Азийн спортын од: М.Ком

Twitter Print
2016 оны 06-р сар 03-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Манай тивийн хамгийн шилдэг эмэгтэй боксын тамирчин

Бидний танил Энэтхэгийн эмэгтэй боксын шигшээ багийн тамирчин М.Ком 2014 оны Азийн наадамд түрүүллээ. Өөрийн нэрийг дэлхийд дуурсгасан М.Ком 2012 онд Улаанбаатар хотод болсон боксын эмэгтэйчүүдийн Азийн аваргын тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан. Тэрээр 1983 оны гуравдугаар сарын 1-нд Манипур хотод төржээ. 17 настайгаасаа боксын спортоор хичээллэн эхэлж 2001 онд анхны томоохон амжилтаа гаргасан аж. Тэр жил АНУ-д дэлхийн аваргын тэмцээн болж М.Ком 45 кг-д Туркийн тамирчинтай шигшээд тоглож ялагдаж байв.

Түүнээс хойш “Анталья 2002”, “Подольск 2005”, “Шинэ Дели 2006”, “Нингбо Сити 2008”, “Бридж Таун 2010” зэрэг таван дэлхийн аваргад дараалан түрүүлжээ. Мөн Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө, Азийн наадмаас 1 алт, 1 хүрэл авсан юм. 2012 онд Улаанбаатар хотод ирэхэд нь түүнтэй уулзаж, таны хамгийн гол зорилго юу вэ гэж асуухад “Тамирчин хүн бүрийн эцсийн зорилго нь Олимпийн аварга болох юм. Эмэгтэй боксын төрөл 2012 оны Лондонгийн Олимпийн хөтөлбөрт анх багтсан болохоор түрүүлэх зорилготой байна” гэсэн аж. Харамсалтай нь М.Ком зуны Олимпийн ХХХ наадмаас хүрэл медаль авсан түүхтэй.

2012 онд Улаанбаатарт болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Мэри Комтой хийсэн ярилцагыг  товчлон хүргэж байна.

-Ази тивийн аваргад дөрөв дэх удаагаа түрүүлсэнд баяр хүргэе?

Баярлалаа.

-Монгол оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Би Монголд анх удаагаа ирлээ. Надад хэлэхдээ их хүйтэн гэж байсан. Харин миний бодож байснаас дулаахан байна. Нийслэл хот нь их тайван, хүмүүс нь найрсаг, надад их таалагдлаа. Дараа ирэх боломж гарвал би заавал ирнэ.

-Энэ удаагийн тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?

Ази тивд эмэгтэй боксын төрөл эрчимтэй хөгжиж байна. Энэ спортыг хөгжүүлж байгаа бүх улсын тамирчид Улаанбаатар хотноо ирсэн. Тийм болохоор надтай тоглосон өрсөлдөгч бүхэн хүнд учраа байлаа. Гэхдээ би Дэлхийн аварга, Азийн аварга гэж ялгаж үзэлгүй тоглолт бүрт ялахын төлөө рингэнд гардаг. Тийм болохоор түрүүлнэ гэдэгтээ мэдээж итгэлтэй байсан.

-Дэлхийн аваргад таван удаа түрүүлсэн. Сэтгэлээс гардаггүй тоглолтоо  хэлэхгүй юу?

Хамгийн сүүлийн дэлхийн аваргад түрүүлсэн мөч санаанаас гардаггүй юм байна. Тэр жил аваргын төлөө Румын улсын боксчинтой тоглоод би хожиж байсан. Бид хоёрын хэн түрүүлж алдаа гарган, тактикаа алдсан нь хожигдох эгзэгтэй мөчид өрсөлдөгчөө буулган авч тав дахь удаагаа дэлхийн аварга болж байлаа.

-2012 оны Лондонгийн Олимпод эмэгтэй боксын төрөл багтлаа. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

Сайхан асуулт байна. Мэдээж тамирчин хүн бүрийн хүсэл нь олимпийн наадамд оролцох. Би ч гэсэн олимпийн их наадамд оролцож аварга болохыг хүсэж байна. Одоо надад түрүүлж үзээгүй ганцхан тэмцээн байгаа нь Олимп. Гэхдээ зарим зүйл дээр сэтгэл дундуур байгаагаа хэлье. Олимпод 51, 57, 64 кг гэсэн гурван жингээр эмэгтэй боксын тамирчинг оролцуулж байгаа. Энэ нь бүх тамирчдын оролцох эрхийг хааж байна. Доод тал нь зургаан жингийн ангилал оруулсан бол илүү олон тамирчин Олимпийн наадамд оролцох байлаа.

-Ирэх тавдугаар сард БНХАУ-ын Чиньдао хотноо болох дэлхийн аваргад хэрхэн бэлдэж байна вэ?

Олимпийн эрх олгох чухал тэмцээн болохоор ямар ч байсан медаль авахын төлөө тоглоно. Дэлхийн аварга бол тивийн аварга биш илүү хүчтэй өрсөлдөгч нар ирэх байх. Ялангуяа Европ, АНУ, Өмнөд Америкийн эмэгтэй боксчид миний гол өрсөлдөгчид юм.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.