
Австрали, Хятад, Хойд Америк, Өмнөд Африкийн эх газрын ойролцоох далайн ёроолд цэвэр усны асар их нөөц буйг илрүүлснээ Австралийн эрдэмтэд мэдэгджээ. Нөөцийн хэмжээг 500 мянган шоо км гэж таамаглаж байгаа гэнэ. Энэ нь сүүлийн зуун жилд дэлхийн гадаргуу доор буй цэвэр усны нөөцөөс хэдэн зуу дахин их хэмжээ гэж “Nature” сэтгүүлд тэмдэглэсэн байна.
Нефть болон байгалийн хий олборлохоор далайн ёроолд хийсэн эрдэм шинжилгээний өмнөх ажлуудаа эрдэмтэд дахин шинжилсэн ажээ.
Далайн ус гүехэн байхад орсон борооны ус далайн ёроолд нэвчиснээр усны нөөц үүсчээ. Мөсдөлтийн сүүлийн үеийн дараа буюу 20 мянган жилийн өмнө туйлын мөс хайлж, далайг үүсгэснээр усны нөөц далайн ёроолд үлдсэн аж.
Тунамал чулуулгаар хамгаалагдсан усны нөөц нь цэвэр хэвээр үлдсэн гэж эрдэмтэд үзэж байна. Далайн ёроолын усны нөөцийг гарган авах нь өртөг өндөртэйн дээр усыг бохирдуулахгүй байх зэрэг анхаарах зүйл ихээхэн гарна гэж судлаачид анхааруулжээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505