IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт: Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн боксчин болно

Twitter Print
2019 оны 06-р сар 06-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Сонирхогчдын боксын “Лондон-2012” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Нямбаярын Төгсцогт эх орондоо ирээд байгаа хугацаандаа өмнөх болсон тулаан болох дараагийн хийх тулааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр IBO холбооны дэлхийн аваргын бүсийг зүүсэн.

Тэгвэл одоо түүний дараагийн өрсөлдөгч бол WBC-ийн дэлхийн аваргын бүсний эзэн Гарри Рассель юм. WBC нь мэргэжлийн боксын хамгийн том холбоо. Энэ холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа Гарри Рассель сүүлийн 2-3 сарын хугацаанд бэртэл гэмтэлтэй гэдэг шалтгаанаар тулаан хийх нь тодорхой бус байгаа аж.

Харин Гарри Рассель King Tug хочит Н.Төгсцогттой тулалдахыг зөвшөөрвөл ирэх 9-р сард энэ тулаан болно. Хэрвээ тэрбээр манай боксчинтой тулалдахыг зөвшөөрөхгүй бол ирэх 8-р сарын 03-нд Н.Төгсцогт өөр боксчинтой WBC дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанаа хийх юм байна.

Гарри Рассель Төгсцогттой тулалдахаас татгалзвал WBC холбооноос түүний аваргын бүсийг шууд хурааж аваад ранкаараа Төгсөөгийн доор байгаа боксчинтой тулалдах юм.

Тамирчдын хувьд хамгийн гол дайсан бол хэлж ирдэггүй бэртэл гэмтэл байдаг. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын өндөр чансаа оноотой боксчидтой тулалддаг байсан.

Тэрбээр өнгөрсөн 2017 онд хүнд бэртэл гэмтэл авчээ. Н.Төгсцогтын хувьд WBC аваргын төлөөх бүсний тулааныхаа бэлтгэлдээ жигдэрч ороогүй байгаа бөгөөд тун удахгүй бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж эхэлнэ гэлээ. АНУ-д мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьсан монголын анхны ширэн бээлийтэн тэрбээр 7 хоногийн бүх л өдөр бэлтгэлээ хийдэг, зөвхөн ням гарагт л амардаг ажээ.

Н.Төгсцогт хэлэхдээ: Би юуны түрүүнд Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боксчин болох гол зорилготой. Манай улсын хэвлэл мэдээллийнхэн буруу ташаа ойлголттой байдаг байх. Хараад байхад мэргэжлийн боксын талаар бүрэн мэдлэгтэй байж зөв үнэн мэдээлэл ард түмэндээ тарааж түгээхийг хүсэж байна.

Мэргэжлийн бокс бол асар хэцүү, чансаатай өрсөлдөгчид ихтэй. Иймээс тухайн тамирчнаас асар олон цагийн бэлтгэл сургуулилт, зөв менежмент, тууштай хөдөлмөр зүтгэл, зорилготой хичээл, дайчин чанарыг шаарддаг.

Монголынхоо сонирхогчдын боксын спортын олон тамирчдад мэргэжлийн боксын гүүр болж мөн цаашид энэ тал дээр ч туслана гэж байлаа. Түүний гэрээ ирэх жил дуусах бөгөөд 3-4 жилийн хугацаатай гэрээгээ сунгаад мэргэжлийн боксын хүрч болох бүх л шилдгийн шагналыг хүртэж, дэлхийн аваргын бүсийг зүүгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боксчин болоод нутагтаа ирнэ гэлээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.