Хойд Солонгост коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Twitter Print
2020 оны 07-р сар 27-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын Кэсон нэртэй хилийн хотод коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус улсын удирдагч Ким Жон Ун Кэсон хотод онц байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон талаар Солонгосын Мэдээллийн Төв Агентлагаас өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, БНСУ руу 3 жилийн өмнө зугтсан Хойд Солонгосын иргэн хууль бусаар хилийн зурвасыг даван өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост орж ирсэн нь коронавирусын халдвар авсан байсан нь тогтоогджээ. Солонгосын Мэдээллийн Төв Агентлагаас мэдээлснээр тухайн иргэний амьсгалын замын эрхтнүүд болон цусанд хийсэн шинжилгээний үр дүн коронавирусын халдвар байж болзошгүй гэж гарсан ба эрх баригчид тухайн иргэнийг тусгаарлаж, түүнтэй хавьтсан байж болох иргэдийг олж илрүүлэх арга хэмжээ авахад хүрсэн гэнэ.

Өнгөрсөн бямба гарагт болсон улс төрийн байнгын хорооны хурал дээр Ким Жон Ун коронавирусын халдварыг хяналтандаа авахын тулд "онц байдлыг хамгийн өндөр түвшинд" хангахыг даалгасан байна. Түүнчлэн тэрээр тухайн иргэн хамгаалалт өндөртэй хилийн зурвасыг давсан явдлыг шалгах үүрэг өгч, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг хатуу шийтгэнэ гэдгийг ч анхааруулжээ. Хойд Солонгосын хувьд коронавирусын цар тахал эхэлснээс хойш хилээ хааж, хэдэн мянган иргэдээ тусгаарлалтанд оруулсан ба тус улсын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгос улс коронавирусын халдвартай амжилттай тэмцэж чадсан хэмээн бахархалтайгаар мэдэгдэж байсан билээ.

Харин олон улсын мэргэжилтнүүд коронавирусын цар тахал эхэлснээс хойш Хойд Солонгост уг вирусын халдварын тохиолдол өнөөг хүртэл илрээгүй гэдэг нь эргэлзээтэй хэмээн онцолсоор байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.