"Квадрат метрийн залилан"-тай тэмцэнэ

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж байна. Энэ санамж бичиг байгуулагдсанаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилго бүхий ШӨХТГ-ын төлөөлөл манай яамны үндсэн шийдвэр гаргах механизмуудад гишүүнчилж орж ирнэ гэсэн үг. Хамгийн түрүүнд яригддаг барилга хүлээн авах комисст, барилгуудаар хийх шалгалтуудад ялангуяа сайдйн үзлэгийн багт оролцож явах боломж бүрдэж байгаа юм.

Бид механизмын хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар стандартыг хангуулах талаас сайдын үзлэг гэдгийг бий болгож байгаа. Ингэхээр барилгын эхний шатаас эхлээд л хэрэглэгчийг төлөөлдөг байгууллага үгээ хэлээд, хэрэглэгчийн эрх бодитойгоор тусаад явах юм" гэж ярилаа. Мөн барилга баригдаж, хэрэглэгч орон сууцанд орсны дараа хичнээн гомдол гаргаад хохиролоо эргүүлэн төлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг тиймээс бид үүнийг эхнээс нь хянаад явахаар шийдсэн гэдгийг онцлов.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас дараах асуултад хариулт авлаа.

-Барилгын салбарт гардаг зөрчлүүдийг БХБЯ-тай хамтран хянахаар боллоо. Иргэдээс олонх тохиолдолд ямар зөрчил ирдэг вэ?

-ШӨХТГ Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллдаг. Ингэж ажиллахад барилгын салбарт барилгын компаниуд хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартыг мөрдөггүйн улмаас барилгын зураг төсөв, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан гадна тохижилтын ажил, ногоон байгууламжийг зургийн дагуу хийдэггүй. Барилгын метр квадратын хэмжээ үл хөдлөх  хөрөнгийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээнд зааснаас дутах зэрэг зөрчил түгээмэл гардаг. Тиймээс эдгээрийг таслан зогсоох, цаашид давтахгүй байх үүднээс өнөөдөр БХБ-ын сайдтай санамж бичиг байгууллаа.

Танайхаас барилгын шалгалт хийх зэрэгт төлөөлөл оролцохоор болж байна. Харин ШӨХТГ-ын шалгалтад эдний төлөөлөл оролцох уу?

-ШӨХТГ--аас сайдын зөвлөлд төлөөллөө оролцуулахаар болсон. Мөн барилгын тусгай зөвшөөрөл олгох комиссын бүрэлдэхүүнд, барилга баригдсаны дараа хүлээн авах үйл ажиллагаанд оролцохоор болсон. Манайхаас хийж байгаа шалгалтад БХБЯ-аас төлөөлөл оролцуулж, дэмжлэг үзүүлнэ. Өмнө нь хэдхэн тохиолдолд БХБЯ-тай хамтарч шалгалт хийж байсан. Барилгын компани тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад оролцох боломж манайд байгаагүй. Компаниудын шударга өрсөлдөх нөхцлийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар хамтарч ажиллана.

-Одоогийн байдлаар ШӨХТГ-т байрны  м.кв-ын зөрүүтэй холбоотой хэдэн гомдол ирээд байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 900 орчим иргэнээс 70 орчим барилгын компанид холбогдох 3.7 орчим тэрбум төгрөгийн хохиролын хэмжээтэй гомдол ирээд байгаа. Үүнээс улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх зэргээр асуудлыг шийдэж, 1.5 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гэхдээ зөрчил гаргасан компаниуд бүгд бидний дүгнэлтийг хүлээн аваагүй. Улсын байцаагчийн шийдвэрийг үл зөвшөөрч зарим компани шүүхэд хандсан. Дээрх хохирлын 1.5 тэрбум төгрөг нь  Эм Ди Топ, Тайгам Алтай зэрэг гурван компанитай холбоотой. БХБЯ-тай хамтран байгуулсан энэ санамж бичгийн ач холбогдол нь, орон сууцны м.кв-ын хэмжээг улсын комисс хүлээн авахад стандартын дагуу, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тавигдсан, худалдан авах гэрээнд таарч байгаа эсэхийг шалгаад зөрчлийг до бүрд нь арилгуулах боломжтой. Улсын комисс барилга хүлээн авах ажилд манайх оролцох боломжгүй байдаг байсан.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.