Норвеги Meta компанийг өдрийн 1 сая норвеги кроноор торгоно

Twitter Print
2023 оны 08-р сар 08-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Норвегийн Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах агентлаг болох Datatilsynet энэ сарын 14-нөөс эхлэн Facebook, Instagram зэрэг платформыг эзэмшигч Meta компанийг иргэдийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан хэмээн өдөрт 1 сая норвеги крон буюу 98.5 мянган ам.доллараар торгохоор болжээ.

Өнгөрсөн 7-р сарын 17-ны Политико сонины дугаарт Facebook, Instagram платформууд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зар сурталчилгаа тараахдаа ашигласантай холбоотойгоор Норвегид түр хугацаагаар хаах тухай бичсэн байв.

Тус сонинд бичсэнээр Норвегийн Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах агентлаг Meta компаниас хэрэглэгчдийн хувийн болон байгаа байршил зэргийн мэдээллийг ашиглан зар сурталчилгаа харуулахаа зогсоохыг шаарджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Meta компанийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ энэ сарын 4-ний дотор нотолж харуулах ёстой байсан аж.

Норвегийн Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах агентлаг Meta компани нь Норвеги улсын хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах эрхгүй гэдгийг анхааруулжээ.

Тус агентлагийн олон улсын салбарыг хариуцсан тэргүүн Тобиас Жүдин ирэх даваа гарагаас Meta компанид өдрийн 1 сая норвеги кроны торгууль ноогдуулж эхэлнэ гэдгийг мэдэгджээ. Уг торгуулийг 11-р сарын 3 хүртэл ноогдуулах ба хэрэв Европын Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах зөвлөл Норвегийн Хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах агентлагийн шийдвэрийг зөв гэж үзвэл дээрх торгуулийг үргэлжлүүлэн ноогдуулах аж.

Meta компанийн зүгээс өнгөрсөн 7 хоногт Европын холбооны хэрэглэгчдээс хэрэглэгчдийн Facebook, Instagram платформ дахь хайлт, байршил зэргийг ашиглан зар сурталчилгаа харуулах зөвшөөрөл хүсэж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ч Норвегийн зүгээс энэ нь хангалтгүй хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.