Эмчийн хамгийн чухал үүрэг бол массыг эм уухгүй байх талаар сургах явдал юм

Twitter Print
2020 оны 08-р сар 04-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

ONE OF THE FIRST DUTY OF THE PHYSICIAN IS TO EDUCATE THE MASSES NOT TO TAKE MEDICINE”

"Эмчийн хамгийн чухал үүрэг бол массыг эм уухгүй байх талаар сургах явдал юм"

Эх сурвалж: William Osler et al. Sir William Osler: Aphorisms from His Bedside Teachings and Writings. 1950

Энэ үгийн утга учрыг дахин нэг сануулах шаардлагатай юм болов уу гэж бодоод үүнийг бичиж байгаа юм.

Хүүхдэд ханиадны эсрэг эм? Яагаад бид үүнээс зайлсхийх ёстой вэ?

Тохиолдол: 1 настай хүү. Халуурч, нус гоожиж, ханиалгаж байсан. Ээжийнх нь ярьснаар тэрээр өчигдөр орой 38 хэм хүрч халуурч, хамраас шингэн нус гарч, ханиалгаж байсан. Байдлыг ажиглахад вирусийн шинжтэй боловуу гэхээр байлаа. Зовиур нь удаан үргэлжлэх юм уу эсвэл улам дордох шинж тэмдэг ажиглагдвал дахин эмчид хандаарай гэж хэлье үү гэтэл ээж нь “Ханиалгах нь их төвөгтэй байх шиг байнаа, ямар нэгэн эм өгөхийг хүсэж байна” гэж хэллээ. Бактерийн эсрэг эм өгч болохгүй, гэхдээ ханиалга намдаах эм бол өгч болох уу???

Хүүхдийн ханиадыг эмчлэхэд Choosing Wisely (дор тайлбар бий) дараахь зөвлөмжийг санал болгож байна.

Зөвлөмж: 4-өөс доош бага насны хүүхдүүдийн амьсгалын замын халдварт өвчинд ханиалга намдаах болон ерөнхий ханиадын эм хэрэглэхийг хориглоно. (Америкийн Хүүхдийн Нийгэмлэг)

Зөвлөмжийн нотолгоо болох гол судалгааны өгүүллэг нь: Carr BC. Efficacy, abuse, and toxicity of over-the-counter cough and cold medicines in the pediatric population. Curr Opin Pediatr. 2006 Apr; 18(2):184-8.

Гуурсан хоолойн багтраа гэх мэт архаг өвчний түүхгүй, ерөнхий эрүүл мэнд нь сайн байгаа хүүхдүүдэд амьсгалын дээд замын цочмог халдварын улмаас үүсэх амьсгалын замын зовиур шинж ихэвчлэн хөнгөн, хязгаарлагдмал байх нь элбэг байдаг.
Амьсгалын замын шинж тэмдгийг хөнгөвчлөхөд хэрэглэдэг ерөнхий ханиадны эсрэг эм, гистамины эсрэг эм болон цэр ховхлогч эмүүд нь хүүхдийн ханиалгах шинж тэмдгийг намдаахад плацеботой адил нөлөө үзүүлдэг гэдэг нь тогтоогдсон.
Ханиалга намдаах эм, хамрын үрэвслийн эмийн гаж нөлөөнөөс болж нас баралт болон үлдэц эмгэгт хүргэж буй тохиолдлууд олноор бүртгэгдсэн.

Ялангуяа залуу хүмүүсийн дунд эргэн тойрныхоо хүмүүс болон интернетийн мэдээлэлд итгэн, жоргүй олгодог эмийг хэтрүүлэн хэрэглэх хандлага элбэг байна.

Хүүхдийн эмч нар өвчтөний эцэг эхчүүдэд хандан амьсгалын замын эдгээр шинж тэмдгүүдийн ерөнхий явц болон хүүхдийг шингэн алдалтаас урьдчилан сэргийлэх ач холбогдлыг дамжуулж хэлж өгөх ёстой.

Эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ халууралтаас болж хэт санаа зовних үзэгдэл байдаг бөгөөд үүнийг “халуурах айдас” хэмээн нэрлэх явдал байдаг. АНУ-д хийгдсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 85 хувь нь хүүхдэдээ халуун бууруулах эм өгөхийн тулд унтаж байхад нь нойрноос нь сэрээсэн гэж хариулсан байдаг бол, халуун бууруулах эмийг уулгах зохистой интервалийг харгалзахгүйгээр өгч байсан эцэг эхчүүд ацетаминофений хувьд 14%, ибупрофений хувьд 44% байсан аж (Эх сурвалж: 2001;107:1241-6).

Халуурахын нэгэн адил ханиадны бусад шинж тэмдгүүдийн талаар ч санаа зовж байгаа эцэг эхчүүд бага ч болсон зовиурыг нь хөнгөвчлөх болов уу гэсэн бодлынхоо үүднээс ханиалга дарах болон ерөнхий ханиадны эмийг уулгахаар худалдаж авахыг хүсдэг байна.

Гэсэн хэдий ч эдгээр эмүүд үр дүнгүй, ноцтой гаж нөлөө үзүүлдэг гэсэн мэдээллүүд олноор гарах болсон. 2008 онд АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газар (FDA) нь 2 нас хүрээгүй бага насны хүүхдүүдэд эмчийн жоргүй авч болох (OTC : over the counter), өөрөөр хэлбэл лангуугаар зарагддаг ханиалга намдаах эм, ерөнхий ханиадны эмүүдийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг гаргасан байдаг.

Тайлбар: Choosing Wisely (ухаалаг сонголт гэж орууллаа) гэдэг нь өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээнд шаардлагагүй, үр дүнгүй эсвэл бүр хор нөнөөлтэй байж болох шинжилгээ, эмчилгээг хэрэглэхгүй байхыг зөвлөж буй анагаах ухааны мэргэжлийн нийгэмлэг холбоодын зүгээс хэрэгжүүлж буй компант үйл ажиллагаа юм.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.