М.Ичинноров: Филатова гуайн хийсэн шиг ажлыг бид бүтээж чадаагүй л байна

Twitter Print
2015 оны 03-р сар 12-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

-Г.АЛТАНХҮҮГИЙН ДҮҮ НЬ НАМАЙГ ИНТЕРНЕТИЙН ОРЧИНД ГҮТГЭХ, ДОРОМЖЛОХ, НЭР ТӨРИЙГ МИНЬ ГУТААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХИЙДЭГ

Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх бараан мэдээлэл байнга гарах боллоо. Та хүний эрхийн хуульч. Нийгмийг цочроосон томоохон хэргүүдэд стратегийн өмгөөллийг амжилттай хийж байсан. Энэ утгаараа сүүлийн үед гарч буй онц ноцтой хэргүүдийн талаар юу хэлэх вэ. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл нь юу юм бол?

-Энэ бол далд хэлбэрээр оршин тогтноод даамжирчихсан зүйл. Кофи Аннан хэлсэн байдаг. Дэлхийн гуравдугаар дайн гэр бүл дотор өрнөж байна гэж. Тэгвэл энэ дайн манай улсад биеллээ олоод удаж байна. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлеөлсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй үл эвлэрэх нийгмийн соёл байхгүй болсон. Хүмүүсийн, хөршүүдийн хувиа хичээсэн байдал ч үүнд нөлөөтэй. Бас ядуурал, архидалт, оюуны хоосрол гэх мэт нь нийгмийн энэ сөрөг үзэгдлийн үндэс суурь. Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн бүх давхаргад байна. Хамгийн гол нь хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн болон терийн бус байгууллагын бүх механизм, эрэг шураг зэрэг ажиллаж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийг хамтдаа зогсоох боломжтой юм.

-Энэ асуудлыг хөндөхөөр хууль, эрх зүйн орчинг сайжруулах ёстой гэдэг. Харамсалтай нь удтал ярьж буй энэ асуудал өнөөдрийг хүртэл биеллээ олохгүй байна. Та үүнийг юу гэж харж байна вэ. Яг ямар шалтгаан нөхцлөөс болоод энэ ажил урагшаа явахгүй байгаа юм бол?

-Төр улсад маань гэр бүлийн бодлого алга. Манай улсад Гэр бүлийн яам хэрэгтэй. Сонгуулиас сонгуульд яамдын тоог нэмэх, сайд, дэд сайд, төрийн нарийн гээд нам дагасан олигархи бүлэглэлд бялуу хуваах тухай асуудлыг ярьж, хэрэгтэй хэрэггүй олон яам нэмж байгуулдаг атлаа өнөөг хүртэл Гэр бүлийн яам байгуулсангүй. Мөн гэр бүлийн дагнасан шүүх байхгүй. Тэр ч бүү хэл хүүхдийн асуудал эрхэлдэг цагдаагүй болсноор энэ асуудал замхарсан. Яг үнэндээ төр өөрөө улстөрчдийн тоглоомын түр зуурын засаглалыг хэрэгжүүлдэг болохоос тогтвортой, амар амгалан нийгмийн төлөө бүрэлдэн тоггож, төлөвшиж, өгөхгүй байсаар эцэст нь ард түмэн өөрсдөө өөрчлөлтийг нэхэж босч ирж байна. Чадвартай, сэтгэлтэй, мэргэшсэн хүмүүсээр төр улсын чухал албыг, тухайлбал, шүүх засаглал, хүүхдийн эрхийн байгууллагыг удирдуулах хэрэгтэй. Ер нь нийгмийг угаар нь, үндсээр нь өөрчлөх цаг болсон. Бас эхчүүдийн, эмэгтэйчүүдийн, иргэдийн энэ талын боловсрол, мэдлэг дулимаг тул иргэдийг гэгээрүүлэх, хүчирхэг болгох алхмуудыг хийх хэрэгтэй болсныг амьдрал харуулж байна.     

-Уг нь манайд Хүухдийн эрхийг хамгаалдаг, бас Хүчирхийллийн эсрэг төв ч байдаг. Гэвч хангалтай ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Харин тэд өөрсдийгөө "Бидний ажиллах хууль эрх зүйн орчин хангалтгүй байна" гэж өмөөрөх юм?

-Хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчинг төр бүрдүүлж өгөх үүрэгтэй. Улс төрийн бохир заваан тогтолцоо арилахгүйгээр сайжрахад уцаашралтай. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр байгуулсан хэдэн төв хүүхдүүдийн нэрээр маш том бизнес, корпораци болон тэлж эздэд нь ээлтэй бизнесийн хөшүүрэг болж чадсан байдаг. Тэхэд бидний хэлмэгдүүлээд, хөөгөөд явуулсан Филатова гуай юу хийж үлдээсэн билээ. Одоо бид түүний барьж, байгуулж өгсөн хэдэн юмтай л сууж байна шүү дээ. Тэгсэн атлаа хүүхдийн цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, тоглоомын газруудыг дээрэмдэж дээр нь байшин барьж, зарж баяжаад л... Төрийн сэнтийд он уцаан жил залраад... Хууль эрх зүйн орчинг холоос нэхээд хэрэггүй. Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д "Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн аливаа тохиолдолд төрийн бүх шатны тогтолцоо, хууль, шүүх, орон нутгийн засаг захиргаа хүүхдийн дээд эрх ашгийг хангахын төлеө бүх шийдвэрийг гаргах ёстой" гэж заасан байдаг. Хуулийн энэ амин сүнсний хүрээнд бүхнийг хийхэд болохгүй зүйл үгүй шүү дээ.

-Тэгвэл таны бодлоор Хүчирхийллийн эсрэг хуульд ямар заалтыг илүү тусгаж өгех ёстой юм бол?

-Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад, хүүхдийн эрхийг хамгаалахад зориулсан хууль тогтоомж үндсэн хоёр зорилгыг өөртөө агуулсан байх ёстой. Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт, таслан зогсоох. Энэ хоёр зорилгыг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог үүрэгжүүлэх, хариуцлагатай байлгах мен процедурыг тодорхой болгох ёстой. 2005 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах үүргийг терийн бус байгууллагуудад хамааруулж өгсөн атлаа төрийн хамгаалалтын механизмыг суулгаж өгөөгүй. Мөн тунхагийн шинжтэй, олон зүйл тодорхой бус. Харин шинэ хуулиар боловсрол, эрүүл мэнд, шүүх, цагдаа, орон нуггийн засаг захиргаа,   нийгмийн   халамж   үйлчилгээний тогтолцоог үүрэгжүүлснээс гадна хөршүүдииг мэдээлэл егсөн тохиолдолд нууцыг хадгалах, тэдний эрх ашгийг хамгаалахаар тусгаж өгсөн байгаа юм.

-Хүчирхийлэлд өртсөн хохирогчдод төр бус харин төрийн бус байгууллага туслалцаа үзүүлдэг. Ер нь төрийн үүрэг энэ асуудалд ямар байх ёстой юм бол?

-Таслан зогсоох арга хэмжээг заавал хохирогчийн хүсэлтийг харгалзалгүйгээр төр  хүчирхийлэл үйлдэгчтэй өөрсдөө  тоодцоо бодоод, тэднийг албадан сургах, хохирогчдыг төр өөрөө хамгаалалтадаа авах зэргээр хүчирхэг оролцоо, эрх мэдлийг хэрэгжүүлээд эхэлбэл чухал нөлөө үзүүлдэг. Цагдаа хэний ч зөвшөөрөлгүй хаалгыг нь эвдэж ороод хүчирхийлэл үйлдэгчийг баривчлаад явах, хохирогчийг төрийн хамгаалалтад авах бүрэн эрхтэй. Шүүгч ч гэсэн бусад зрүүгийн болон иргэний эрхийн процедурыг дагахгүйгээр, цаг алдалгүйгээр хүүхэд, эхчүүд болон бусад хохирогчийг тусгаарлан цагдаагийн, шаардлагатай тохиолдодд Тахарын албаны хамгаалалтад өгөх, хүчирхийлэл уйлдэгч этгээд хэдэн метрийн зайнд ч ойртох эрхгүй байхаар эрхийг хязгаарлах, баривчлах шийдвэрийг яаралтай, шаардлагатай бол шөнийн цагаар гаргах түргэвчилсэн үйлдлийг шгаарддаг. Хүчирхийлэл үйлдэгчийг төр үйлдэл дээр нь баривчилдаг, хохирогчийн хүсэл эрмэлзлэлийг \олон тохиолдолд хохирогч өргөдлөө буцааж авдаг учраас\ харгалзахгүйгээр шийтгэл оногдуулдаг систем үйлчлэх ёстой. Ингээд эхлэхээр тэд даврахаа больдог. Шийтгэл нь ч хүмүүнлэг байж болдог. Тухайлбал, зан үйлийг өөрчлөх албадан сургалт, албадан хөдөлмөр эрхлэх гэх мэт.

-Уг нь таны хэлж байгаа шиг төр  чадвал гэр бүлийн хүчирхийлэл  байх. Гэвч энэ механизм бүрдээгүй  талаар энэ асуудлыг хөндөхөөр гэрч хохирогчийг хамгаалах тухай асуудал босдог шүү дээ?

-Уг нь Гэрч, хохирогчийг хамгаалах хууль батлагдсан. Хуульд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл их байгаа. Гэхдээ ийм хууль байна гэдгийг, хэрхэн ашиглахыг энэ хуулийг өдөр бүр хэрэглэдэг шүүгч, прокурор, цагдаа болон хууль сахиулах байгууллагын удирдлага нь бүх нэгждээ системтэй сургалт явуулах, чадавххжуулах ёстой юм. Харамсалтай нь чадаагүй учраас энэ хуулийг сайн чадахгүй байна. Олон улсын эрх зүйн жишгээр бол гэрчийг хамгаалах, хохирогчид туслалцаа үзүүлэх гэсэн чиглэлээр явах ёстой. Гэрчийг хамгаалдаг тусгай хөтөлбөртэй, байх ёстой. Энэ нь хүнд төрлийн авлигал, зохион байгуулалттай, илэрдэггүй хэргийг илрүүлэхийн тулд гэрчийг хамгаалах баталгааг улс өгч байж илрүүлэх, улс орныг хохиролгүй болгохын төлөө тэмцэлд ашигладаг юм, уг нь.

Харин хохирогчийн хувьд цагдаа нь хамгаалалтадаа авдаг, тэдэнд хэрэгтэй байгаа сэтгэл зүй, эд материал, эрүүл мэндийн туслалцааг үзүүлэх ёстой юм билээ. Одоо байгаа хуулиар гэрч, хохирогчийг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газар, Тахарын алба хамгаална гээд Тахарын албанд тусгай нэгж байна гэж заасан байгаа. Хохирогчийг хамгаалах нэгжээ цагдаадаа хамааруулдаг олон улсын жишиг байдаг. Тэдэнд сэтгэл зүйн, эд материалын, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, тэднийг сэргээн босгох, нийгэмшүүлэх бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлыг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээр дамжуулан төр гэрээлэн ажилладаг байх хэрэгтэй юм байна лээ.

-Та Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын   даргаар   томилогдоод багагүй хугацаанд ажилласан. Таны энэ ажил бас л хүний эрхийн төлөө, хүмүүсийн зөрчигдсөн эрхийг хамгаалах шүү дээ. Ингэхэд энэ газрын хамгаалалтад ормоор байна гэж хичнээн хүн хандаж  байсан бэ. Тэдний олонхи нь яг ямар асуудлаас болж эрх нь зөрчигдсөн байсан бэ?

- Энэ шинэ албыг анхнаас нь хөгжүүлэхэд нэмэр тусаа өгсөн. Шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөө бий болгосон. Хохирогчдод сэтгэл зүйн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлэхэд сэтгэл зүрхээ дайчлан ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхэд гээд нийт 30 гаруй хүнд цаг алдалгүй туслалцаа үзүүлсэн. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийг хэрхэн хэрэглэх талаар зарим хууль, хяналтын байгууллагынханд сургалт явуулсан гээд хийсэн зүйл бий. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх таван байгууллагын удирдлага дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, УИХ-ын эмэгтэй гишүүдэд уг хуулийн талаар сургалт явуулах, тэдэнтэй хамтарч Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллах гээд энэ ажилд ороод удаагүй байхдаа л хөөцөлдсөн. Даан ч олон шат дамжлагатай, зөвшөөрөл авч байж хийх ёстой учраас гацаж цаг алдсан. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд тодорхой санхүүжилт хийлгэн хохирогчийг хамгаалах байраар хангахад хамтарч ажиллах гэж хичээсэн ч өөрөөс минь шалтгаалахгүй шалтгаанаар чадаагүй. Үүндээ сэтгэл дундуур байдаг. Мөн хоёр шүүх дээр гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх, шүүх хуралд орохгүйгээр мэдүүлэг өгөх боломжоор хангасан өрөөг бий болгох гэж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төслөө бичиж, гадныхантай холбогдоод байсан юм.

-Уг нь багагүй ажил хийхээр төлөвлөж байсан байна шүү дээ. Тэгээд яагаад гэнэт энэ албанаас чөлөөлөгдөх болов?

-Түр орлон гүйцэтгэгч байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн шүү дээ.

-Уг нь таныг ард түмэн хүний эрхийн хуульч гэж дууддаг. Бас ийм ийм хүмүүс төрийн албанд байвал илүү байхсан гэдэг. Та ажилдаа үлдэх талаар хөөцөлдөөгүй юм уу?

-Үгүй ээ. Д.Дорлигжав сайдтай уулзаж ч амжаагүй. Хайртай охиноо алдаад гуниг зовлонтой нүүр тулаад байхад нь очих зүрх хүрээгүй юм. Ялангуяа хохирогч хамгааллын асуудал ийм хүчтэй яригдаж байгаа энэ үед шинэ сайдад миний мэргэжлийн өмөг түшиг хэрэг болох байсан болов уу гэж боддог. Олон улсын эрх зүйн мэдлэг, хүний эрхийн мэдлэг, хамгийн гол нь хүний эрхийн төлөөх сэтгэл, сэтгэлгээ минь туйлаас хэрэгтэй. Сайд хэрвээ энэ ярилцлагыг уншаад намайг дуудаж уулзвал би баярлана. Хийсэн бүтээсэн, санаачилсан зүйлсээ хэлж ойлгуулах, мөн юу хийхээр төлөвлөж  байснаа ярьж, бас энэ сэдвээр цаашид юу хийж болох талаар санал гээд хэлэх зүйл надад бий. Уг нь би энэ чиглэлээр НҮБ-ын зөвлөх, багш болоод бэлтгэгдсэн хүн шүү дээ, би. Манай хамт олны дунд, мөн надаас үйлчилгээ авч байсан хохирогчид ажлаасаа гарсанд харамсаж байгаа нь харагдсан. Гэхдээ би одоо эрх чөлөөтэй ярьж, сэтгэх, хийх боломжтой байгаадаа нэг талаар талархаж байна. Удирдлага дор маань ажиллаж байсан хэдэн сайхан залуу бий. Тэднийгээ орхиод гарахад л сэтгэл их өвдсөн. Харин энэ байгууллагын удирдлагын хувьд надаас авсан зүйл нь мөнгөөр хэмжигдэхийн аргагүй. Амьдрал баян шүү дээ. Би яаж ч байсан бурхнаас надад өгсөн бас нэгэн сайхан инээмсэглэлээрээ нүүрээ чимээд, толгой дээгүүр, өөртөө итгэлтэй, юу ч болоогүй юм шиг алхчихдаг. (Инээв)

-Сэдвээ бага зэрэг өөрчилье. Ер нь өмгөөлөл хийгээд, хүний эрхийг хамгаалаад явж байхад ямар бэрхшээл тулгардаг вэ. Ганцаардах, бэрхшээх үе байна биз?

-Хамгийн хэцүү нь цөөн тооны хүний хэл ам, хараал зүхэл, буруутгал, шүүлтүүд. Жишээ нь, Г.Алтанхүүгийн дүү охин интернетийн орчинд гүтгэх, нэр төрийг минь гутаах ажлыг зохион байгуулалттайгаар хийдэг. Уг нь энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс нэгнийгээ дэмжээд, хамтраад ажиллах хэрэгтэй байгаа юм. Хамгийн бэрхшээлтэй нь хүний төлөө, төр бүхнийг бүх чадлаараа хийх ёстой гэсэн итгэл үнэмшил маань хайрцлагдсан сэтгэлгээг сөрөн зогсох үе гарахад ганцаардах, мухардах, шантрах үе байдаг. Энэ ажлаас зайгаа аваад өөртөө сэтгэл хангалуун, хэл аманд өртөхгүй  өмнөх зүйлээ хийх сайхан байдаг л даа. Би нэг хэсэг Хувь хүний хөгжлийн институтээ байгуулаад хоёр жилийн хугацаанд хэл амнаас хол, хэвлэл мэдээллээс зайгаа авч, эерэг орчинд, сайхан зүйлс ярьдаг, хийдэг байхад өөрт маань их сайхан байсан. Гэвч мэргэжил маань, энэ  салбарт хийсэн бүтээсэн зүйлс маань эр орны үнэт баялаг, үнэ цэнэ, нийгмийн захиалга байдаг болохоор өөрийн эрхгүй эргээд ордог. Үүнийг надаас өөр хэн хийх билээ гэж бодох үе ч байдаг. Хамгийн гол нь бурхнаас өгөгдөлтэй  нэн чухал нэг бэлэг бий. Тэр бол зүрх сэтгэлд минь гүн бат шингэсэн шударга ёсны мэдрэмж. Энэ л хамгийн том хөдөлгөгч хүч юм даа.

-Та одоо юу хийж байна вэ. Ойрын үед таны хүний эрхийн төлөө, хүчирхийлэл, хүүхдийн эрхийн төлөө дуу хоолой тань улам хүчтэй сонсогдох болсон.

-Олон улсын хүний эрхийн нэгэн байгууллагын салбарыг Монголд нээхээр ажиллаж байна. Мөн “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группийн залуу ээжүүдтэй нэгдэн хүчирхийлэлгүй нийгмийн төлөө дуу хоолой болон ажиллахад нь мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байна. Өөр олон залуусын байгууллага, хөдөлгөө, клубууд өдөр бүр надад хандаж, дэмжлэг туслалцаа хүсч байна. Тэдэнд туслаад завгүй явна. Буянтай үйлс хийж амьдрах сайхан. Тэр болгоноо харин рекламдаж гүйдэггүй ээ. /инээв/

-Танд их баярлалаа. Монгол хүний эрхийн төлөө таны хийж байгаа бүх ажил, үйлсэд тань өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Тоймч Л.Оюунгэрэл 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.