Р.Хэмилтон: Миний бие их хол замыг туулжээ, тиймээс одоо энд хүрээд зогсоё

Twitter Print
2015 оны 03-р сар 05-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

2003-2004 оны улиралд “Лос Анжелес Лэйкерс” багт Ш.О’Нил, К.Брайант, К.Мэлоун, Г.Пэйтон зэрэг шилдгүүд цуглаж, аварга болох зорилготой тоглсон. “Нуурууд” тойргийн тоглолтыг төвөггүй давж, плей-оффт бүх өрсөлдөгчөө хожсон. Бүсийн аваргын төлөө К.Гарнетт, С.Касейл, Л.Спервел тэргүүтэй “Миннесота Тимбер Уолвез”-ийг 4-1-ээр буулган авч байлаа. Харин аваргын төлөө дорнод бүсээс гарч ирсэн “Детройт Пистонс”-ийн муу залуустай учраа таарч, гутамшигтайгаар ялагдал хүлээсэн юм. Бүгд л агуу “Лэйкерс”, домогт хослолуудыг төвөггүй аварга болно бодож байв. Гэтэл 2004 оны “Детройт Пистонс” үнэхээр шилдэг нь байж өрсөлдөгчөө 4-1-ээр хожсон. Тухайн үед “Моторын баг”-т хоёр Уоллес, Т.Пирнц, Ч.Биллапсаас гадна Р.Хэмилтон гараанд гарч байлаа.

Зодог тайлахаасаа өмнө аваргын бөгж зүүсэн шилдэг тоглогчдын нэг Р.Хэмилтон 1999 оны драфтын эхний бүсийн долоо дахь сонголтоор нийслэлийн багт ирж байсан. Тэндээ гурван улирал тоглож 2002 онд Детройт хотод ирсэн. Есөн жил “Мотор Сити”-гийн төлөө тоглохдоо 2004 онд NBA-ийн аварга, 2006, 2007, 2008 онд гурван удаа “Бүх оддын тоглолт”-ын гишүүнээр сонгогдсон шилдэг холбогч байлаа. Харин “Муу залуусын хамгийн үлгэр жишээ нь байсан” Р.Хэмилтон албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хамгийн сүүлд 2011-2013 оны улиралд “Чикаго Буллз”-ын бүрэлдэхүүнд тоглосон. Түүнээс хойш чөлөөт агент болоод байв.

Зодог тайлах хэвлэлийн бага хурал дээр Р.Хэмилтон хэлэхдээ “Өнгөрсөн жил гэртээ сайхан амарсан. Үүний дараа шинэ улиралд бэлтгэж, аварга авах боломжтой багт ирнэ гэж бодож байсан. Гэвч хөлнийхөө бэртлийг сэдрээж дахин талбай дээр гарах боломжгүй боллоо. Би нэг өглөө толинд өөрийгөө хараад цаг нь болжээ, миний бие их хол замыг тууллаа. Тиймээс одоо энд хүрээд зогсоё гэж өөртөө хэлсэн” хэмээн 16 жилийн мэргэжлийн сагсан бөмбөгчний замналдаа цэг тавьлаа.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.