Сумоч залуу нас барсантай холбоотойгоор сумо бөхийн холбоо шүүмжлэлд өртжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 30-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Нэг сарын өмнө барилдааны үеэр дэвжээн дээр унаж, эмнэлэгт хүргэгдсэн 28 настай Японы сумоч Хибикирү амьсгалын цочмог дутагдлын улмаас нас барсан талаар Японы Сумо бөхийн холбооноос өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.

Хибикирүг дэвжээн дээр ухаан алдаад унах үед тэнд байсан хүмүүс түүнд тусламж үзүүлэлгүй удсан гэсэн шүүмжлэлд өртөөд байсан ба иргэд Сумо бөхийн холбоо бөхчүүдээ бэртэл гэмтлээс хамгаалж чадахгүй байна гэж эртнээс шүүмжилж ирсэн билээ.

Хибикирүгийн сүүлийн барилдааны бичлэгээс харахад тэрээр дэвжээн дээр толгойгоороо унаж, дэвжээн дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа толгойгоо хөдөлгөж байгаа нь харагдана.

Түүнийг дамнуурган хэвтүүлэн эмнэлэгт хүргэсэн ба тэрээр эмнэлэг рүү явах замд бие нь мэдээ алдаж байгаа тухай хэлж байжээ.

Хибикирүгийн биеийн байдал сайжирч, биеээ хөдөлгөж эхэлсэн ч өнгөрсөн лхагва гарагт түүний биеийн байдал огцом муудаж, нас барсан талаар мэдээлж байна.

Сумоч залууд тохиолдсон харамсалтай явдал Сумо Бөхийн холбоо тамирчдынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаардаг тухай асуудалд иргэдийн анхаарлыг татаж, Сумо бөхийн спортод өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай байгааг тухай олон тооны постууд нийгмийн сүлжээгээр тархжээ.

Хибикирүд тохиолдсон явдал сумогийн дэвжээн дээр гарсан ганц удаагийн тохиолдол биш юм. Өнгөрсөн 1-р сард Шонаннүми нэртэй сумо бөх өрсөлдөгчтэйгөө толгойгоороо мөргөлдсөний улмаас дэвжээн дээр унаж, хэд хэдэн удаа оролдсоны эцэст босч, шүүгчдэд барилдаанаа цааш үргэлжлүүлэх хүсэлтэйгээ хэлжээ.

Энэ бүх үйл явдал болж байх үед шүүгчдээс хэн нь ч түүнийг босоход нь туслаагүй ба барилдааныг цааш үргэлжлүүлсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Японы сумо бөхийн холбоо дүрмээ өөрчилж, шинэчлэх тухай авч үзнэ хэмээн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.