Нисэх онгоц хоорондоо 90 км зайтай нисдэг байсныг 30 км болголоо

Twitter Print
2015 оны 03-р сар 17-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын иргэний нисэхийн салбар агаарын хөлөг хоорондын аюулгүйн зайг 30 км болгож, шинэ үйлчилгээнд шилжлээ.

Өмнө нь манай улс агаарын замаараа гадаад, дотоодын бүх онгоцыг хооронд нь 150 км зайтай нисгэдэг байсан бол бодит ажиглалтын систем буюу радиолокатор суурилуулснаар 90 км болгож багасгасан. Харин одоо энэхүү зайг гурав дахин багасгаж байгаа юм.

Иргэний нисэхийн салбартаа нэвтрүүлж буй манай улсын энэхүү шинэ үйлчилгээг хоёр хөрш төдийгүй бусад орны агаарын тээвэрлэгч нар дэмжиж байгаа аж.

Энэ ажилд шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бичиг баримтуудад өөрчлөлт оруулах гээд олон ажлыг иргэний нисэхийн салбарынхан амжуулжээ. Мөн энэ ажилд чухал шаардлагатай нислэгийн удирдагч нарыг бэлтгэх үүднээс Тайландын вант улсын “Aerotai” компанитай хамтран, нислэгийн удирдагч нараа таван удаа сургалтад хамруулсан байна. Үүнээс гадна ОХУ, БНХАУ-тай гэрээгээ шинэчлэн байгуулжээ.

Дэлхийн орон төдийгүй манай хоёр хөршид энэ зай 30 км байжээ. Хоёр хөршийн нутаг дэвсгэрээр хоорондоо 30 км зайтай нисэж байгаад нисгэгч нар манай улсын агаарын хилээр орж ирэхдээ хоорондын зайгаа 60 км болгож холдуулдаг байсан аж. Энэ нь нисгэгч нарт хүндрэлтэйгээс гадна Монгол Улсын агаарын хил дээр цуваачлал гэх асуудал үүсдэг байжээ. Үүнийг удирдан зохицуулахын тулд Монголын нислэгийн удирдагч нараас ч чамгүй ур чадвар, анхаарал, хариуцлага шаарддаг байж.

Манай улсыг өдөрт 250-280 онгоц дайрч өнгөрдөг бол долоо хоногт энэ тоо 1570-1575 болж нэмэгддэг байна. Ийнхүү онгоцнуудыг хооронд нь 90 км зайтай нисгэдэг улс цөөхөн байдаг бол манайх энэ зайг 30 км болгосноор нислэгийн үйчилгээ олон улсын жишигт хүрч, Монгол Улсын агаарын зайд онгоц ашигтай цаг, өндрөөр нисэх боломж бүрдэн, үүнээс үүдэлтэйгээр нислэг цуцлагдахгүй болох юм. 

Мөн манайхыг дайрч өнгөрөх агаарын хөлгийн тоо нэмэгдэн, Монгол Улсын агаарын замын аюулгүй байдлын үнэлгээ олон улсад сайжрах давуу талтай.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.