Боломжийн ядуурал ба Ид шидийн орон

Twitter Print
2019 оны 11-р сар 09-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Саяхан нэг өдөр барилгын хашаанаас гараад худаг руу явж байтал нэг ийм зураглал олж харсан юм.

10 орчим насны болов уу гэмээр жаал хүү гартаа карт шиг нэг юм барьчихсан газар зурна. Ямар нэг зовнил уйтгар нуугдаад байгаа ч юм шиг. Тэгээд бодсон, хэрвээ хотын төвд яг энэ насны хүүхэд хаана тоглож юу хийж байгаа бол гэж ... Ямар нэгэн дугуйланд явж байгаа болов уу? Найзуудтайгаа кино үзэх гээд инээлдэж яваа болов уу? Эсвэл арай том хүүхдүүд нь борооны дараахь мөөг мэт хэдэн арваараа гэнэт гараад ирсэн кофешопуудын аль нэг буланд суучихсан интернэтэд холбогдон дэлхийтэй харьцаж суугаа болов уу ...

Эсвэл ном уншиж суугаа болов уу? ... Харин энэ жаалд ном уншаад суучих булан ч алга, гудмаар дүүрэн архи ууж газар хэвтсэн хүмүүс, сэтгэлээ баясгаад гэрэлд тэмүүлчих юу ч алга, ядаж гудамжны гэрэл ч алга нэмээд бас хүчирхийлэл! Энэ бол өнөөгийн Монгол улсад нүүрлээд байгаа хамгийн том ядуурал буюу боломжийн ядуурал юм. Энэ улсын тал нь амьдардаг нийслэл хотын 80 орчим хувь гэр хороололд амьдардаг. Тэнд хүүхдүүд боломжийн ядууралд амьдарч өсөж торниж байна. Бага зэрэг гэдэс өлсөж болно, арай гундуу хувцастай байж болно.

ГЭХДЭЭ, оюуны харанхуй ангалд амьдарч болохгүй. Хоёр худаг, хоёр писи тоглоом, түнэр харанхуй гудамнууд, баахан архи ууж халамцсан ах эгч үлгэр дууриал. Асуулт ! Яаж бид шинэ үе залуус, оюунлаг гэгээлэг бай ! гэж хэлж байна вэ ? Бүх өнгөтэй өөдтэй гэснээ хотын төвийн хоёрхон км газар багтахгүй болтол нь шамбааралдуулж барьчихаад хөгжил ярих боломжтой юу ? Шилний цаанаас модтой чихэр харуулаад долоо гэж байгаагаас ялгаа юун.

Ид шидийн орон бол гоёмсог байшин биш харин ГЭРЭЛ юм. Тэр гэрэл 24 цаг бүх хүнд харагдахаар асах болно. Хүүхдүүдийн зүрх сэтгэлд итгэл болж асах гэрэл бол ид шидийн орон юм. Тэнд бэлэн талх тараахгүй, харин оюуны талхыг цутгах болно. Хүн сайхан зүйлийг харж мөрөөдөж түүн руу тэмүүлж энэ бүхнээ дагаж өөрчилөгддөг. Та бидний хамтдаа мөрөөдсөн Ид шидийн орон үнэхээр гайхам төв болж сүндэрлэж байна. Та бүхний илгээсэн өгөөмөр тусламжаар мөрөөдөл биелэх зөвхөн цаг хугацаа үйл явцын л асуудал болж хувирсан.

Энэ бяцхан жаалыг дулаахан танхимд суугаад ном уншиж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, дэлхийн боломжийг гэрийнхээ үүднээс хэдхэн гудамны цаанаас авах тэр өдөр хүртэл хамтдаа зүтгэцгээе.

Ч.Ганжавхлан

Ид шидийн орон 2 төсөл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.