Ерөнхийлөгчийн зарласан хаалттай хуралдаан ширүүхэн болжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 10-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхийлөгч өчигдөр төрийн ордны А танхимд гишүүдтэй хаалттай хуралдлаа. Хуралдаа ирдэггүй гэж шүүмжлэл дагуулаад байдаг УИХ-ын гишүүд тус хуралд идэвхитэй оролцжээ. Ерөнхийлөгч уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Бид “Том төрөөс ухаалаг төр рүү” зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнд Намын бүлгүүд болоод УИХ-ын гишүүд, бие даагчид санал бодлоо хуваалцаж, байр сууриа илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Бид тодорхой үйлдэл хийж, түүгээр зогсохгүй ямар ажил хийх, ямар шийдвэр гаргахаа тодорхойлсон учир ажилдаа шууд орох нь зүйтэй” гэлээ. Энэхүү хаалттай хуралдаан нь “Том төрөөс ухаалаг төр рүү“ зөвлөгөөны эргэн тойрон дахь асуудал, санал санаачлагыг хэрхэн бодитой хэрэгжүүлж, үр дүнд хүрэх талаар хэлцэх байсан юм. Түүнчлэн хуралд оролцсон гишүүд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй хуваалцжээ. Хэдийгээр хурал хаалттай үргэлжилсэн ч эх сурвалжийн хэлж буйгаар тус хурал эхэндээ намуухан байсан ч төгсгөл хэсэгтээ ширүүсч, зарим гишүүд хурал дундуур гарч явахааас гадна зарим нь хоорондоо маргалдаад хүртэл амжжээ. Ерөнхийлөгч тэдэнд хандаж, тэвчээртэй суухыг сануулсан гэнэ. УИХ-ын Дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар зарим зүйл дээр санал зөрөлдсөн байна. УИХ-ын Дэд дарга М.Энхболд “Орон нутгийн анхан шатны үйл ажиллагаанд цагдаа, шүүх оролцож, асуудлыг улс төржүүлж байна. Үүнийгээ зогсоох хэрэгтэй” гэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Орон нутгийн засаг захиргааны асуудалд бид оролцоогүй. Тэнд нэр дэвшиж байгаа Дорж, Дулмааг бид мэдэхгүй шүү дээ” гэсэн хариулт өгчээ. 

Ерөнхийлөгчийн гишүүдийг цуглуулсан энэ удаагийн хурал хаалттайн дээр өрнөлийн хувьд нэлээд хүчтэй байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ, “Том төр гэдэг нь авлигажсан төрийг хэлж байна. Тиймээс энэ улс төрд байгаа бохир явдлыг арилгах хэрэгтэй. Түүгээр зогсохгүй гуравхан сая хүнийг намд хувааж сум, дүүрэг хороо багаар нь талцуулдагаа больё. Тиймээс намыг гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. Төр, бизнес хоёрыг салгая. Төр нь бизнесээ татвараар дарамталж, бизнес нь нам, төрөө санхүүжүүлэхээ зогсооё. Намаар талцаж улс төрждөг байдлыг Ерөнхийлөгч та гартаа аваад гишүүнчлэлгүй болгож чадах юм бол таны түүхэн гавъяа болж үлдэнэ шүү" хэмээн хэлжээ.  

Хуралдаан гол чиглэлээсээ хазайж улс оронд өрнөж байгаа олон асуудлаар ярьцгаасан аж. Эдийн засаг муудаж байна. Бонд өр болж хувирлаа. Ашигт малтмалын тухай болоод Алтны тухай хуулийг яаралтай батлахыг сануулжээ. Уулзалтын үеэр эмэгтэй гишүүдийн төлөөлөл ч чамгүй саналыг хэлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвин “Улс төрийн намын тухай хууль”-ийг шинэчилмээр байна. Хэсэг нөхдүүдийн төрөөс мөнгө төгрөг ууж иддэг хэргээс болж, гэмгүй нэг нь хэлс хэрэгт гүтгэгдэж, ууж  иддэгээрээ доромжлуулж орох газаргүй болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ байдал газар авч байна. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд хууль чанга байх ёстойг хэлсэн бол, Д.Оюунхорол гишүүн “Боловсролын багц хууль”-ийг эрх ашгийнхаа төлөө гаргалаа гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр хардуулсан гэж ховлов. Харин Ардын намын төлөөллөөс сонгуулиар гараад ирсэн хүмүүсийг унагах гэж оролдож байгаа явдлаа зогсоохыг хүсэж мөн байнгын хороонд Ардын намын гишүүдийг тэнцүү оруулж өгвөл зүгээр байна гэдэг саналыг хэлсэн нь сэдвээс дэндүү хазайсан хэрэг болсон гэж хэлж болохоор байжээ. Ийнхүү хэдэн цаг үргэлжилсэн хурал хэвлэлийнхэнд хаалтай байсан хэдий ч Ерөнхийлөгч болоод гишүүдийн хувьд нилээд нээлттэй хурал боллоо гэж хэлж болох юм. “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдвийн хүрээнд өрнөсөн хурлын бас нэг зорилго нь манай төрийн механизмд тулгараад байгаа хүнд суртал, намчирхах үзэл, албан тушаалын төлөөх бохир өрсөлдөөн хийгээд авилгалыг халах асуудлыг ч орхигдуулаагүй байна.

Д. Цэнд

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.