Ф. Кишида Их-7-гийн чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөржүүлнэ гэв

Twitter Print
2023 оны 04-р сар 17-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт сонгуулийн кампанит ажлаар Вакаямад олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан Японы Ерөнхий сайд Фүмио Кишида руу утаат тэсрэх бөмбөг шидсэн хэрэг явдал гарсантай холбоотойгоор Японы Ерөнхий сайд ирэх 5-р сард Хирошимад болох "Их-7"-гийн чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөржүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Тэрээр өнгөрсөн ням гарагт сэтгүүлчдэд, "Олон улсын төрийн дээд албан тушаалтнууд зочлох үеэр Япон улсын зүгээс аюулгүй байдлын тал дээр гаргах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэх нь зүйтэй." хэмээн, сонгуулийн кампанит ажлын үеэр ноцтой гэмт үйлдэл гаргасан нь өршөөж боломгүй явдал гэдгийг онцолжээ.

Цагдаа нарын мэдээлснээр Ерөнхий сайд руу утаат бөмбөг шидсэн этгээд нь 24 настай Рюжи Кимүра гэгч байсан аж. Хэрэг гарах үеэр Ерөнхий сайд Фүмио Кишидаг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн ба тэрээр уг явдлын дараа өөр нэг арга хэмжээнд оролцох үеэрээ ард иргэдээсээ төвөг удсан явдалдаа уучлалт хүсжээ.

NHK сувгаар цацагдсан бичлэгээс цагдаа нар сэжигтнийг даран унагаж, Ф. Кишидаг үг хэлэхийг нь сонсохоор цугларсан байсан иргэд хэргийн газраас холдон зугтаж байгааг харж болох юм.

Цагдаа нар сэжигтнийг баривчлах үеэр тэрээр биедээ хутга болон өөр нэг тэсрэх төхөөрөмжтэй байсан хэмээн Киодо агентлаг мэдээлжээ.

Япон улсад зэвсэгт халдлага гарах нь ховор хэдий ч өнгөрсөн жил Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудан хөнөөсөн явдалтай холбоотойгоор улстөрчдийн аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж эхэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.