Цагийн тооллыг урагшуулах нь олон талын эерэг талтай

Twitter Print
2015 оны 03-р сар 10-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 9-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин өнөөдөр Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлч нарт мэдээлэл өгсөн юм.

Эгийн голын усан цахилгаан станц төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг БНХАУ-ын талд тавьж, хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.

Засгийн газар Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах шийдвэрийг 2013 онд гаргасан. Эгийн голын усан цахилгаан станц нь Төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх, зардал бууруулах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилготой төсөл юм.

Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бөгөөд төслийн нийт өртөг 827 сая ам.доллар гэж тооцоолжээ.

Эгийн голын Усан цахилгаан станц Улаанбаатар хотоос авто замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хутаг өндөр сумын нутагт, Эг-Сэлэнгийн бэлчрээс дээш 2.5 км зайд Эгийн гол дээр барьж байгуулагдана. Суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан үүсэх юм.

Эрдэнэбүрэнд усан цахилгаан станц барина

Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, тус бүс нутгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Ховд гол дээр усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 2015 онд багтаан шинэчлэн боловсруулахад шаардагдах хөрөнгийг 2015 оны төсвийн тухай хуулиар Эрчим хүчний сайдын багцад орсон “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал”-аас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.  Мөн 2016 оны хоёрдугаар улиралд багтаан усан цахилгаан станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төв, 46 сум, 11 багийн төвийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний систем, Дөргөний усан цахилгаан станц болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2013 онд 127.1 сая кВтцаг байснаас нийт хэрэглээний 28.6 хувийгг Дөргөний усан цахилгаан станцаас үйлдвэрлэж, үлдсэнийг ОХУ, БНХАУ-аас импортолж хангасан байна. Сүүлийн жилүүдэд тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-10 гаруй хувиар өсч байна.

Багануурт 700 МВт-ын  хүчин чадалтай  цахилгаан станц баригдана

“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрлөө.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ.

Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан сүлжээнд холбох, төмөр зам, авто зам, бусад барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгалаа.

Автозамын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ

 Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд  2012-2014 онд Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Дорноговь, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг аймгуудын авто замыг барьж, ашиглалтад хүлээн авсан юм. Үлдсэн аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна.

Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Алтай-Дарви чиглэлийн 98 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км, Мандал сум Зүүнхараа чиглэлийн 15,8 км хатуу хучилттай авто зам төслүүдийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Дээрх төслүүдэд зарцуулах мөнгийг концессийн гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу улсын тухайн жилийн төсөвт тусгаж байхыг Сангийн Сайд Ж.Эрдэнэбатад даалгасан байна.

Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн авто замыг 2016 онд ашиглалтад оруулна

Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 оны хоёр дугаар улиралд ашиглалтад оруулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

Төв аймгийн Хөшигтийн хөндийн нисэх буудлын эхний ээлжийг 2016 оны дундуур ашиглалтад оруулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигтийн нисэх буудал чиглэлийн авто замын байдлыг сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах зурвастай, зургаан эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто замын барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн нисэх буудал чиглэлийн зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэнэ.

“Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг ирэх сард зохион байгуулна

“Монголын эдийн засгийн чуулган”-ыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд болох тус чуулга уулзалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна.  Тус чуулганд дунджаар 1000 гаруй төлөөлөгч, 100 гаруй сэтгүүлч сурвалжлагч оролцдог нээлттэй хурал юм. “Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг Итгэлцэл уриан дор хийхээр төлөвлөж байна.  

Цагийн тооллыг нэг цагаар урагшлуулна

Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас  есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байсан нь тодорхой салбарын үйл ажиллагаа, иргэдийн амьдралд үр ач холбогдлоо өгч иржээ. 

Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон  хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2015 оны 2 дугаар сарын 9-11-нд ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт гарын  үсэг зурав. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Японы Парламентийн Зөвлөхүүдийн танхимын даргад бараалхаж, Парламент дахь Монгол Японы Найрамдлын бүлгийн удирдлагууд, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч, Японы гадаад худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч, наротай тус тус уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Номура Шоокен”, “Сүмитомо” корпораци, “Мицүй-Сумитомо банк” зэрэг зэрэг Японы томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих асуудалд онцгой анхаарч, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхий сайдШ.Абэ Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.85 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ танилцуулав. Айлчлалын үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд манай дипломат болон албан паспорттой иргэдийн визээс чөлөөлөхөд Японы Парламентийн нөлөө бүхий гишүүдээс улс төрийн дэмжлэг авч ажиллахаар боллоо.

Худалдааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын худалдааны тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн барихыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Худалдааны бүтэц, төрөл, арга хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг, худалдаан дахь төрийн бус байгууллагын оролцоог хангах, худалдааны бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах уг хуулийн төслийг 11 бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулжээ. Мөн Монгол Улсын худалдааг бүтцийн хувьд гадаад, дотоод болон тусгай дэглэмийн, төрлийн хувьд дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд авч үздэг жишгээр барааны, үйлчилгээний болон оюуны өмчийн гэж тодорхойлсон байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнээс хойш дэлхийн 139 оронтой худалдаа хийж, худалдааны бараа эргэлт 11 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн ч худалдааны эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүйгээс импорт жолоодлогогүй, дотоод худалдаа эмх цэгцгүй явагдах, хүнсний аюулгүй байдал алдагдах, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл гарсаар байгаа. Харин Худалдааны тухай хуулийн төсөл батлагдсанаар гадаад, дотоод худалдааны эрх зүйн нэгдсэн бодлоготой болж, үйл ажиллагааны нэгдмэл байдал хангагдаж, худалдааг дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (103.9.90.228) 2015-03-11 11:03
      • 0
      • 0

      Цаг урагшлуулаад ямар ч эерэг юм байхгүй, харин сөрөг нь их бий. Хийх юмаа олж ядаж дээ, энэ Засаг!

      Хариулах

    • mongolian

      (202.55.191.130) 2015-03-11 07:06
      • 0
      • 0

      umnuh zeelee tulj chadahgui baij ahij zeel avch ideh geed bnuu?

      Хариулах