Эр цэргийн баяр боллоо, гэвч...

2017 оны 03-р сар 18-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. Сүүлийн үед эрчүүдийн баяр гэсээр байгаад бүр нийгэм тэр чигтээ дасчихсан энэ баярыг угтаа Монгол цэргийн өдөр гэдэг билээ. Энэ өдөр Монгол улсын Зэвсэгт хүчний 95 жилийн ойн өдөр тохиож байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай энэ өдрийг “эртнээсээ” эрчүүдийн баяр гээд дасчихсан тул юун тэр цэрэг офицерууд хамаа байхгүй бүгдээрээ л тэмдэглэх ёстой гэж бүсгүйчүүд үзнэ.

Нөгөө эрчүүд нь болохоор ганц зуу энэ тэр олдох нь яамай учир дагаад хөөрөгдөж ирсэн хойно ямар зүг байхав, тэмдэглэж л таараа. Бүсгүйчүүдээр тогтохгүй цэрэгжилтийн хичээл гэдгийг ч мэдэхгүй шавилхан банди хүртэл бидний баяр гээд цээж ханхар. Ингээд л хил манаж үзээгүй хөвүүнийг эрд бүү тооц гэдэг эртний үг утга учиргүй болсон юм даа хөөрхий, аль эрт.

За энэ ч яахав, цэрэгт эр хүн болох гэж ямар байдгийг мэдэхэд илүүдэхгүй нэг болсон  явдал байна, сургамжтай л юм. Ингээд өгүүлэхэд бидний цагтаа дарж явсан Японы 80 мянган цэргийн албан хаагч хоёр сарын турш ганц автомат буу хайгаад олохгүй байвал яахав. Нэг тэнэг цэрэг бэлтгэл сургуулилтын үеэр буугаа гээснээр эцэс төгсгөлгүй энэ эрэл эхэлсэн байна. Гэвч цэргийн нууцыг гадагшаа алдчихалгүй асуудлыг зохицуулах гэж хичээсэн цэргийнхэн сүүлдээ бууж өгч уг хэргийг цагдаагийн газар мэдэгджээ. Японд үйлдвэрлэсэн "Хова" маркийн сумгүй автомат винтовыг бүр аравдугаар сарын 12-нд  Сизуока мужийн Хигаси-Фузи дахь цэргийн хээрийн сургуулилтын талбайд явган цэргийн 35-р хороо сургуулилт хийж байх үеэр сандарч тэвдэж явсан нэг албан хаагч гээсэн бөгөөд чухам хаана унагаснаа санахгүй байсан аж.

Хээрийн сургуулилтыг тэр даруй зогсоож бие бүрэлдэхүүн нийтээрээ эрсэн боловч олоогүйгээр барахгүй бүр хоёр сар үргэлжилсэн эрэл болж таарчээ. Цэргийнхэн бүх арга чаргаа барж намагтай газрыг хатааж, хотгор газрыг там, хонхор газрыг дов болтол хайсан боловч олж чадаагүй байна. Сонирхолтой нь 4300 цэрэг мина хайгчаар эрээд ч олоогүй учир хэн нэг нь аваад явсан гэж үзэхэд хүрчээ. Гэвч хэн ч хулгайлаагүй нь тогтоогдсон учраас галт болон хүйтэн зэвсэгт хяналт тавих хууль зөрчсөн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Японд зөвхөн ангийн буу худалдаж авахад маш олон төрлийн бичиг баримт бүрдүүлж, биеийн байцаалт явуулдаг чанд хуультайн дээр эрүүгийн гэмт хэрэгтнүүд хүртэл автомат буу хэрэглэсэн тохиолдол гарч байгаагүй учир алдагдсан бууг олж  авахад онцгой анхаарч байгаа аж. Манайд ийм хэрэг гарсан бол чухам юу болохыг бид өөрсдөө хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа... 1989 оноос тус улсын хуурай замын цэргийн зэвсэглэлд ашиглаж ирсэн "Хова" автомат 92 см урт, 3.5 кг жинтэй, 30 сум ордог дайзтай юм байна.

​Ийм л нэгэн явдал барагтай аавын хүү цэрэгт явж эр болдоггүй харуулж байна даа.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.