Энэ жил МАН хэмээх улс төрийн бие даасан байгууллага үүссэний 100 жилийн ой тохионо

Twitter Print
2020 оны 03-р сар 01-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

1918 оны сүүл үеэс Нийслэл Хүрээнд Д.Бодоо, Д.Чандаржав тэргүүтэй Консулын Ө.Дэндэв С.Данзан тэргүүтэй Хүрээний, С.Магсаржав тэргүүтэй Угсаатны хэмээх нэртэй улс төрийн үзэл бодол дор санаа нэгдсэн хүмүүсийн сайн дурын үүсгэл санаачлагын бүлгэм дугуйлан байгуулагдаж улс орныхоо тусгаар тогтносон байдлыг бататган бэхжүүлэх санаа зорилго бүхий хүмүүсийг энд тэнд нам сэм цуглуулан зөвлөлдөж эхлэжээ.

Тэдний үйл ажиллагааг Хятадын генерал Сюй Сүжэний сүрдүүлэг улам эрчимжүүлсэн юм. Тухайн үед нийгмийн байр сууриараа ижилссэн 3 бие даасан бүлэглэл Монголд бий болоод байсан гэж үзэж болно.

Д.Бодоо нарын бүлгэм-н зурган илэрц

Хожим "Ардын нам" нэр дор нэгдсэн Хүрээ болон Консулын бүлгээс гадна эзэн эрхээ сэргээхийн төлөө Угсаатны буюу ноёдын нам хэмээх бүлэг бас нэлээд эрчимтэй ажиллаж санаа бодлоо солилцон хэрхэхийг хэлэлцэж байсан юм. Энэ бүлэгт Хатанбаатар ван Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Шадар сайд, Чуулган дарга Дайчин жонон ван Цогбадрах, Эрдэнэ шанзудба Дашжав, Да лам Пунцагдорж, лам бэйл Лувсанбалдан, бэйс Лувсанжанцан нарын зэрэг нэлээдгүй хүмүүс оролцож Хятадаас салах оновчтой арга эрэлхийлэн автономитийг дахин босгох бичиг сэлт үйлдэн халхын олон ван ноёд, Хүрээний хэргэмтэн лам нарын нэрээр Оросын консулд өгөх, мөн Бээжинд суугаа Америк, Англи, Японы элчинд хандан учир байдлаа танилцуулж Хятадтай зуучлан туслаж өгөхийг гуйх зэргээр ажиллаж байсан юм.

Яваандаа дээрх бүлгэмийн гишүүд бие биеэ мэдэлцэн нүүр учран уулзалдаж явсаар 1920 оны эхээр нэгдэн хамтрах тухай санаа нэгдэн ярилцаж “...бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй дан ганц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны зовлонгоос гэтэлгэж, амар түвшнийг олгох замыг нээгдүүлэн соёрх” гэсэн үгийг хадган дээр сүүгээр бичиж Хүрээний улаан сахиусны өмнө өргөн зул хүж шатааж, энэ хэрэгт бидний бие няцалт буцалтгүй зүтгэсүгэй хэмээн тангараг өргөжээ.

Д.Бодоо нарын бүлгэм-н зурган илэрц

Эдгээр бүлгүүдэд Данзан, Дэндэв, Догсом, Дугаржав, Сүхбаатар, Жамьян, Балсанов, Юмтаров, Галсан, Тогтох, Даш, Цэнд, Бодоо, Чойбалсан, Жигмид, Шагдаржав, Намсрай, Алтангэрэл, Бавуу, Лосол, Базаров, Баяр нар нэгдэж улсын засаг мөхөх, мандахыг хэлэлцэн олны дотор суртал бодлоо сэм болон ил таниулж өдөр бүр эгнээ хүрээгээ өргөжүүлэн тэлж байхаар тогтжээ. Тангараг өргөж нэгдсэн нөхдийн хийсэн улс төрийн үйл ажиллагааны эхний алхам нь нийт монголчуудын жигшил дургуйцлийг туйлийн ихээр хүргэж байсан түрэмгийлэн эзлэгч Сюй Сүжэний хашааны хаалган дээр 1920 оны 3 дугаар сарын үед бичиг нааж өөрсдийгөө зарлан тунхагласан төдийгүй уур цөхрөлд автагдаад байсан ард олны итгэлийн галыг сэрээж тэмцлийн очийг бадраасан юм.

Д.Бодоо нарын бүлгэм-н зурган илэрц

Тангарагт нөхдийн тэрхүү ухуулан сэнхрүүлэх бичигт “Эрдмийг судлаж улсыг засахыг эрмэлзэх байтугай харин нэгэн биеийн угсаа, өндөр эрх тушаал ихэд эрдэж энгийн аж төрөх шударга номхон ардыг хилс дарлаж алба гувчуурыг ёсны гадна авах ба ёсыг тэрслэн журмыг умартаж эрдэмтнийг аглаг, зусар бялдуучийг ойр болгон үзэж... дан биеийн гэдэс цатгаланаар санаанд нийлүүлэн жаргахыг хичээхээс өөргүйд хүрсэн нь одоо цагт нийлэлцэхгүйд хүрчээ... гээд одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулна” гэсэн байдаг.

Энэ тангарагт нөхдийн дуу хоолой монгол түмнийг сэрээж, шинэ Монголыг байгуулах үзэл санааны мөрийн хөтөлбөр болсон юм.

Миний хувьд, МАН хэмээх улс төрийн бие даасан байгууллага 1920 оны 6 дугаар сарын 25-нд Монгол оронд байгуулагдсан гэж үздэг юм. Энэ онд 100 жилийн ой нь болно.

Түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.