Монголчлох... /Кино шүүмж/

Twitter Print
2021 оны 02-р сар 16-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Муу хийснээс сайн дуурай... Гэхдээ мэдээж сайныг сайн дуурайж байж амжилтад хүрнэ. Бас сайн монголчил.

Хэдэн жилийн өмнө В.Шукшиний "Морин улаагана" туужаар нь манайхан кино хийсэн байсан. Шукшиний Егор ч сураггүй, монгол "Егор" ч байхгүй. Товчхондоо дуурайж чадсангүй. Шукшин хэрвээ амьд байгаад тэр киног нь үзсэн бол найруулагчийн нармай дундуур буулгах байсан биз. Өөрийнх нь араншин тийм юм. Егортойгоо төстэй, түс тас, гүжирмэг, эрс шулуун цагаан, гэвч цаагуураа нэг л нүнжигтэй.

Ингэхэд Орос зан гэж нэг зүйл бий. Оросууд сүүлийн жилүүдэд түүнээ их барьж авч, орчин үежүүлэх гэж оролдоод буй бололтой юм билээ. Шинэ орос үндэстнээ бүтээх гэж буй нь тэр. Оросууд ер нь бүтэлгүй архичин, хурц хэл амтай, хувийн тогтворгүй амьдралтай хэдий ч Шукшиндаа их хайртай. Учир нь түүний уран бүтээлд өнөөх орос мөн чанар онцгой тод, амьд илэрдэг. Өөрийнх нь байгаа төрх байдал, ааш аяг ч тийм. Бүхий л талаараа илэрхийлнэ. Өөрөө "Морин Улаагана"-ыхаа зохиолыг нь бичиж, найруулж, гол дүр Егортоо тоглосон санагдана. Бараг л жүжиглээгүй, байгаагаараа тоглочихсон.

Тэр орос зан нь манай монгол зан гэдэгтэй олон зүйлээрээ төстэй, үнэт зүйл нь ойролцоо. Тиймээс ч манай 1970-1980-аад оны монгол уншигчид В.Шукшинийг сайн мэддэг байв. "Ийм нэгэн залуу"-ийн Иван, "Чоно"-ын хадам эцгийнхээ араас сүх барьж элддэг Иван, дээр дурдсан "Морин Улаагана"-ын Егор, "Миний хэнэггүй ах"-ын Иван гээд энэ олон дүр төрхтэй Ивануудтай танил. Нээрээ ингэхэд Шукшины гол дүрүүд ихэнхдээ Иван юм байна шүү. Жинхэнэ Орос Иванууд. Тэнэг Иван ч оросын нэг тодорхойлолт. Гэхдээ тэнэг атлаа цаагуураа дотуур мэдээтэй. Будилж яваад зөвийг олчихдог.

***

В.Шукшины "Миний хэнэггүй ах" гээд ёстой нэг хэнэггүй гудиггүй сайхан орос эрийн дүр бүхий өгүүллэг бий. Иван аавыгаа нас барлаа гэсэн мэдээ аваад төрөлх тосгондоо ирж, төрсөн ганц чалчаа дүү нь эргүүлээд эргүүлээд тоож өгөхгүй байгаа бүсгүйд сэтгэл татагдана. Валя ч билүү, Галя ч билүү тэр тосгоны орос бүсгүй хөршийнх нь охин. Иваныг тосгоноосоо хол байх хооронд нүд хараа булаасан сайхан бүсгүй болчихож. Харин Иваны дүүг, бас түүний өрсөлдөгч мангар булиа эр хоёрыг тоохгүй атлаа Иваныг ирсэнд шууд л нураад өгнө. Яг л хүлээж байсан юм шиг. Иван төрсөн дүүгийнхээ хайртай бүсгүйд хэдий сэтгэл байвч, дүүгээ өрөвдөнө. Өөрөө ч хэлнэ, "Хүний ганц үнэтэй юмыг булаачихсан юм шиг, эвгүй юм аа" гээд. Тэгээд дүүтэйгээ хамт өвсний саравчиндаа унтаад, өглөө эрт сураггүй алга болчихдог. Тэр хооронд бас зөндөө юм болно.

Эгэл жирийн л амьдрал, гэхдээ нэг тийм сэтгэл сэмлэсэн, итгэл сүвлэсэн амьдрал, хүний мөн чанар, сайхан уужуу дотор. Монгол язгуур мөн чанарт ч тийм зүйлс бий.

Иваныг харин найруулагч Баярсайхан "Явуулын хүн"-дээ үнэхээр монгол гудиггүй сайхан эр лүү хөрвүүлж чаджээ. Бас монгол ахуйруугаа ч чадварлаг буулгажээ. Манайхан уг киног үзээд шуугиад, сэтгэлд хүрлээ, сайхан болжээ гэлцээд байгаа нь бидэнд уг нь байсан, гэхдээ энэ цаг үед их үгүйлэгдээд байгаа өнөөх монгол гудиггүй сайхан эрийн чанарт нь татагдсаных болов уу. Гудиггүй орос Иван гүндүүгүй монгол Сүхээ болоход ямар ч асуудалгүй, үнэмшилтэй, амьд, тод болж. Энэ тэр үзэл сурталтай огтхон ч хамаагүй шүү. Жижигхээн деталийг хүртэл эвтэйхэн монголчилчихсон. Сүхээг тарваганы хавх эргээд явж байхад нь байгал хамгаалагч, цагдаа шиг нөхөр ирнэ. Сүхээ баахан болгоомжилсон аятай. Ярилцсанд Сумын их эмч залуу. "Та нарыг хадахаас нь өмнө тэр нугаас эмийн ургамал түүх гэж явна. Танай хөгшин л зааж өгсөн шүү дээ, үгүй мөн юм мэддэг айхтар хөгшин байсан шүү" гээд... Бас аавынх нь өвчин зовлон ямар байсан тухай ярилцана. Бас олон хүнд өвчтөнтэй тул өөрөө эм тан барих санаатай яваа.

Уг эх зохиол дээрээ бол Иван дүүгийнхээ ажил дээрээс гэрлүүгээ алхаж яваад гөлмөн төмөр ачсан морин тэргэнд дайгддаг ч билүү дээ. Тэрэгчин, зөөвөрчин, төмөрчин шиг тэр нөхөртэй ярихнээ нь тосгоны эмч залуу. Гөлмөн төмрөөр хөргөгч зоорь өөрөө хийчих гээд аваад явж байдаг. Бас аавынх нь өвчний тухай ярина. Нэг тийм хүн ёс мэдрэгддэг.

Тэр Иван дүүтэйгээ хамт багадаа хонодог байсан өвсний саравчиндаа унтдагийг манай найруулагч Сүхээ дүүтэйгээ хамт үхэр тэргэн дээр унтуулж. Гэх мэт... их өвөрмөц, донжийг нь олоод монгол ахуйд хөрвүүлчихэж.

Сүхээгийн дүр их энгүүн, элдэв хэтрүүлэл, маяглал үгүй. Орилоо чарлаа, сүржигнэлгүй. Сүхээгийн дүү, охин, охины аав, шинэхэн төрсөн хүүдээ нэр өгөхөөс болоод эхнэртэйгээ гал авалцтал хэрэлдэн суугаа Сүхээгийн багын найз ч бас. Бүгд л амьд тод сэтгэлд уусам дүрүүд. Орос эх дээрх эгэл жирийн тосгоны хээгүй гүдэс шулуухан орос хүмүүс монголын хөдөө нутгийн эгэл энгүүн сайхан монгол хүмүүсийн дүр болж хувирч чаджээ. Браво. Хөрвүүлж, монголчилж чаджээ. Монгол кинонд эзгүйрчихээд байсан орон зайг олоод буугаад иржээ.

***

Хятад зохиолыг монголчлох гэж оролдсон "Солиот эх" монгол болж чадаагүй юм. Угаасаа хятад хүн, монгол хүн хоёрын хооронд үнэт зүйлийн хувьд эрс ялгаа байдаг. Ямар ч ядарсан муу монгол эр байсан ч ухаан мэдрэл муутай тэнэмэл хүүхнээс хүүхэдтэй болох гэж тэгтлээ зүтгэхгүй. Эх нь ч тэгэхгүй. Тэгээд хүүхдийг нь авчихаад, эхийг нь хөөгөөд явуулчихдаг эх ч гэж байхгүй. Тийм замаар олж авсан үр хүүхдээ хэрхэн яаж өсгөж хайрлах юм бол? Одоо л юу болчихсон юм бэ гэхээс биш, өмнө тийм юм байсангүй. Хэрвээ байх аваас ойр хавийнхан нь пүү паа гэлцээд ёстой сүйд болно. Хавьтаж ойртохоос ч цээрлэнэ. Хаяж нүүгээд алга болно. Учир нь монголчуудын сэтгэлгээ, амьдралыг үнэлэх үнэлэмжинд энэ мэт нь ер байж болшгүй харш явдал. Хятадуудад бол энэ мэт нь бараг хэвийн явдал. Үндэстний сэтгэлгээ, хандлага, үнэт зүйлийн онцлог гэж нэг юм угаасаа байдаг.

***

"Явуулын хүн" уг нь 2017 онд гарч, 2018 онд юм болов уу театруудаар гарчээ. Гэвч үзэгчгүй гээд удалгүй буусан сурагтай. Магад тэр үед "Солиот эх" мэтийн нүд, сэтгэл хуурсануудад нь солиортлоо татагдаж байсан учраас "Явуулын хүн"-ийг тоогоогүй ч байж мэднэ. Харин одоо гэнэт шуугиад шагшиад эхлэв. Үүнд хоёр зүйл анзаарагдана. Манай үзэгчид бас ч гэж голгүй болчихсонгүй. Энэ мэт мөн чанар, хүн ёсыг, амьдралын үнэнийг энгүүн үзүүлсэнийг хүлээж авдаг, мэдэрдэг л юм байна. Эсвэл мэдэрдэг болж. Хоосорсон хөөс, хийрхэл, сүржигнэлээс залхаж, үнэнийг мэдэрч, таашааж, үгүйлээд эхэлсэн ч байж магад.

Удаад нь манай уран бүтээлчид бас эрж хайж буй аж. Хоёр жилийн өмнө монгол киночдын бүтэлгүйтлийн шалтгааны тухай хоёр ч бичсэн. Голгүй, мөн чанаргүй, амин сүнсгүй, гол нь амьд тод сэтгэлд хоногших дүргүй, тухайн үедээ үзэж суухдаа алга ташаад, гараад мартагдах хөөс үзүүлээд байгаа тухай. Яаж сэтгэлийг нь хөдөлгөж хуурах, хошгоруулах вэ гэж эрж хайхаас биш, яаж үнэнийг, мөн чанарыг үзүүлэх вэ гэж эрж хайхаа байчихсан. Гоо зүйн хууль гэж нэг яаж ч болдоггүй хууль байдаг гэдгийг, бас логик гэдгийг тас мартчихсан тухай. Зарим нь талархаж, зарим нь дургүйцэн хүлээн авч байх шиг болсон. /Ер дэлхий нийтийн кино хандлага илүү бодит, натур амьдралыг сонирхоод байна уу даа гэхээр болчихсон. /

Гэтэл энэ "Явуулын хүн" яг л өнөөх мөн чанарыг, сэтгэлийн гоо сайхны тухай өгүүлээд эхэлжээ. Амьд тод дүрүүд харагдаад эхэлжээ.

Бас нэг зүйл нь зохиол. Киноныхонд бичигдээгүй аксиом шахуу нэг хэлц байдаг юм гэсэн. Сайн кино бүтээхэд "нэгдүгээрт, зохиол, хоёрдугаарт зохиол, гуравт бас дахин зохиол" гэж... Шукшины зохиол шүү дээ.

***

Гэхдээ найруулагчид маань бас л энэ цаг үеийн нийтлэг алдааг төсгөлд нь давтав. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв дээ гэдэг шиг л логикгүй, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөхийн тулд дүрийн дотоод мөн чанарт нийцдэггүй юм хийлгэдэг, хэлүүлдэг, "бодож олдог" тийм алдаа.

Юув гэхээр...

Сүхээ маань Солонгост ажиллаж байгаад ирээгүй, харин шоронд байгаад чөлөөгөөр ирсэн болж таарав. /Дүү нь ахдаа аавынхаа бие муудаж буй тухай мэдээг яаж дамжуулсан нь нэг л ойлгомжгүй болчихдог. Утас, чат... юугаар ч бай Солонгост байгаа гэж итгэсэн ахдаа, гэхдээ шоронд байгаа ахдаа яаж ийгээд мэдээ хүргэж чаджээ/... Гэхдээ энд шоронгоос ирсэн нь гол бус, харин түүний Сайнаа охинд, бас дүүдээ хандаж буй хоёр нүүр нь юм.

"Хөдөөгийн цэвэр ичимтгий бус" монгол охин хайраа харамгүй илчилж байхад "Би явуулын хүн. Би чамд хань болохгүй" гэх мэтээр цааргална. Гол нь дүүгийнхээ голын хайртай бүсгүйг аваад суучихаж сэтгэл төвдөхгүй байгаагаа "Дүүгийнхээ үнэ цэнэтэй ганц юмыг нь булаагаад авчихсан мэт" гэж хэлнэ. Уг нь Шукшины эх зохиолд бол яг үүгээрээ байгаа. Иван бол тэгээд л явчихсан, явсан шалтгаан нь дүүгийнхээ сэтгэлийг бодсоных. Тиймээс Иваны дүр илүү тод, ойлгомжтой, жинхэнэ утгаараа чанартай эр хүний дүр харагддаг.

Харин монгол гүндүүгүй эр маань шоронд байгаа тулдаа охины хайрыг хүлээж авч чадахгүй байгаагаа огт өөрөөр буюу дүүгээ бодсондоо татгалзаж буйгаар үзүүлчихсэн нь дүрээ дотроо зөрчилтэй, наанаа хэнэггүй сайхан харагдавч, дотроо бол хулчгар, дүр эсгэдэг хуурамч амьтан болгочихов. Яг хүн нь алга болчихсон, сэтгэлгээ нь хоёрдчихсон орчин үе. Хааччихав, өдий хүртэл сэтгэл зүрхэнд уусаж явсан ухаантай гүндүүгүй Сүхээ маань. Логик гэж нэг яаж ч болдоггүй юм байдаг. Ерөөсөө тэр үгийг хэлүүлэх огтын шаардлагагүй байж, уг нь. Явуулын хүнээрээ л дуусгачихгүй дээ гэж харамсах... Дүрийн мөн чанар, дотоод сэтгэлзүйн хууль гэж нэг юм байдаг. Түүнийг зөрччихвөл дүр үхчихдэг. Харин манай киночид яадаг вэ гэхээр, яавал хүний сэтгэлийг хөдөлгөх вэ гэхдээ тэрхүү хуулийг зөрччихдөг. Тэгээд л дүр няту. Хэрвээ Шукшин хэнэггүй Иваныг нь ийм хоёр нүүртэй болгочихсоныг үзсэн бол бас л тэсэхгүй байсан даа, лавтай.

***

Сүүлийн 30 жилд магадгүй өмнөх 70 жилд бүтээснээсээ хавьгүй олон кино бүтээсэн байх. Гэхдээ сэтгэлд хоногших дүр үлдээсэнгүй. "Тунгалаг Тамир"-ын Итгэлт шиг, "Сэрэлт"-ийн Бумаа шиг, "Өглөө"-гийн Дамиран зайран шиг, эсвэл Сэлэм Тогмид шиг, Амархуурын "Чи л мэддэг шүү дээ" гээд суудаг өвгөн шиг, "Энэ хүүхнүүд үү"-гийн Жамц дарга, "Цогт тайж"-ийн Улаанмалгайт, Гүенбаатар шиг... Сэтгэлд үлдэх, амьдаас амьд тийм дүр бүтээж чадсангүй. Ганц кино ч биш, уран зохиолд ч бид дүр бүтээж чадахаа байсан. Ерөөсөө дүр гэж юу байдгийг ч бараг мартчихаа шахсан шигээ. Дүрийг бүхэл утгаар нь харах чадваргүй болчихсон. Бүр нийгмээрээ тийм болчихсон юм шиг ч санагдана. Илрэл нь улс төрд илүү тод мэдрэгддэг. Хоёрхон жилийн өмнө юу ярьж, үйлдэж суусныг нь таг мартчихаад, яг одоо байгаа дүр төрхөд нь итгэж алга таших. Зөвхөн тухайн агшныхаа мэдрэмжид л итгэх. Өнөөх нэгийг авахдаа, өмнөх авснаа мартчихдаг салан баавгайн үлгэр шиг. Ой санамж 000. Ингэхэд 2 настны ой санамж 15 минут байдаг юм гэсэн. Нийгмээрээ тийм болчихсон болохоор нийгмийнх нь тусгал болсон урлаг ямар нэгэн тод дүрийг бүрэн утгаар нь илэрхийлэх чадваргүй болчихсон, илэрхийлсэн ч хүлээн авах чадваргүй болчихсон юм уу гэмээр бодол төрөх. Тэгээд ойр зуурхан тексттэй, ойр зуурхан мэдрэмжтэй, ойр зуурхан цэцэн мэргэн үгстэй зууралдана. Ойр зуурханд реакцалж орилцгооно.

Уг кино маань овоо сайхан явж явж байснаа төгсгөлд нь ёстой жинхэнэ утгаар нь "монголчилж" орхиж. Гэхдээ аз болоход бид гэнэн юм даа. Одоо алга ташихаас өөр юу хийх вэ дээ. Ташицгаая, ташицгаая.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.