Бөөн харуудын дунд ганц цагааны зовлон

Twitter Print
2019 оны 05-р сар 11-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Хүмүүний сүсэг гэдэг аугаа их эрч хүч, итгэл үнэмшил байдаг бол мухар сүсэг гэдэг эргээд тэр их итгэл үнэмшлийг арчин хаях асар бурангуй хүч болдог аж. Бөө мөргөлд тулгуурласан шүтлэгтэй Африкийн омгууд дотор альбинос гэдэг хялман зүстэй нэгнээ бурханы элч мэт шүтэн бишрэхийн зэрэгцээ аз авчирдаг шүтээн гэж үзэн аминд нь хүрдэг “ёс” бас байдаг. Хар тивд хүний хутаг заяа олж төрсөн хялман хүмүүс яг л бөөн хар хэрээний дунд ганц цагаан зүстэй хэрээ байгаа мэт эмзэглэм хувь тавилан туулдаг бол Энэтхэг, Ойрхи Дорнодын арабуудын дунд хүртэл ийм мухар сүсэг амь бөхтэй оршсоор байдаг гэнэ.

Хялман зүстэй хүмүүсийг тэд аз жаргал эд баялаг авчирдаг гэж хэдэн зууны өмнөөс үзсээр ирсэн бол саяхан Танзанид Чарльз Неррос гэгч нэгэн эр чухам ийм шүтлэгийн улмаас бусадтай хамтран эхнэрээ хөнөөж, эд эрхтэн, гар хөлийг нь хуваан авчээ. Хэдэн хүүхэд төрүүлж өгсөн эхнэрээ тэрээр сүх, мачете цавчуураар тасчин хаясан бөгөөд тусгай зан үйлийн дагуу эд эрхтнийг нь хөшиглөн татаж, тэнгисийн давс, тусгай өвс ногоотой хольж багсран авсан гэнэ.

Баяжих гэж санаархсан тэд гэвч цаазаар хороолгох ял авчээ. Харин тус улсад ялын дээд хэмжээ оноохыг 1994 оноос хориглосон учир бүх насаараа хоригдох ялаар сольсон байна. Энэ сэдлийн хэргээр өнөөдөр тус улсад 17 гэмт хэрэгтэн хоригдож байгаа бол сүүлийн 15 жилийн тоо баримтаар тус улсад хялман зүстэй 70 хүн мухар сүсэгийн золиос болжээ. Зарим сурвалжийн мэдээллээр бол Африкийн орнуудын хар зах дээр нэг альбинос негрийн цогцос 75 мянган доллар, зарим мөч нь бүр 60 мянган долларын үнэ хүрдэг байна. Энэ бурангуй ёсыг хориглож дийлэхээ больсон тус улсын ерөнхийлөгч Жакайя Киквете энэ сарын эхээр ард түмэндээ хандаж, шашны энэ мэт зан үйл эцсийн эцэст "үндэсний нэр төрийг  гутааж, бурангуй хэрцгий ёс газар авах үндэс шалтгаан" болж байна гэж тэмдэглэжээ.

Сонирхолтой нь Танзани улс Африкийн бусад бүс нутгуудыг бодвол хялман хүмүүс ихтэй бөгөөд дэлхий дахины дундаж үзүүлэлтээс бүр 15 дахин их байгаа шалтгааныг эрдэмтэд тайлж чадаагүй байгаа аж.

Ангаах ухааны статистик мэдээгээр бол дэлхий дахинд ойролцоогоор хорин мянга тутамд нэг хүн хялман зүстэй төрдөг байна.

Анагаах ухааны хэллэгт альбинизм гэдэг уг генийн гажуудалт, хүний организм меланин ялгаруулах чадваргүй болсоноос үүддэг байна. Энэ пигмент хүний арьс, нүд, үсний өнгөнд чухал хэрэгцээтэй байдаг бол уг пигмент дутагдалтай хүмүүсийн арьс наранд борлодоггүй, хичнээн шарлаа ч гэсэн үл ялиг улайх төдий өнгө суудаг аж. Харин хэт ягаан туяанд тэдгээр хүмүүс илүү их мэдрэмтгий, амархан өвчилдөг учраас халуун орны бүс, тэр дундаа Африкт хүмүүс 30 нас хүрэхээрээ арьсны хорт хавдар өвчнөөр шаналж эхэлдэг аж.

Тэдний зовлон шаналал үүгээр зогсохгүй, бөөгийн шүтлэг болон лалын шашин өргөн дэлгэрсэн Африкийн олонхи орнуудад хялман зүс царайтай төрсөн хүмүүсийг бурханы бэлэг гэж үзэж эрэх чөлөөг нь хязгаарлахын зэрэгцээ ад чөтгөрийн хорлол ч гэж үзэж жигшин гадуурхдаг байна. Тухайбал тэднийг сүнсний ертөнцөөс ирсэн элч гэж үздэг бөгөөд эр, эм хоёр учрах үед нөгөө ертөнцийн сүнс эхийн умайд орон зай олсоноор төрдөг хэмээн үздэг бол нөгөө талаар мөн бүтэн сартай шөнө болон эмэгтэйн сарын тэмдэг ирсэн үед, эсвэл гэгээн цагаан өдөр бэлгийн ажил үйлдсэнээс шалтгаалдаг гэж үздэг аж. Энэ бүхний үндсэн дээр хялман хүмүүс эд баялаг, эрх дарх, аз жаргал авчирдаг гэж Африкийн олонхи бөө үздэг учир тэд омог нэгтэн төрөл садныхаа эрх мэдэл, эд баялагийн төлөө өрсөлдөөний золиос болох аюултай, болсоор ч ирсэн, тэдний яс махаар, өвчин анагаах эм тан, аз авчрах шүтээн, зүүлт чимэг хийсээр ирсэн гэдэг.

Африк тивийн хялман хүүхдүүд сургуульд сурахдаа тун сайн харуул хамгаалалтын дор ордог, учир нь тэд элдэв халдлагын бай болох магадлал өндөр байдаг аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.