сайн байгаагүй ч урт зайнд гүйх дуртай байсан. Сиднейн Олимпын марафон гүйлтийн тэмцээнийг анх үзчихээд, өөртөө дараагийн Олимпын наадмын марафон гүйлтийн тэмцээнд заавал оролцоно гэсэн зорилго тавьсан." гэжээ.
Анх 2002 онд анхныхаа марафонд оролцож, жилийн дараа Парисын Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2:26:39 амжилт үзүүлж, Монгол улсынхаа рекордыг 10 минутаар эвджээ.
Монголд марафон гүйлтийн спорт тийм ч сайн хөгжөөгүй байсан учраас Б.Сэр-Од явц дундаа бүгдийг өөрөө сурчээ.
Тэрээр, "Яаж бэлтгэл хийхээ ч мэддэггүй байсан. Намайг анх гүйж эхэлж байхад марафоны тухай сайн мэддэг хүн ч байгаагүй. Тэгээд хэд хэдэн тэмцээнд оролцсоныхоо дараа би "Амжилтаа сайжруулахын тулд би одоо ямар алхам хийх нь зөв бэ?" гэж бодох болсон." хэмээн ярив.
2004 онд Афинд анхны Олимпын наадамдаа оролцоод замаа 2:33:24 хугацаанд дуусгаж 74-р байранд орсон бол Бээжингийн Олимпын наадамд оролцох үеэрээ илүү туршлагатай болсон байв.
"Бээжингийн Олимпод оролцох эрхийг авахын тулд 2 цаг 14 минутын амжилт гаргах ёстой байсан. Тэр үед бүгд л Монголчууд марафонд гүйж чаддаггүй, чи хэзээ ч 2 цаг 14 минутад амжихгүй гэж хэлж байсан. Тал талаас л эмэгтэй тамирчдын хэмжээнд ч хүрч чадаагүй байж яаж 2:14 хугацаанд амжих юм? гэж байсан ч би бэлтгэлээ хийсээр л байсан."
Тэрээр 2:14:15 амжилт үзүүлж, Бээжингийн Олимпын наадамд оролцох эрхээ авчээ. 2010 онд улсынхаа рекордыг 2:12:35, 2011 онд 2:11:35 болгож тус тус эвджээ.
2011 онд Дэгүд болсон Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд урьд урьдынхаа амжилтуудыг эвдэж, 19-р байранд орж, дараа жил нь улсынхаа рекордыг 2:11:05 болгожээ.
2009-2012 онуудад тэрээр гэргийн хамт Их Британид хамаатныдаа амьдарч, бэлтгэлээ хийсээр байв.
2014 онд Б. Сэр-Од Японы NTN компанийн багт албан ёсоор орсон ба энэ оныхоо 12-р сард Монгол улсын рекордыг 2:08:50 болгож, марафон гүйлтийн бүхий л тэмцээн уралдаанд алгасалгүй оролцжээ.
Cathal Dennehy for World Athletics
Эх сурвалж: worldathletics.org
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.