Германд нийтийн тээврийн ажилчид 24 цагийн ажил хаялт зарлажээ

Twitter Print
2023 оны 03-р сар 28-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын 2.5 сая ажилчдыг төлөөлдөг Verdi үйлдвэрчний эвлэлийн холбоо, төмөр зам, нийтийн тээврийн 230 мянган ажилчдын төлөөлөл болох EVG үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн даваа гарагт 24 цагийн ажил хаялт зарлажээ.

Европын хамгийн том эдийн засагтай ХБНГУ-д хүнс, эрчим хүчний үнэ нэмэгдэж, инфляцийн төвшин өссөнтэй холбоотойгоор иргэд эрх баригчдаас хөдөлмөрийн хөлсийг нэмэхийг шаардаж байгаа аж.

Ажил олгогчид хөдөлмөрийн хөлсийг ирэх 27 сарын дотор 5 хувиар нэмэгдүүлж, нэг удаадаа 2500 евро олгоё гэсэн санал гаргаад байгаа ч үйлдвэрчний эвлэлүүд инфляцийн төвшин 9.3 хувьд хүрээд байгаа үед цалин хөлсийг хоёр оронтой тоогоор нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Verdi үйлдвэрчний эвлэл цалинг 10.5 хувиар буюу багаар бодож 500 еврогоор нэмэгдүүлэхийг, төмөр зам, нийтийн тээврийн ажилчид цалинг 12 хувиар буюу багадаа 650 еврогоор нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ба иргэд ажлын нөхцөл дордсоор байгаа энэ үед хоосон амлалтууд сонсохоос залхсанаа илэрхийлжээ.

ОХУ Украин руу довтлохоос өмнө ОХУ-ын эрчим хүчний экспортоос өндөр хамааралтай байсан Герман улсад эрчим хүчний үнийн нэмэгдэл хамгийн хүндээр туссан юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар ажил хийх иргэдийн тоо цөөрсөн нь үйлдвэрчний эвлэлүүлэд давуу тал болж өгөх аж.

Ажил хаялтын улмаас Германы Мюнхен, Франкфурт хотууд дахь хамгийн том нисэх онгоцны буудлуудад нийт 380 мянган зорчигчийн нислэг цуцлагджээ.

Төмөр замын ажилчид ажил хаялт зарласантай холбоотойгоор төмөр замын оператор Дойче Бан компани үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

Нийтийн тээврийн ажилчдын ажил хаялтаас болж гацсан иргэд ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа бол ажил олгогчид цалин нэмэгдэх нь нийтийн тээврийн үнэ нэмэгдэхэд хүргэнэ гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.