Өвөрт чинь өндөгөө шахдаг яруу алдарт бүлэглэлүүд...

Twitter Print
2020 оны 05-р сар 18-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Монголд улс төрийн нам гэж байхгүй. Аль эрт байхгүй болсон. Улс төр, бизнесийн нам дамнасан бүлэглэл л гэж бий. Улс төрийн намуудын сүүлчийн буурийг сахин үлдсэн энэ хоёр хүн өөр өөрийнхөө аргаар тогтолцоогоо авч үлдэх гэж хичээж байна.

Хоёр өөр аргаар тэмцэж байгаа боловч тэд нэг л зүйлийн төлөө адилхан хүч үзэж, хүнээ тооцож, хүрээллээ бэхжүүлж буй юм. Хүрэлсүх нэр дэвшигчдээсээ татаас авахгүй гэж мэдэгдсэнээрээ намаа авч үлдэх эрхийг өөртөө хаяглалаа. Эрдэнэ 100 саяын босго тавьснаараа АН-д хилийн дээс татах боломжийг өвөртөө үлдээв. Үүний нөгөө талд улс төрийн нам хэмээгддэг МАН, АН-д хүнээ шургалуулах гэсэн Элбэгдорж, Энхболд, Баттулга нарын бүлэглэл хоорондын тэмцэл бүтэн улсыг ч самрах төвшинд өндрөө авлаа.

Нөгөө оймсдуулдаг Энхбаяр маань Баттулгатай нэгдэж, Баяр, Оджаргал нарын бүлэглэл Электорат нэрээр Зөв хүн эвслийг атгахаар оролдож, Шинэ эвсэлд ч бас хүмүүсээ нөөцөнд зогсоож амжлаа. Орон даяар анхан шатны байгууллагуудаа бэхжүүлсэн АН болон МАН, мөн шинээр төрсөн хүчнүүдэд Элбэгдорж, Энхболд, Баттулга нар аль болох олон хүн шургалуулж байж парламентад ядаж таван хүнээ оруулах боломжтой болно. Таван хүнээ УИХ-д гаргачихсан байхад хор зуурч, хов базаж байгаад арвуулаа, 25-уулаа болоод амжина. Энэ юу гээч? Өндөгөө бусдын үүрэнд орхидог хөхөөний үлгэр шүү дээ. Хөхөө эргэж ирдэггүй бол манай яруу алдарт бүлэглэлүүд өндөг нь УИХ-д сонгогдон шувуу болсны дараа утгаар нь ашиглана. Ургацаа хураана, уутална, шийдвэрийг өөрийнхөө талд гаргуулна, ширээ сандлын дайнд жин дарна, жилээр ноёлно. Тэр өндгийг таних аргагүй, мэддэг нь бол үнэрлээд л үргэнэ.

За ингээд албан ёсоор хэд ч билээ намтай, албан бусаар Элбэгээ, Баттулга, Энхболд, Баяр ба Оджаргалын гэсэн дөрвөн бүлэглэлтэйгээр монголчууд УИХ-ын сонгуулийн өмнө зогсож байна. Энэ хэдээс хамгийн хөрвөх чадвартай нь Энхболд. Элбэгээ рүү ч налж, Баттулгатай ч гар барих күнзийн аргатай. Хамгийн айвал зохих нь Баттулга. Энэ хүн парламентад хэд хэдэн намын нэрээр хэдэн хүүхэлдэй оруулчихвал дээр өгүүлснээр нэг л мэдэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад сууж байдаг 25 тролл УИХ-д шургууллаа л гэсэн үг. Тэр үед ёстой амьтан болгоно доо, Монголын парламентийг. Бүх хуулийг атгана, бүх мөнгийг амтална. Шударга хэлэхэд улс төрийн нам гэдэг ойлголт энэ хүрээд замхарна, ардчилсан гэх тогтолцоо нурна. Хамгийн зальтай нь Элбэгдорж. Хүрэлсүх, Эрдэнэ хоёрын хэнтэй ч гар барьж, хийцгүй хаяж чадна. Эрдэнэ хэдий новш гэгддэг боловч Баттулгын хүмүүсийг нэр давшүүлэхгүй гүрийж, хариуд нь сан хөмрөг барьдаг баруун зүүн гаруудаа баривчлуулж, сошиалаар банздуулаад удлаа.

Гэхдээ л АН-д Баттулгын өмнөөс үг хэлж, үсэртэл алгаддаг сүүлчийн могикан болж сүүдрээсээ ч бусгаж явна. Эрдэнийн босгыг давж чадаагүй Баттулгын хүмүүс аль болох олноороо бие даан нэр дэвшлээ. Харин Хүрэлсүх бүлэглэлийн нөлөөллөөс гарч чадсан, үгүйг нэр дэвшүүлсэн байдлаас нь харж болно. Хэнээс хамаардаг, эсвэл үгүйг нь түүний нэр дэвшигчид харуулаад, хамаатуулаад өгнө. Улс төрийн намуудаасаа бүлэглэл нь томорч, толгой авч, тооно хазайлгах төвшинд ирсний баталгаа нь өнөөдрийн энэ нөхцөл байдал юм. Цаашдаа Монголд нам гэдэг юм жинхэнэ утгаараа оршин тогтнох уу, үгүй юу, эсвэл бүлэглэсэн мафийн гарт бүтэн улсаараа орох уу гэдгийг сонгох сонгууль 2020 оных байх болно.

Одоохондоо аман зэвсэг, үгэн буугаар, сошиал гэдэг талбарт, АН, МАН-ын удирдах зөвлөлийн улаан шугаманд дайтаж байна. Бүлэглэл хоорондын тэмцэл бүүр гаарахаараа Сири болно шүү дээ. Тиймээс тараад ойчих уу, тахимдаад давах уу, өөрсдөө л мэдээрэй дээ хоёр оо...бүлэглэлийнхнийг сонгохгүй байхаа бүрэн эрхийнхээ дагуу ард түмэн минь мэдээсэй дээ ай хө гэж...

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.