“Амьдралд минь хоёр том осол ул мөрөө үлдээсэн, эхнийх нь автобусны осол, удаах нь Диего”

Twitter Print
2020 оны 09-р сар 16-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Мексикийн домогт зураач Фрида Кало-гийн зургийн үзэсгэлэнг үзлээ. Их хүнд юмаа, зарим зургийг нь харахад нуруугаар хүйт даах юм. Гэхдээ жинхэнэ урлагийн бүтээл гэдэг гуниг зовлон, цөхрөл шимшрэл дундаас л төрдөг гэлцдэг, яг л шалбааган дундаас ургах бадамлянхуа гэдэг шиг л.

Фрида Калогийн аав нь 18 нас хүртэл Баден Баден-д амьдарч байгаад Мексик рүү цагаачилсан герман хүн юм бна. Тиймээс аавынх нь удам судрыг германы түүхчид урагш 16-р зуун хүртэл нь судлаад “жүүдийн угшилтай герман” гэлцдэг нь “эргэлзээтэй” гэж дүгнэсэн гэдэг.

Фрида Кало 6 настайдаа саажилт өвчнөөр өвдөж, баруун хөл нь богиносож нарийссан. Үеийн хүүхдүүд түүгээр нь “модон хөлт” гэж хочилно. 18 настайдаа осолд орж хүнд бэртэн ойр ойрхон олон арван хагалгаанд орж 47 насандаа өөд (1907-1954) болох хүртлээ ихэнхдээ хэвтрийн дэглэм сахих амьдралыг туулсан. Тэр л тэсвэрлэшгүй өвдөлт, өгүүлэхийн эцэсгүй цөхрөл, эр нөхөр алдарт зураач Диего Риверод өгсөн хайр, түүнийх нь удаа дараагийн урвалт, зүрх сэтгэлийн шарх бүхнээ уран бүтээлдээ шингээж өгсөн гэдэг.

Тэрээр, “Амьдралд маань хоёр том осол ул мөрөө үлдээсэн, эхнийх нь автобусны осол, удаах нь Диего” гэж хэлж байжээ. (Фрида Кало-г, нөхрөөсөө хариугаа авахын тулд, нэгэнтээ гэрт нь хоргодож байсан оросын хувьсгалч Лев Троцкийтой амрагийн холбоо үүсгэсэн гэж бичицгээдэг.)

Фрида Кало үндсэрхэг үзэлтэй залуу уран бүтээлчээс, сюрреализмын үндэсний урсгалын 20-р зууны нэрт төлөөлөгч болж нөхөр Диего Ривераас дутахгүй дэлхий даяар алдаршсан. Мөн өөрийнхөө хөрөг зургийг олноор нь бүтээлдээ мөнхөлсөн уран бүтээлч гэгддэг. “Ямагт орондоо хэвтрийн байснаас тийнхүү өөрийгөө зурж ганцаардлаас дайждаг байсан” хэмээсэн нь бий. Өтгөн нийлсэн хөмсөг нь түүний таних тэмдэг юм. Тэрээр мөн, "Би зүүдээ биш бодит амьдралаа л зурсан" гэж хэлсэн байдаг. Фрида Кало-гийн зургуудыг Мексик улсын төр засгаас, “Үндэсний соёлын өв” хэмээж албан ёсоор зарласан ба нийт 100-гаад бүтээлийг нь Мексик улсын хилээр хэзээ ч гаргахгүй байхаар хуульчилсан. Нийт 143 зураг үлдсэнээс дүүгийнх нь болон хувь хүмүүсийн мэдлийн цөөхөн зураг л хилийн гадагш дотогш орж гарч байдаг гэнэ. Мексик улсын засгийн газар дэлхий даяар зөвхөн Германы Баден Баден дахь Kunstmuseum Gehrke-Remund-д л Peplik буюу оргиналь зургуудаас нь хуулбарлах эрх өгсөн юм байна. Эдгээр репликүүдийг заримыг нь зураач өөрөө, заримыг нь мэргэжлийн зураачид хэмжээ болон өнгө будаг байгаа байдлыг нь яг тэр хэвээр нь хуулбарлаж зурдаг гэнэ.

Өргөст тортой хүзүүний зүүлт бүхий энэхүү зургийг одоогийн байдлаар 40 сая америк доллараар даатгуулжээ. Өргөст торон хүзүүний зүүлтнээс нь үхсэн балч шийгнээ шувуухай зүүлттэй буй нь нэг талаар зураачийн хөмсөгтэй адил, нөгөө талаар мексикийн заншлаар энэ нь аз жаргалыг илэрхийлдэг. Зүүн мөрөн дээр нь азгүйдэл үхлийн бэлгэ тэмдэг хар муур, шийгнээ шувуухай руу ширтэж буйгаар буулгасан. Баруун мөрөн дээрээ эр нөхөр Диегогийнхоо бэлэглэсэн жижиг мичийг зуржээ. Үсэн дээр буй хоёр эрвээхэй сэргэн мандалтыг илэрхийлжээ.

Фрида Калогийн аав эцгийнхээ өвлөж үлдээсэн мөнгөөр байшин бариулсан агаад тэнд нь алдарт зураач хүүхэд ахуй насаа өнгөрүүлж хожим нь эр нөхрийн хамт амьдарч ч байсан; тэр нь эдүгээ Мексикийн Casa Azul буюу Фридагийн Цэнхэр байшин хэмээн алдаршиж зочид жуулчдаар ямагт дүүрэн байдаг гэдэг. (Хоёр жилийн өмнө Фрида Кало-г дуурайлгаж америкууд барби хүүхэлдэй хийснийг нь зураачийн зээ дүү нар эсэргүүцэж шүүхдсэнээр Мексик улсад зарж борлуулахыг нь хориглуулжээ.)

Ер нь бол сонгодог уран бүтээлүүдээ (түүхэн барилга болон зураг бүтээл ялгаагүй) тухайн улс яаж хайрлаж хамгаалдаг вэ гэдгийг мэдэрч, манайхан Мексик улсаас суралцмаар юм байна л гэж бодогдож явлаа.

“Үндэс” (Wurzeln, 1943) хэмээх энэ зургийн жинхэнэ эхийг дуучин Мадонна 2007 онд дуудлага худалдаагаар 5,5 сая доллараар худалдаж авсан юм билээ. Фрида Кало ид зурж байх үедээ зарим нэг зургаа (300 юмуу 400 доллараар зарахад гайхаж баярлахуйц) дэндүү бага үнээр борлуулж байсан гэдэг. “Хэдий бие маань өвчин энэлэлд элэгдэж байгаа ч төдийчинээн байгаль руугаа дөхөж буй” хэмээх илэрхийлэл. Дээд бие нь цонх адил нээгдэж усан үзэмний мөчир ургуулж буй бол дэр тохойлдож хэвтсэн бүхий л биеэ амьдралын мод гэж мэдэрч буй байдал.

“Хоёр Фрида” хэмээх энэ зургийг нөхрөөсөө салахын өмнөхөн зурж дуусгажээ; нэг Фрида нь Мексик бүсгүй, нөгөө нь бие сэтгэл зүрх нь шархалсан европ угшилтай Фрида. Хоёуланг нь холбож буй вений судсаар урсаж буй цусыг европ Фрида хавчаараар хавчиж тогтоосон ч цусны дусал дусалсаар., энэ дуслууд цагаан даашинз дээр нь улаан цэцгүүд болон хувирч буй нь. (Салснаасаа жил гаруйн дараа Диего, Фридатай дахин гэрлэсэн байдаг.)

Дорждамдингийн Оюун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.