Америк довтолгоо ба Монгол

Twitter Print
2015 оны 03-р сар 12-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Америкийн гадаад бодлогын холын зайн буудал нь Монгол Улс болоод удлаа. Орос, Хятад хоёр их гүрэнд газар зүйн байрлалын хувьд ойртон нөлөөлөх энэхүү аргачлалд нь Монгол Улс юу юунаас илүү түшиц газар болох төдийгүй хөгжихөөр тэмүүлж буй, баялаг ихтэй ядуу орон гэдэг утгаараа давхар хожоог Америкт авчрах учиртай. Чухамдаа нүүгээд явчхаж болдоггүй онцлог байрлал нь Монголыг ийнхүү сонирхох эхний шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй.

Орост өөрчлөн байгуулалт өрнөж, цуурай нь Монголд цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаар өртөөлсөн тэрхүү он жилүүдэд төв Азийг чиглэсэн энэхүү Америк давалгаа эхний нүүдлээ хийсэн гэж хэлж болно. Дэлхий даяар үүнийг Америк довтолгоо хэмээн томьёолох нь бий.

Шаталсан гурван технологиор хийгдэн, алгуур идэвхэждэг эл Америк довтолгоо сүүлийн жилүүдэд илэрхий эрчимжин, манай улс төр, эдийн засагт нөлөөлөхүйц чичиргээ үүсгэх болсон бөгөөд үүнийг Монголд замчилж буй хөдөлгүүр нь Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ын нэр бүхий нөхөд гэдгийг өдгөө олон хүн анхааран хэлэлцэх болсон нь нууц биш.

Цэнхэр гариг даяар эдийн засгийн эрх мэдлийн төлөөх их тэмцэл өрнөж, Америк, Орос, Хятад гэсэн гурван том гүрэн хурдтайгаар өрсөлдөж байна. Нэгэнтээ хазаарлаж чадахаас хэдийнэ өнгөрсөн Хятадын эдийн засгийн хүчирхэг нөлөө, Оросын бие даасан байдалд хамгийн ихээр бухимдаж буй улс бол дэлхийн жандарм хэмээн өөрсдийгөө өргөмжлөөд удсан АНУ гэдэгтэй маргах аргагүй. Тиймээс ч далайд унасан од шиг Монголыг америкжуулах нь өрсөлдөгчийнхөө үүрэнд дөхөх, бөөрөнд наалдах гэмгүй арга юм. Нөгөө талаар мөнөөх хөгжихөөр тэмүүлж буй ядуу буурай хэмээгдэх Монгол Улс эрдэс баялгийн асар их нөөцтэй нь бас нэгэн байгаа оносон шалтгаан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Америк, Монголын харилцааг судалдаг, анхааран шинждэг эрхмүүдийн үзэж байгаагаар нүүдэлчдийн өлгий нутгийг зүглэсэн эл нүүдлийн эхний давалгаа Ардчилсан хэмээх хувьсгалаар эхэлсэн гэлддэг. Оготнын хамраас ч цус гаргалгүй Ардчилсан хувьсгал хийсэн нь, тодруулбал тухайн үед Ж.Батмөнх агсан эгэл бус ухаан зарж, эвлэрлийг эрхэмлэн, Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан явдал энэхүү Америк довтолгоог ингэтлээ сунжрахад хүргэж, Монголчуудад амьсгаа авах боломж өгсөн хэмээн үздэг шинжээчид бий.

Гэвч санаанд оромгүй юм болж, “үхэр Монголчууд” үгэндээ үнэн, үйлсдээ хатуу үлдэж чадав. Ийнхүү Монголд Америк сортын оюун санааны үрийг тарих удаах довтолгоо эхэлсэн бөгөөд ээлжит ялагдлынхаа дараа эрх чөлөөний орныг зорин номын дуу сонссон Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, З.Энхболд, С.Баярцогт нарын залуус энэхүү үзэл санааны үрийг тээн ирсэн гэж хэлж болно. Оюун санаа, сэтгэхүйн Америк сортын үр Монгол хөрсөнд боловсорч соёолтлоо багагүй хугацаа зарцуулсан.

Даруй 20 оныг ардаа орхиж, олон хүний харддагаар санал тоолох хар машины шидээр хамаг эрх мэдлийг эгүүлэн хураасан хэмээн үзэгсэд байдаг.  Юутай ч АН төрийн эрх барьж буй эл он жилүүдэд Монгол дахь Америкийн нөлөө хүчтэй мэдрэгдэж эхэллээ. Тэр тусмаа Хятад, Орос хоёр хөршөөс нь Монголыг хөндийрүүлэх, гуравдагч хөрш хэмээх гудиггүй тодорхойлолт, эрэл хайгуулын дор үрсэлгээ хийхээр тэмүүлэх болсныг анзаарахгүй байх аргагүй. Ямартай ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцсаны дараа АНУ-ын Элчин сайд П.Кэмбэлл хатагтай нэлээдгүй реакцитай ярилцлагыг “Өдрийн сонин” болон “Блүүмбэрг” телевизэд өгч байсныг санахад илүүдэхгүй.

Монгол дахь Америк мөрөөдөл буюу довтолгоо Ч.Сайханбилэгийн Шийдлийн хэмээх Засгийн газрын үед анхаарахгүй байх аргагүйгээр эрчимжсэн гэж хэлж болно. Нөгөө нэг шалтгаан нь Украины зөрчил хурцадсан явдал байлаа. Эдийн засгийн нөлөөлөл болоод хөгжлөөрөө Америкийн давамгайллыг ардаа хаяж, сулруулж буй Хятад бие даасан тусгаар бодлого нь бүс нутгийн хэмжээнд хүчээ авах болсон Орост дөхөн суурьших түшиц газар нь Монгол Улс болон харагдсаныг үгүйсгэх аргагүй.

Энгийнээр бодоход Америк цэргүүд Монголд байрлаад, сургуулилалт хийгээд эхэлбэл В.Путин айхгүй ч гэсэн аягүйцэж, Си Зиньпин уурлахгүй ч гэсэн ярвайх нь тодорхой. Украины зөрчил Америкт суларч буй хүчээ эрчимжүүлэн, тоглолтоо үргэлжлүүлэх шалтаг олгосон гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Алдагдаж буй нөлөөллөө эргүүлэн олж авах шалтаг болсон нь үнэн юм. Тиймээс ч өнөөг хүртэл үзэл бодол, оюун санаагаа Америк давалгаанаас ангид авч үлдэж чадсан Орост дарамт учруулахаар улайрч, Европын холбоог турхиран, эдийн засгийн хориг арга хэмжээ нэрээр дэлхийг хуваах оролдлого хийсэн боловч үүний эсрэг В.Путины нэр хүнд харин ч өссөн байдаг. Тодруулбал дэлхий дахиныг ганцхан Америк гараа далайх төдийд захирах боломжгүй гэдгийг өнгөрсөн өдөр хоногууд сануулсаар жил тойров.

Үүнтэй зэрэгцэн Хятад эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлж, Си Зиньпин Аргентин, Монгол, Орос, Венесуэл зэрэг 30 орчим улсын Төвбанктай своп хэлцэл хийж, нийт 3.1 их наяд юанийг очсон газар бүртээ тараагаад амжив. Үндсэндээ ОУВС-гийнхныг ажилгүй болгосон нь Америкчуудыг болгоомжлоход хүргэж буй юм. Күнзийн сургаалийг даган, дайсныхаа үүрэнд үүрэглэх мэт сэмхэн гэтсээр ирсэн Хятад сүүлийн үед илэрхий шазруун болсон талаар олон улсын судлаачид дуу нэгтэй хэлэх  болсон. Энэ мэтээр Орос, Хятад, Америк гурван том гүрний  дэлхийд ноёлох гэсэн өрсөлдөөн эдүгээ хамгийн оргил үе руүгээ шилжиж буй нь нууц биш.

НАТО өдгөө 300 цэргээ Украинд байрлуулахаар илгээн, АНУ Оросын эсрэг Украинчуудад тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр шийдвэр гаргасан нь үүнийг нотолно. Өөрөөр хэлбэл, дэлхийг хянах гэсэн Америк довтолгоо улайрал болон хувирч, гал зогсоох Минскийн хэлэлцээрийг ч үл тоох хэмжээнд өндрөө авлаа.

Энэ бүхнээс харахад дэлхийн улс орнууд гурван бүлэгт хуваагдсан нь тодорхой байгаа юм. Америк ба Америкийн ардчилал нэртэй нийгмийг хөхүүлэн дэмжиж даган баясаж, Америкийн нөлөөн дор оршиж буй орнууд, Орос зэрэг бие даасан, хараат бус байдлаа хадгалж үлдсэн орнууд, Хятадын тусламж, эдийн засгийн өсөлтөд найдан түшсэн улсууд хэмээн цэсэлж болно.

Эдийн засгийн утгаараа энэ нь дахин өөр хувилбарыг бий болгох бөгөөд Америк болон түүний дагавар орнуудын хоол өгөөш буюу тариалангийн талбай болж үлдсэн ядуу буурай орнууд, эсвэл ээлжит ургац хураалтад хамрагдахаар бэлтгэгдэж  буй Монгол зэрэг орон гэхчлэн нэрлэж болох юм.

Харин ОХУ зэрэг үзэл суртал, оюун санааны тусгаар байдлаа бүрэн авч үлдэхээр тэмцэж буй орон үндсэндээ бараг үгүй. Эдийн засгийн хүчирхэг нүүдлээрээ дамжуулан эрх мэдлийн хүрдийг өөртөө авчрахаар гэтэж буй улс Хятадаас өөр өнөөхөндөө алга. Энэ гурван том гүрэн эгэл дэлхийд нэг шугам дээр багталцахгүй байгаагийн учир энэ. Гэтэл Монголчууд бид хаахна нь явна вэ? Монголыг зүглэсэн хүний эрх, эрх чөлөө, ардчилал хэмээх багтай Америк  довтолгооны хоёр дахь давалгаа Ц.Элбэгдоржийн “Ухаалаг төр...” хэмээх илтгэлээс эхэлсэн мэтээр зарим хүн нотолдог.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эрс идэвхижсэн Америк нөлөө, бизнесийн түншлэл зэрэг халуухан учралаар хөллөсөн Америк маягийн чанга дуу хоолойг мэдрэхгүй байх аргагүй боллоо. Адаглаад л “Монголын ардчиллыг амьд болгох” тухай АНУ-ын профессор Ж.Фишкиний Нийслэлийн удирдлагуудад уншсан лекц, хатагтай П.Кэмбэллийн Ч.Сайханбилэгт өгсөн зөвлөгөөг энд дурдаж болно.

Америкчууд Монголчуудыг ямар байлгахыг хүсэж байгааг нэр бүхий цөөн улстөрчийн хэлдэг үг, хийдэг үйлээс тольдож болох хэмжээнд Америк давалгаа хэт ил тод гэмээр өрнөх болов. Нэг үгээр хэлбэл Монголчууд төрөөсөө эхлээд Америкжиж байна. Энэ нь Монгол Улсад юугаараа ашигтай вэ? Эсвэл зүгээр л Гүрж, Вьетнам, Мексиктэй адил болж үлдэхийн эхлэл үү? Эсвэл зүгээр л “Обамадаж” буй нэг илрэл үү? М.Горбачёвын хэлснээр “Дэлхий хүйтэн дайны ирмэгт тулсан” нь үнэн бол Монгол Улс Америк ах нарыгаа дагаж далдганасаар цэрэг дайны бэлтгэл бааз, түшиц газар болж хувирах уу?

Б.Обама бүтэн жилийн турш В.Путинийг хазаарлах гэж оролдов. В.Путин гэдийх тусмаа рейтинг нь өслөө. Улс төр А.Коэн “ В.Путин Европын болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоог өөрчиллөө. Түүний нэр хүнд АНУ-д өссөөр АНУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгч Саманта Пауэрын таван настай хүү “Орос руу, Путин руу явна” хэмээн ээжийгээ айлгасан бодит явдал өдгөө олон улс оронд биеллээ олж, Францын Ерөнхийлөгч Орост гэнэт айлчлан, Германы Канцлер хатагтай В.Путинийг хүлээн зөвшөөрөн төмөр инээмсэглэлээ хайрлалаа. Унгарын Ерөнхий сайд В.Орбан “АНУ Европыг хүйтэн дайн руу түлхэж байна” хэмээн эгдүүцэн мэдэгдлээ. Товчхондоо бол Америк довтолгооноос бүгд залхжээ. Америк анархизмаас дэлхийн улс орнууд, дэлхийн хэмжээний удирдагчид зугтаж байна. Шүүмжлэн хэлэлцэж, түүнийгээ ил тод илэрхийлж байна. Оросыг Оросоор нь авч үлдэж чадсаных нь төлөө В.Путинийг үнэлэх боллоо.

Сүүлчийн жишээ гэхэд "Б.Немцовын алуурчныг олохыг Оросуудад үүрэгдэж, Б.Обама тэртээ холоос тушаал буулгахад эмээхээсээ илүү элэглэн шоолох нь олонх байв. Үүнээс болж Б.Немцовыг Америк үзэл суртал, давалгааны Орос дахь гол төлөөлөл байсан мэтээр таамаг дэвшүүлэх нь олшров.

Ийм байдалтай Монголчууд нүүр тулахын цагт Америкаас хэн нэг нь гар дохиж, тушаал буулгахыг хүлээгээд суух уу? Хүссэн ч, хүсээгүй ч Америк довтолгоо дэлхий даяар ухрах араандаа шилжихээс аргагүй болов.

Гэтэл Монголчууд бид төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд гуйвшгүй үнэнч байдлаар Америкжсаар л байх уу? Монголыг Монголоор нь үлдээх А. Амарын ухаан тэдэнд байна уу? Ядаж бидэнд өнөөхөндөө үндэсний лидер алга байхад Монголыг хэн Монголоор нь авч үлдэх юм бэ?

Р. Эмүжин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.206.56) 2016-08-14 16:34
      • 0
      • 0

      Chansaatai yum bichsen bna. Bayar hurgie, Emujin!

      Хариулах

    • йыбө

      (202.179.8.174) 2015-03-13 16:11
      • 0
      • 0

      Америкийн эрх ашиг бол ардчилал, тэгш эрх, эрх чөлөө. Орос, Хятадын эрх ашиг гэж юу байдгийг өнгөрсөн түүх хэлнэ.

      Хариулах