"Кубама" буюу Кубын талаархи шинэ бодлого

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны сүүлчээр буюу Зул сарын баярын өмнөхөн олон улсын амьдралд, тодруулбал АНУ-Куба хоорондын хагас зуу гаруй жилийн турш үргэлжилсэн гүнзгий зөрчилт харилцаанд томоохон өөрчлөлт гарч магадгүй гэсэн шинж тэмдэг илэрсэн. Харин хүмүүс баярын уур амьсгалд автаад байсан тул үүнийг төдий л сайн анзаарсангүй гэлтэй. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцалж магадгүй” гэж мэдэгдсэн явдал.

Тэрбээр “өнөөгийн нөхцөл байдал нь орчин үеийн улс төрийн бодлогод огт нийцэхгүй байна” гэсэн бол Кубын удирдагч Рауль Кастро “хоёр орны харилцааг сайжруулах, хоригоо зөөлрүүлэх алхам хийхийг” уриаллаа.

Хоёр орны удирдагчид 45 минутын турш утсаар ярилцсан нь 1959 оноос хойш үзэгдээгүй содон үйл явдал байсан учир үүнийг өнгөрсөн онд дэлхий дахинд болсон онцлох 10 үйл явдлын тоонд оруулахад ч болохоор. Хоёр тал дипломат харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрэхэд нь Ромын пап Франциск маш идэвхтэй зуучилсан байна.

Б.Обама, Р.Кастро хоёрын ингэж харилцан мэдэгдэл хийж, үг хэлээ ололцоё, харилцаагаа сайжруулъя гэх болсны урьдчилсан нөхцөл бол юуны өмнө кубачууд АНУ-ын иргэн Алан Гроссыг сулласан явдал. Энэ хүн тагнуул хийсэн хэргээр Кубын шоронд 15 жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Зарим мэдээллээр бол, кубачууд Америкийн өөр нэгэн иргэнийг мөн сулласан бололтой.  

Хариуд нь Америкийн тал 1998 онд баривчлагдсан “Кубын 5” гэгддэг тагнуулын бүлгийнхний үлдсэн 3-ыг нь суллажээ. Нөгөө хоёр нь 2011 он болон өнгөрсөн онд суллагдсан аж.                                         

Шинэ харилцааны шинж тэмдэг

Гэхдээ Зул сарын баярын өмнөхөн хоёр тал гэв гэнэт л “тагнуулуудаа”солилцоод л харилцаагаа хэвийн болгохоор шийдчихэв үү гэвэл мэдээж үгүй. Харилцаа зөөлрөх шинж тэмдэг бүр 5-6 жилийн өмнөөс улс төрийн ажиглагчдад анзаарагдах болжээ.

Бидний нэрлэдгээр Эрх чөлөөний арал буюу Куба улсыг эдийн засаг, худалдааны талаар хаан боогдуулах бодлогоо эргэн харна гэдгээ Обама бүр 2009 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байжээ.Тухайн онд Америкт амьдарч буй кубачууд эх нутагтаа зорчиход нь тавьж байсан хязгаарлалтыг цуцалж, тэдэнд Куба дахь хамаатан садандаа мөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх, олон удаагийн виз олгох зэргээр уян хатан хандаж эхлэв.

Харилцаагаа зөөлрүүлэхийн тулд Америкийн эрх баригчид цагаачлалын бодлого болон аялал жуулчлалын асуудлыг эхний ээлжинд хөндөн ярих бололтой байна. Учир нь, өнөөдрийг хүртэл Америкийн иргэд Куба зорчих эрхгүй байгаа юм. Хэдийгээр хагас зуун жилийн хориг үйлчилж байгаа ч кубачууд жилдээ 2 сая гаруй жуулчин хүлээн авдаг ажээ. Хэрвээ 315 сая хүн амтай АНУ иргэдээ чөлөөтэй зорчуулдаг болох аваас Кубыг зорих жуулчдын тоо эрс өсөх нь ойлгомжтой. Хэдийгээр зорчихыг хориглож байгаа ч америкчууд гуравдагч орнуудаар дамжин Кубад олноороо очдог бөгөөд Кубын цагаачлалын албаныхан тэдний паспорт дээр штамп дардаггүй гэсэн яриа бий. 

Дашрамд сонирхуулахад, Куба бол хүн амьдрахад хамгийн таатай, зөөлөн дулаан амьсгалтай газар оронд тооцогддог, жуулчдыг асар олноор татах боломжтой улс юм. Жангар туульд дүрсэлсэн шиг “өвөлгүй зунаараа, хаваргүй намраараа, даарах хүйтэнгүй, халах халуунгүй” диваажин гэнэ. Жилийн агаарын дундаж хэм 22-25°C. Агаарын чийгшил 80 хувь, жилд тохиох нартай өдрийн тоо 300 гаруй гэх мэт. Өдгөө Кубын аялал жуулчлалын салбараас олдог орлого нь чихрийн нишингэ, навчин тамхины үйлдвэрлэлээс давж гараад байна.

Харилцааг хэвийн болгох асуудлыг хөндөж тавихад түлхэц  болсон гэх үзэх өөр нэгэн үндэслэл бий.Куба бол анагаах ухаан өндөр хөгжсөн улс бөгөөд сүүлийн саруудад Баруун Африкт дэгдсэн эбола вирустай тэмцэхэд Кубын чадварлаг эмч нар их хувь нэмэр оруулсныг америкчууд өндөр үнэлж байгаа ажээ.

Хатуу бодлогоороо алдаршиж, “харцага шонхор” гэгддэг байсан БНН-ын Жорж Буш Цагаан ордноос явж, Обама засгийн эрхэнд гарах үед Куба төдийгүй бусад олон орон АНУ-ын Кубын талаарх бодлого өөрчлөгдөх нь гэсэн найдлага тавьж байлаа.

Тэр ч бүү хэл, Фидель Кастро энх тайвны Нобелийн шагнал хүртсэн Обамад баяр хүргэж байсан юм.

Обама Ардчилсан намынхантайгаа уулзах үеэрээ “бид ухаалаг байх хэрэгтэй, улс төрийн бодлогоо шинэчлэх ёстой. Намайг дөнгөж төрж байхад Фидель Кастро засгийн эрхэнд гарч байсан. 1961 онд тухайн үедээ цагаа олсон гэгдэж байсан бодлого Интернэтийн эрин үед, хүмүүс чөлөөтэй аялж зорчих болсон энэ цаг үед оновчтой байж чадахгүй” гэсэн утга бүхий зүйл ярьсан байна.

Мэдээж хэрэг америкчууд “Кубад ардчилсан өөрчлөлтүүд гарах ёстой, үүнийг хэрэгжүүлэхэд нь кубачуудад туслана” гэсэн санааг илэрхийлсэн байж таарна. Тэд өнгөрсөн хагас зуун жилийн турш Куба дахь хүний эрхийн асуудлыг байнга хөндсөөр ирсэн.

Хамгийн сүүлийн мэдээгээр бол, хоёр талын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхээсээ өмнө Кубын Засгийн газар 36 тэрс үзэлтнийг сулласан бөгөөд нийтдээ 53 хүнийг суллана гэдгээ амлаад байгаа юм. Энэ амлалтаа биелүүлэх хүртэл хоёр талын харилцааг хэвийн болгох асуудлаар хэлэлцээ хийж болохгүй гэж БНН-ынхан анхааруулсаар байгаа аж.

Харин Кубын удирдагч Рауль Кастро ардчилал, зах зээлтэй холбоогүй “тэс хөндлөн” зүйл ярьж байна. “Цочир эмчилгээ болон хувьчлалыг хийхгүй, үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөх социалист өмч бол бидний хувьд хамгийн гол зүйл. Гадныхан хувьчлал явуул гэж биднийг ятгаж байгаа. Хэрвээ ингэвэл бид социализмын тугаа буулгаад эвхсэнтэй адил зүйл болно” гэж тэрбээр онцлон дурдсан байгаа юм. Тэгэхээр Дорнод Европ болон Монголд 25 жилийн тэртээ хийсэн шиг хувьчлал, үнэ чөлөөлөлт гэх мэтийн эдийн засгийн эрс огцом шинэтгэл /реформ/ Кубад явагдахгүй нь. Олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, ил тод байдал, ардчилсан сонгууль зэргийн тухайд бол бүр ч ярилтгүй нь.

Кубын эрх баригчид пүүс компани байгуулахыг зөвшөөрөх, гадаад паспорт өгөөд наймаанд явуулах, төрийн өмчийг хувьчлах зэрэг далайцтай зүйлийг бус харин үсчин, цайны газар ажиллуулах, зах дээр жаал зугаа наймаа хийх зэргийг иргэддээ зөвшөөрсөн нь эдийн засгийн шинэтгэлийг ор нэрийн төдий зүйл болгосон гэж барууны хэвлэлүүд байнга шүүмжилдэг.

Хоригоос учирсан хохирол
Яг үнэндээ бол америкчуудын авсан хагас зууны хориг, бүслэн хаалт нь ямар ч үр дүнд хүрээгүй, Кастрогийн засаглалыг унагах гэсэн үндсэн зорилгодоо хүрээгүй, ардчилсан улс орныг бий болгоогүй, эсрэгээр Кубын ард түмэн хамаг лай ланчигийг нь үүрсэн билээ.

Ер нь бол, АНУ-ын зүгээс Кубын талаар баримталж буй бүслэн хаах бодлогод дэлхий нийтээрээ дургүйцэн ханддаг. Үүний тод жишээ гэвэл, НҮБ-ын Ерөнхий Ассамблей 22 удаа тогтоол гаргаж, Кубын эсрэг худалдааны хоригоо цуцлахыг АНУ-аас шаардсан боловч америкчууд энэ бүхнийг огтхон ч авч хэлэлцэж байсангүй, хар яриагаар бол “нохой хуцсаны чинээд” ойшоож байгаагүй юм. Хоригийн улмаас кубачууд эдийн засгийн асар их хохирол амсчээ. Энэ тал дээр янз бүрийн тоо бий л дээ. 100 тэрбум, 300 тэрбум, бүр 750 тэрбумын хохирол учирсан гэх мэт. Кубын засгийн газрын үзэж байгаагаар бол, учирсан хохирлын хэмжээг одоогийн үнэ ханшид шилжүүлэн тооцвоос 250 тэрбум доллар болж байгаа аж. Энэ нь хэр том тоо вэ? Бага буурай аль ч улс орны иргэдийн хувьд бол “толгой эргэж, дотор муухайрмаар” их мөнгө л дөө. Жишээлбэл, 11 сая хүн амтай Куба улсын хувьд гэхэд дээрх тоо тус улсын 4-5 жилийн ДНБ-тэй дүйцэхүйц гэнэ.               

Ер нь ямар хориг арга хэмжээ авсан учраас ийм хэмжээний хохирол амсахад хүрэв гэдэг талаар товчхон дурдъя. 1960 онд буюу Ф.Кастро засгийн эрхэнд гарсны дараахан эхний хоригийг тавьсан байна. Кубын коммунист засгийн газар Америкийн компаниудын өмчийг улсын мэдэлд хураан авсны хариуд америкчууд Кубаас сахар худалдан авахаа зогсоосон төдийгүй өөрсдийнх нь үйлдвэрлэсэн автомашиныг кубачууд цэргийн зорилгоор ашиглаж магадгүй гэж хаширлан нийлүүлэхээ больжээ.

Үүний дараа Кастрог түлхэн унагах гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого гарч бүтэлгүйтсэний дараа 1962 онд АНУ-ын зүгээс эдийн засгийн  хориг арга хэмжээг “иж бүрнээр нь” авчээ. Кубаас ямар ч нэр төрлийн барааг импортлохоо зогсоосон бол 1966 оноос эхлэн Америкийн иргэд Эрх чөлөөний аралд очихыг бүрмөсөн хориглов. Хориг арга хэмжээг удаа дараа чангатгаж байсан ба хамгийн сүүлчийнх нь 2003 онд бага Бушийн үед тохиожээ.    

Хагас зуун жил сунжирсан худалдаа, эдийн засгийн хориг арга хэмжээнээс Америкийн бизнес эрхлэгчид залхаж эхлээд байна. Яагаад гэвэл, Европ болон Канадын өрсөлдөгчид нь Кубад бизнесийн үйл ажиллагаа явуулж болоод байхад өөрсдөд нь ийм боломж олгохгүй байгаад ажил хэрэгч америкчууд дуртай байхгүй нь ойлгомжтой.

Нөгөөтэйгүүр, Өмнөд Америкийн орнууд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд нэлээд хүчирхэгжиж буй нь илт ажиглагдаж байгаа. Бразил, Чили, Перу зэрэг байгалийн баялаг ихтэй орнуудын хөгжил үүнийг тод харуулдаг. Тэгэхээр АНУ-ын хувьд Латин Америкийн орнуудтай харилцаагаа хэвийн байлгахын тулд Кубын асуудлыг ямар нэгэн байдлаар шийдсэн байх ёстой гэж улстөрчид болон судлаачид үздэг. 

Тэгээд ч Куба бол Латин Америктаа маш их нэр хүндтэй улс. Гэтэл энэ орныг гутаан доромжилж, дорд үзсэн байдлаар эдийн засгийн хувьд хясан боох, бүслэн хаах бодлогыг америкчууд явуулж байгаа нь Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн орнуудад таалагдахгүй нь мэдээж.

Нөгөөтэйгүүр, кубачууд олон жилийн турш Америкийг сөрөн зогсож байгаа нь Латин Америкт зүүний марксист үзэл баримтлал  бүхий улс төрийн хүчнүүд бэхжин өргөжих, Америкийн эсрэг чиглэсэн тэдний бодлого газар авахад үзэл суртлын хувьд хөрс дэвсгэр нь болж байгаа учраас америкчуудад өөрсдөд нь ч мөн адил ашиггүй юм.

Санаачилгад учрах саад тотгор

Кубатай харилцаагаа хэвийн болгох нь төсөөлж байгаагаас илүү цаг хугацаа шаардана, учир нь Обама мэдэгдэл хийгээд дөнгөж гуравхан долоо хоног болж байхад түүний санаачилгыг шүүмжилж гоочилсон үг яриа олонтоо гарах болов.

Хавана-гийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахын тулд Обама Конгрессоос зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь маш хэцүү. Яагаад гэвэл, БНН-аас сонгогдсон хууль тогтоогчид, мөн ах дүү хоёр Кастрог үзэн яддаг Кубын цагаачдын нийгэмлэг нь Конгресст маш хүчтэй лобби бүлэгтэй болоод байгаа. Тэгээд ч Сенатад куба гаралтай 3 хүн, Төлөөлөгчдийн танхимд 4 гишүүн бий. 

Тэд Флорида муж улсад оршин суудаг куба гаралтай 1 сая 500 мянган хүнийг төлөөлдөг гэж үзэж болно. Вашингтон, Хавана хоёр харилцаагаа сэргээх гэж байгаа тухай мэдээ эдгээр хүмүүсийн бодол санааг хоёрдуулж байгаа аж. Тодруулбал, АНУ-д төрж өссөн залуучуудын хувьд Обамагийн алхмыг дэмжиж байгаа бол 1959 онд Кастрогийн дэглэмээс дайжин Америк руу гарсан хижээл насны хүмүүс үүнд дургүйцэж байна.

Обамагийн санаачилгыг эсэргүүцэж буй нөлөө бүхий улстөрч бол Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер юм. Тэрбээр “ах дүү Кастротой харилцаагаа зөөлрүүлэх бодлого нь Венесуэль, Иран, Умард Солонгосын дарангуйлагчид Обамагийн гэнэн цайлганыг далимдуулан цаашид даврахад өдөөн турхирна” гэсэн утгатай үг хэлсэн байна.  

Ардчилсан намынхны байр суурийг голчлон илэрхийлдэг “Вашингтон Пост” сонинд бичсэнийг үзвэл “Кастрогийн дэглэмийн ирээдүй сүүлийн хэдэн сард тун бүрхэг болж ирсэн. Багахан хэмжээний шинэтгэл хийх гэсэн боловч тэр нь зогсонги байдалд орсны учир гэвээс, Кастрогийн дэглэм ард иргэддээ эдийн засгийн илүү өргөн эрх чөлөө олгохоос “гар татсан” явдал. Үүнээс үүдэн Кубын нийгэмд ихээхэн бухимдал үүсчээ. Дээр нь Кастрогийн дэглэмийг мөнгөөр тэтгэсээр ирсэн нефтиэр баян Венесуэль улсад эдийн засгийн хямрал улам бүр ужгирч байгаа учраас Хаванад байнга өгдөг татаасаа танахаас аргагүйд хүрчээ. Гэтэл унах нь нэгэнт ойлгомжтой болоод байсан яг энэ үед ах дүү хоёр Кастрог түшээд тогтоочихлоо” гэсэн утгаар Обамаг шүүмжилсэн байна. 

Дүгнэлт

Харилцааг хэвийн болгох үйл явц цаашид хэрхэн өрнөх вэ, ямар бодит алхмууд хийгдэх бол гэдэг нь энэ оны 4 дүгээр сард Панам улсад болох Америк тивийн дээд хэмжээний уулзалтын үеэр Обама, Рауль Кастро нар тусгайлан уулзалт хийх үү, хийвэл ямар асуудал хэлэлцэх вэ гэдгээс ихээхэн хамаарах болоод байна.

Харилцаа зөөлрөх эхний шинж тэмдэг бол америкчууд “терроризмыг дэмжигч орнууд”-ын жагсаалтаас Кубыг хасч магадгүй байгаа явдал. Мөн Хавана хотод АНУ-ын Элчин сайдын яам нээгдэнэ. Удахгүй Жон Керри Кубад айлчилж магадгүй юм. Гэх зэргээр улс төр, дипломатын салбарт ахиц дэвшил гарна гэж ажиглагчид үзэж байна.

Хэрвээ Кубын эсрэг хориг цуцлагдваас олон улсын харилцаан дахь зөрчилтэй байдлыг арилгах тал дээр томоохон ахиц гарч харилцааны шинэ элемент бий болно. Ингэснээр зөвхөн Обамагийн  төдийгүй АНУ-ын нэр хүнд олон улсын тавцанд эрс дээшилнэ. Энэ нь Обамагийн хувьд гадаад бодлого, дипломатын талбарт байгуулсан маш том ялалт болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэх юм. 

Б.Адъяахүү

                                                                                   

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.